УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Шинэ парламентын хаврын анхны чуулган улс төрийн ширүүхэн уур амьсгал дунд нээгдэх төлөвтэй. Нийгэмд хаврын чуулганаар нэн тэргүүн шийдвэрлэх асуудалд хүлээлт, ажиглалт хэдийнэ үүссэн. Дээр нь Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил явагдаад эхэлсэн, эдийн засгийг сэргээхтэй холбоотой ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар энэ оны төсвөө тодотгож, 7 төрлийн татвар нэмэхээр болсон, “Эрдэнэт” үйлдвэрийн 100 хувь төрд авах ажиллагаа үргэлжилж байгаа ч 49 хувийг эзэмшигч хувийн хэвшилтэй хэлэлцээр тохироо хийгдээгүй, өнгөрсөн хугацаанд олон жил илрээгүй төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлсэн ч захиалагч нь тодорхойгүй байгаа шалтгаан нийгмийг эргэлзээнд оруулж байгаа гэх зэрэг улс төр, эдийн засаг, нийгмийн олон зангилаа асуудал нийгмийг эргэлзээнд оруулсан цикл үед хаврын чуулган нээгдэж байна.
Юун түрүүн чуулганы эхэнд 2017 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Энэ удаагийн төсвийн тодотгол ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд боловсруулснаараа онцлогтой. Төсвийн орлого бүрдүүлэх үүднээс 6 төрлийн татварыг нэмэгдүүлэхээс тусгасан тодотголоор нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум зарлага 8,789.8 тэрбум төгрөг, алдагдал 2,774.1 тэрбум төгрөг байх юм билээ. Өөрөөр хэлбэл орлогоосоо давсан зарлагатай байхаар боловсруулагдсан. Засгийн газрынхаа өргөн барьсан татвар нэмж орлогоо бүрдүүлэхийг УИХ дахь үнэмлэхүй олонхи МАН-ын бүлэг дэмжин батлаад явах эсэхийг хэлэлцүүлгийн үеэр харах үлдлээ.
Харин сөрөг хүчин АН-ын хувьд татвар нэмэхээс гадна ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын ч эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдээд байгаа. Өнгөрсөн хугацаанд үүссэн эдийн засгийн хямрал олон улсын зах зээлд зэс, нүүрсний үнэ унасантай холбоотой байсан. Харин Өнөөдөр эдийн засагт эерэг дохио ирж, олон улсын зах зээлд зэс, нүүрсний нь эргээд нэмэгдсэн. Иймээс эдийн засгаа сэргээх үүд нээгдсэн гэж сөрөг хүчин үзэж байна лээ. Тиймээс ч ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд 5.5 тэрбум ам.долларыг бусад орнуудаас зээлэх нь улс орныг өрөнд унагах санаатай үйлдэл гэж тэд үзэж байгаа.
Нөгөөтэйгүүр төсвийн сахилга батыг барих үүднээс татвар нэмж, орлого бүрдүүлэхээр тооцсон хэрнээ төсвийн зардлаасаа танаагүй. Тэр байтугай өөрсдийнхөө зардлыг нэмэгдүүлснийг сөрөг хүчин эсэргүүцэхээ мэдэгдсэн. Тодотголоор төсвийн бүх ерөнхийлөн захирагчийн зардал нэмэгджээ. Тухайлбал, Ерөнхий сайдын төсөв 2.2 тэрбум, ЗГХЭГ-ын төсөв 1.2 тэрбум, ЗТХ-ийн сайд 160 тэрбум, БОАЖ-ын сайд нэг тэрбум гэх мэтээр нэмж тооцсон байна. Гэхдээ зайлшгүй нэмэх шаардлагатай хэсэг байгааг сөрөг хүчин үгүйсгээгүй. Тиймээс дээрх асуудлаар хаврын чуулганы нээлтэд УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтээ танилцуулж, эрх баригчдад шаардлага хүргүүлэх юм билээ.
Энэ удаагийн хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд бүрэн эрхийн хугацаандаа чуулганы нээлтэд оролцон үг хэлэх сүүлийн боломж. Төрийн тэргүүн цаг үеийн нөхцөл байдал тэр дундаа “Эрдэнэт”-ийн асуудлаар өөрийн байр сууриа дахин илэрхийлэх байх. Намрын чуулганы хаалтын үеэр “Эрдэнэт” үйлдвэрийг төр 100 хувь мэдэлдээ авах тогтоол батлахад хуралдаан хүрэлцэн ирж, эсрэг байр сууриа илэрхийлж байсан. Энэ удаад ч өөрийн байр сууриа бататгахаас гадна эрх баригч хүчинд хандаж, шүүмжлэл, захиасаа илгээх биз.
Ер нь нийгэм бухимдалтай байна. Эрх баригчдын хэлснээр ч бус уул уурхайгаас хамааралтай манай орны хувьд олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ нэмэгдэж, эдийн засаг сэргэх дохио нэгэнтээ ирсэн. Гэвч энэ нь иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй, тэр байтугай эрх баригчид нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нөхцөлөөр халхавч хийн ард бидний татварыг нэмэгдүүлэхээр төслөө боловсруулаад байгаа. Атал “Эдийн засгийн хямралтай үед ард түмэн биш төр бүсээ чангалах ёстой”, “чинээлэг дундаж давхрагын бий болгоно” гэх эрх баригч хүчний удирдлагуудын хэлсэн үг, хийж байгаа ажил зөрөөд байна даа. Хаврын чуулганаар ам, ажлын зөрүүгээ цэгцлээрэй, эрх баригчид аа.
Н.Энхлэн