The national interest мэдээллийн төвөөс түүхий эдийн үнээс хамаарч 2030 онд эдийн засаг нь сүйрч болзошгүй Азийн таван орны нэгээр Монгол улс маань нэрлэгдэж, Ц. Нямдорж гишүүн С.Зоригийн аллагагын хэргийн эргэн тойрондох “хувийн” дүгнэлтээ цаг зав гарган мэдэгдэж, Чалкод барьцаалагдсан нүүрсний ордын урьдчилгааны өрийг дуусгасан баатарлаг мэдэгдлүүд Ордноос цуурайтаж, Ерөнхий сайд эмч нартаа талархангаа, 140 ортой амаржих газар, хүүхдийн 160 ортой төрөлжсөн мэргэшлийн төв, эх, хүүхдийн 300 ортой цогц эмнэлгийг мөнгөгүй тул концессоор барихаар шийдсэнээ эрэлхгээр мэдэгдэж байх ахуйд оффшорт дарчихсан 17 тэрбумыг нэхсэн иргэд Чингис ба Сүхбаатарын төв талбай дээр жагсаал хийж байлаа. Индэр дээрх эрээн мяраан уриалагчдыг эс тооцвол дэмжигч болон ажиглагчид нас зүтгэлээрээ жигдэрсэн дунд үеийнхэн ба ахмадууд голдуу байх. Залуучууд “завгүй” бололтой бүгд алга. Баасан гараг тул “паарий” хийх бэлтгэлдээ ороод юун оффшоор ....
Гадаадын хэн нэгний их мөнгө хөрөнгө оруулалт болж ирвэл эргэж гардаггүй буюу “шатдаг” “Homel Mongolia”-гаас минь нэр бүхий 10 хүрэхгүй хүн 17 тэрбумыг гадгаадад гаргаад дарчихжээ. Хөрөнгө мөнгийг нь татаж оруулаад дараа нь хуулиа хөнгөхөөн өөрчлөөд хэдэн ногооныг халааслаад үлддэг маш амархан баяжих ийм замыг яаж өөртөө засч дардан болгож тэд чадав аа. Хөрөнгө оруулагчдыг уул уурхайгаар даллаж, авах завшихын тулд ороо нь орсон ноход мэт ар өврөөс мордох төр баригсад яг юу хийгээд хэдэн хауз дүүрэн хураах ийм их мөнгийг гадагш нь гаргаж чадав аа. Нэгийг нь түлхэж нөгөөг нь татсан хуулийн чимх өөрчлөлт, гэрээний ганц үг өгүүлбэрийн ардах асар алдагдлаар улсаа хохироож хэтэвчээ зузаалжээ гэсэн энгийн гэнэн хардлага л цагаахан ард түмэнд нь байна. Монголын одоогийн бүх бондын болон бусад зээл өрийг тэглэчих мөнгө ногоон болоод хөрвөчихсөн ба татваргүй бүс оффшорт одоо ч “эргэлтгүй” уйдан хэвтэж байна. Энийгээ ядуу байгаа эх орондоо татаж авчраад “эргэлдүүлчихээч” гэж иргэд нь шаарджээ.
Мөнгөний өмнө олон юм өнгөө алддаг гэх боловч Оффшорт оруулсан манай авилгачдын мөнгө өрөнд баригдсан Монголд өнгөт хувьсгалыг дуудах дээрээ тулж иржээ. Ард нь хэн нэгэн давхар мэх хийж ерөнхийлөгчийн сонгуультай холбочихгүй бол шүү дээ.
“Hotel California” дууны үг Монголд бодит биеллээ олжээ гэх утга бүхий нийтлэлийг сэтгүүлч Майкл Кон “Bloomberg –т өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нийтэлсэн байдаг. Энэ таагүй сэтрээсээ салахад одоо бид гадныханд дэндүү их найрсаг байх хэрэгтэй болчихоод байгаа.
Ариун диваажин мэт тайван найрсаг орчин байгаад хар тамхичид, луйварчдын оромж болон дуунд мөнхөрсөн “Hotel California” -ний шинэ мянганы жишээнд Монголоо нэрлүүлж чадсан хэдхэн улс төрч хоёр том ордыг гадныхны хэлэн дээр тавьж өгөн, том гэрээ үзэглээд нийлбэрээрээ 17 тэрбумыг Монголоос гаргачихаж гэж олон нийт дургүйцэж байна. Араас нь засаг төр нь 850 сая ам долларын зээл бүтээгээд бараг баярнаадам хийж байх энэ шог дүр зураг төсвийн тодотголоор 7 зүйлээр татвараа нэмүүлэх гэж байгаа иргэдийн эгдүүцлийг хүргэж буй.
Ингээд оффшорчдыг зүгээр суулгахгүй шаналгаад байх Ард түмний нэрээр том овог авсан зөвлөл бий болчихлоо. Удирдагчид нь завшиж, тэмцэгчид нь ашиглуулаад өнгөрчихдөг ээлжит улс төр, хаврын үзэгдэл биш байгаасай. Шудрага ёсыг дээдэлж, хэдэн луйварчин улс төрчдөөсөө мөнгөө нэхсэн иргэд хэн нэгний хатгаас, шагналын “мөнгөгүй” ирж жагссан шинэ зууны өөр төрхтэй тэмцлийн жагсаал Сүхбаатар ба Чингисийн талбайд даруухан боллоо. Эхнийх салхийг хагалсан нь авилгажсан утааны эсрэг жагссан ээж аавууд байсаан.
Улс оронд тулгараад буй асуудал, авилга хээл хахууль албан тушаалын арилжаа наймаа, бүх шатны завхрал, хяналтаас гарсан гажуудлын хэмжээнд харьцуулахад энэ даруухан жагсаалууд дэндүү жижигдэнэ.
Орших уу, эс орших уу гэдэг дээр улс орны хувь заяаны хонхыг цохих бус дэлдэх цаг ирчихсэн байгааг хаврын чуулган нээлтээ хийх энэ нарлаг өдөр түшээдийн чихэнд хадаж өгмөөр.
Пүрэвжавын Баярхүү / тоймч/