АН-ын дотоод сонгуулийн санал хураалт өчигдөр 22.00 цаг хүртэл үргэлжилж өндөрлөлөө. Өнөөдөр АН-ын удирдлагууд сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлнэ. Энэ сонгуульд АН-ын 150 мянга гаруй гишүүн саналаа өгөх эрх нээлгэсэн. Санал өгсөн гишүүдийн ирц улсын хэмжээнд 70 хувьд хүрчээ. Энэ нь УИХ-ын болон бусад сонгуулиас ч өндөр ирцтэй. Тиймээс АН-ын гишүүд шинэчлэлийн төлөө сонгуульдаа маш идэвхитэй оролцжээ гэж дүгнэхээр.
Нөгөө талаас дотоод сонгуульд өрсөлдөгч нарын хоорондоо чимээгүй тулаан өрнүүлсэн. Тойрог бүр дээр АН-ын гишүүд талцаж, манай танай хүн болон хуваагдсан. Энэ ч яах вэ, өрсөлдөөн дунд байдаг үзэгдэл. Гишүүдийн саналыг татах гэсэн аль ч сонгуулийн үед байдаг энэ хууль бус үзэгдэл дотоод сонгуулийн ирцийг бүрдүүлэхэд ихээхэн нэмэр болсон байх талтай. Аль ч нам хэн нэгнийг дагаж нисээд байдаггүй, итгэл, үнэмшлээрээ дэмжээд явдаг, эгэл жирийн гишүүд дэмжигчид гэж бий. Тэд энэ удаагийн сонгуулиар ч “үнэ”-д хүрсэн сураг чих дэлсэж байна лээ. Нэр дэвшигчдийн багийнхан жирийн гишүүдээ ширхэгчлэн бүртгэж, “манай хүнд саналаа өгөөрэй. Гэрээс чинь машинаар очоод авна” гэх мессэж нисгэсэн бололтой. Дээр нь мэдээж “гарыг нь цайлгасан” байж таараа
АН-ынхан өөрсдийн дутагдал шүүмжлэлээ нийгэмд ил тод цацаж явдаг нээлттэй, сайн талтай. Гэхдээ “сайн тал” нь өрсөлдөгч хүчний өгөөш болчихдог гэмтэй нь хэд хэдэн сонгуулийн үеэр харагдсан. Ямартаа л “манай гишүүд ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж, 2000 төгрөгөөр ч хамаагүй худалдагдчихдаг” гэж олны танил эрхэм бухимдаж байх вэ. Учир нь АН-ын фракц, бүлэглэлүүдийн алдаан дээр тоглож, өөрсдөө ашиг унаган, тал талд сэлж явдаг хэсэг ч байдаг бололтой. Харин одоо фракц, бүлэглэлүүдээсээ салж, нэг бодлого, нэгдмэл зорилготой нам болохоо шинэ удирдлага нь мэдэгдээд байгаа. Гэхдээ таван нам нэгдэн үүсэн байгуулагдахаасаа эхлээд фракц бүлэглэлтэй байсан хүчнийг нэг бодлогоор зангидана гэдэг удирдагчийн хэрхэн залахаас шалтгаална.
Дотоод сонгууль тойрсон бас нэг асуудал нь “мөнгөтэй нэр дэвшигчид”. Учир нь бүх шатны АН-ын даргад горилогчдоос эхлээд ҮБХ-ны гишүүнээр нэр дэвшигчид хүртэл дэнчингийн ханш тогтоосон. ҮБХ-нд нэр дэвшигчид 6 сая төгрөгийн дэнчин тавих ёстой. Үүнийг АН-ын зарим гишүүд, тэр дундаа өмнө нь ҮЗХ-д байсан эрхмүүд шүүмжилж, мэдэгдэл гаргаж байлаа. Тиймээс ч АН-ын шийдвэр гаргах дээд түвшин болох Үндэсний бодлогын хороонд олны танил, бэлтэй эрхмүүд нэр дэвшиж, зарим гишүүдийн ундууцлыг хүргээд авсан. Тухайлбал, олимпийн аварга Н.Түвшинбаяр, сүмогийн их аварга Д.Дагвадорж, Кёкүшюзан Д.Батбаяр, улсын арслан Д.Азжаргал гээд бөхчүүд олноор нэр дэвшсэн бөгөөд ялсан эсэх нь өнөөдөр тодорхой болно.
Дээр нь дотоод сонгуулийн сурталчилгааны хаалтын өдөр С.Баярцогтыг нэр дэвшигчийн бүртгэлээс хассан нь цаанаа учир жанцантай биз. АН-ын шинэчлэлийг үргэлжлүүлэх шинэ удирдлага өөрийн талын эрхмүүдээс хүрээллээ бүрдүүлж, өрөөлийн багийнхнаас жийрхэж байгаагийн илрэл болов уу. Түүнээс бус С.Баярцогт алдаан дээрээ тоглуулах эрхэм биш, харин ч АН-д байтугай төрд хэрэгтэй зайран гэж дэмждэг хүмүүс намын гадна дотно олон бий.
Ямартай ч энэ сонгуулиар аймаг, нийслэл, дүүргийн АН-ын дарга болон Үндэсний бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн тодорно.
Тэд бол ирэх онуудад АН-ын шинэчлэлийг үргэлжлүүлж, шинэ түвшинд гаргаж ирэх С.Эрдэнэ даргатай багийнхан. Нөгөө талаас АН-ыг аврах уу, бутаргах уу гэдэг энэ сонгуулиар бүрдсэн удирдлагын багийнхнаас ихээсэн шалтгаална. Өнөөдөр Монголын улс төрийн томоохон хүчин АН парламент цөөнхийн цөөнх буюу 9-хөн суудалтай, үнэмлэхүй олонхи 65-ийн өмнө хүч дутах сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна.
Тиймээс ирэх жилүүдэд АН-ын дотоод ардчилал хэр бэхжихээс эхлээд 2020 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулах эсэхээс шинэ бүтэц бүрэлдэхүүн, шинэ дарга С.Эрдэнэ удирдагч уу, бусниулагч гэдэг нь ч шийдэгдэнэ.
Н.Энхлэн
Уншиж байна |