Сөрөг хүчний шинэчлэгдсэн бүтэц, бүрэлдэхүүн тун удахгүй тодорно. Үүний дараагаар ээлжээ хүлээж байгаа асуудал бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах. Энэ удаад АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх эрхмүүд нэгэнтээ өөрсдийгөө олон нийтэд зарлаад эхэлсэн. Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав , Р.Амаржаргал, Г.Батхүү, Д.Баттулга... нэрс хөвөрч байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тавдугаар сарын эхэнд тодруулна. Тэр хүртэлх хугацаанд намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрмэлзэлтэй гишүүний нэр нэмэгдэж ч магадгүй. Өрсөлдөх нэр дэвшигчид нэмэгдээд байгаагийн цаана АН дахь дотоод тэмцэл үргэлжилж байна
АН-ын дарга С.Эрдэнэ нэгэнтээ “Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би нэрлэхгүй. Намдаа сунгаа явуулж, гишүүдийн хамгийн олон санал авсан хоёр эрхмийг Их хурлын төлөөлөгчдийн саналаар гаргаж ирнэ” гэж мэдэгдэж байсан. Гэвч өнөөдрийн тухайд АН сунгаа явуулах цаг хугацаа байхгүй. Тэгээд ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар сунгаа нэртэй сурталчилгаа явуулах нь хуулиар хориотой. Үүнийг ч АН-ын дарга эртнээс тооцоолсон биз. Тиймээс АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхмийг тодруулах хөзөр шинэ даргын гарт байгаа гэсэн үг.
Шинэчлэл хийн, фракцгүй болж байгаа АН өнөөдөр үйл ажиллагаа, үйлдлээрээ олон нийтэд нэгдмэл, бодлогын улс төрийн хүчин болсноо харуулах тулж ирээд байна, уг нь. Үүнийг АН-ын даргын үг, үйлдлээс эхлээд шинээр бүрдэх Үндэсний бодлогын хорооны үйл ажиллагаагаар баталгаажуулна. Харамсалтай нь АН удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчилсөнөөс бус “уламжлалт” бодлого нь давтагдахаар байна. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах ажиллагаанаас тодхон харж болох нь. Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихээр хөвөрч байгаа нэрс АН-ын бүлэг, фракцуудын төлөөлөл. Өөрөөр хэлбэл, Алтангадас, МоАХ, “Нэг ардчилал”, “Шонхор”-ын төлөөллүүд.
Өнөөдөр АН-д “Шонхор”-ын үе үргэлжилж байгаа. Уг нь анх фракцгүй АН болохоо экс дарга З.Энхболд амлаад хэрэгжүүлж чадаагүй. Үргэлжлүүлээд ажлыг нь хүлээж авсан С.Эрдэнэ дарга нь мөн л давтан хэлж байгаа. Тиймээс ч дээрх Ерөнхийлөгчид нэр дэвшихээр горилогчид санал хуваах, явцын дунд тохироо хийх зорилго агуулсан. Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэлдэхүүн хараахан батлагдаагүй байгаа. Энэ нь зарим тойрог дээр маргаан үүссэнтай холбоотой. Гэхдээ шалтгаан нь мөнөөх л фракцуудын өрсөлдөөнтэй холбоотой. Үндэсний бодлогын хорооны 380 гишүүдээс хэний фракцынхан давуу сонгогдсоноос хамаарч тэдний хүч илүүрхэнэ. Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгууль өрсөлдөгчгүй сонгогдсон тойрог ч байгаа. Тиймээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах асуудал АН-ын даргын баг хэрхэн бүрдэхээс хамаарах асуудал.
Харин шинэ удирдлага, бүтцийн үйл ажиллагааг бусад бүлэг, фракцууд чимээгүй хараад суухгүй, өрсөлдөөнд нэгэнтээ бэлтгээд эхэлжээ. Гаднаа өрсөлдөгч олонтой харагдах энэ ажиллагаанд тодрох ганц хүн нь тодорой аж. Бүүр тодруулбал АН-ын шинэ даргад тамгаа хүлээлгэж өгөөд амарч алжаалаа тайлахаа мэдэгдээд байгаа экс дарга З.Энхболдыг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн таамаглалыг ажиглагчид дэвшүүлээд байгаа.
Юутай ч АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ажиллагаа сунгаагаар бус тохироогоор үргэлжилэх нь ээ.
Н.Энхлэн