Эдийн засгаа эмнэлгээс гаргахаар яарсан Их хурал төсвийн тодотголыг барьж аваад нухаж гарлаа. Ер нь бол бүлэг дээрээ буюу удирдах зөвлөл дээрээ яриад хайрцаглаад хийчихсэн зардал төсвөө одоо хэлэлцэж харагдаж байгаа мэт.
Ужиг арга барилаараа татварын нэмэгдлээр 203.4 тэрбум төгрөгийн орлого олно гэж сайхан хөөсрүүлсэн Сангийн сайдын төсөөлөл нь 50 хувиар уначихаад байгаа бололтой. Үүн дээр татвараар зоригтой оролдож байгаа шигээ нийгмийн халамж, хөрөнгө оруулалт, зэрэг хавтгайрсан мөнгө цацалтыг танах тал дээр энэ засаг үзгээ бага хөдөлгөжээ. Зарлага өссөн гол баганад мэдээж зээлийн хүүгийн төлбөр цохиж яваа. Засгийн газар 2017 онд 1.34 их наяд төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлөх ба энэ нь төсвийн нийт зарлагын 15 хувийг эзэлж байгаа харагдана. Манай сангийн сайд хэрвээ бондын өр өөрийнх нь компанийн өр байсан бол хэзээ ч ийм өндөр хүү төлөх алхам хийхгүй байсан гэдэгтэй санал нийлж байна.
Манай эдийн засгийг эмнэлгээс сувилалд очуулахаар амлаад байгаа ОУВС-гаас орлогыг нэмэгдүүлэхэд зургаа, зарлагыг бууруулахад долоон чиглэл өгчихсөн гээд байдаг. Харин манайхан энэ чиглэлээр тодотголоор хийхдээ төсвийн зарлага 220.7 тэрбум, алдагдал 366 тэрбум төгрөгөөр өсгөсөн байна. Нэмүү өртгийн болон бусад татвараар төсвийн орлого тодорхой хувиар нэмэгдсэн буюу 101.1 тэрбум байна. Гэвч тодотголдоо зарлага нь нэмэгдсэн учраас дээрх тавар төлөгчдийн бүрдүүлсэн орлогын нэмэгдэл төсвийн алдагдалд нь дэм болж чадсангүй.
Яг одоо халуун тогоон дээр тавьчихсан гишүүд наанаа хүрч ядаад байгаа төсвийн тодотголд зарлагаа 220,7 тэрбумаар нэмчихээд байгаа юм. Мөнгөгүй гэр бүл баахан тансаг хувцас брэнд худалдаж авахаар хэтэрсэн их мөнгө зоочихоод түүнийгээ гэр бүлийнхээ ажил хийдэг гишүүдээс шууд татаж авах гэж байгаатай зүйрлэж болохоор.
Ингээд тодотголоор тодрох төсвийн зарлагын өсөлтийг нуруундаа үүрэх болоод буй бизнес эрхлэгчид төрд яг эсрэгээр нь буюу 7 зүйлийн шаардлагыг төсвийн тодотгол дээр тавьчихаад байна.
Төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс нэмэгдүүлэхгүй байх, Төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувь, үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар бууруулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх, Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх, Тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрийн дор зах зээлийн зарчмаар тэгш, шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг болиулах, Онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй байх, Төсвөөс татаас авдаг, алдагдал өндөртэй төрийн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх, Тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо судалгаатай хандаж шийдвэрлэх зэрэг шаардлагуудын гол үзэл санаа нь Төрийн албаныхан өөрсдийнхөө цагаа олоогүй тансаглалыг санхүүжүүлэхийн тулд татвар нэмэх гэж байгаа талаарх асуудал.
Хувийн хэвшилийхний дээрх шаардлага бол зарлагаа өсгөж орлого ярихаасаа илүүтэй бодит бодлогодоо тусгах “бэлэн будаа”-г Сангийн яамныханд хуулахад бэлэн болгоод өгсөн хэрэг. Жийп унахгүй бол бөгсөнд дээр нь юм гарчих гээд байдаг хурган дарга нарын тэжээврийн цэг болсон алдагдал өндөртэй төрийн өмчит компаниудыг татан буулгах бол аль эртнээс яригдсан, судлагдсан бөгөөд үнэндээ Засгийн газрын цэвэр санаачилгын асуудал. Намын сүлжээгээр цэгцлэгдсэн төрийн албан хаагчид тэдгээрийн ширээний араас шиддэг цаас бүрийн ард цохигдож буй мөнгө үр дүнтэй болж хяналт зарцуулалтыг шилэн болгоогүй хэрнээ татвар төлөгчдийн халаасыг нүхэлж суугаа энэ тодотголын ардах эдийн засгийн сөрөг үр дагаврыг үнэндээ Засгийн газар хараагүй царайлаад гүлдийж байна. Эрчүүд нь хамгийн богинохон насалдаг таван орны нэгт жагсчихаад байхад тэднийхээ тэтгэвэрт тогтоолгох насыг жил бүр зургаан сараар ухраах маш хорон заалтыг дотроо дарчихаад байгаа энэ тодотголд аргагүй учир байгаа ч ээрэх юм их байна.
МАН-ын удирдах зөвлөл Сангийн сайдынхаа амбицыг бодсон байж болно. Харин 65-ын бүлэг тэр чигээрээ нүдээ аньж бизнесийнхнийгээ багалзуурдах, тодотголыг бүхлээр нь дэмжиж кноптохгүй байх гэж найдах үлдлээ.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /