Ардчилал салхилж чөлөөт хэвлэл дөнгөж бий болж байх 90-д оны үед хотын хойд талын алслагдсан дүүрэг хавьд Дамбадаржаад хүн төрхтэй алмас явж байсныг илрүүлж бөөн шуугиан дэгдэв. Элдэвт соргог болсон шилжилтийн үеийн сониуч иргэд бүгд л алмас байгааг зөвшөөрч зарим нь бүүр урьд нь Толгойт зүүн салааны хавьд таарч байсан ч хүн итгэхгүй тул хэнд ч хэлээгүй дарсан болж таарав.
Энэ бүх шуугиан 7 хоногоо дааж, хот хөдөөгүй яригдсаны дараа нэг юм тайллаа хийж сонины зүгээс уншигчддаа барьсан “Инээдмийн баярын сюрприз ” байсан болж таарсан. Иймэрхүү элдэв хөгжөөн инээд хууралт, заримдаа ханиад болчих шахсан хатуу хэтрүүлгийг хэвлэл сонин ба жирийн хэнбугай ч зоригтой хийчихдэг өдөр бол Дөрөвдүгээр сарын 1-н. Олон улсын инээдмийн баярын өдөр.
Цагаан сараас хойш нүүрний арьсаа тэнийлгээгүй бол энэ өдөр жаал инээж болох өдөр. Гэхдээ хүмүүс инээх ёстой өдөр гээд бодчихсон гардаг тул баргийн юманд инээж өгдөггүй болохоор өөр хоорондоо элдэв хууралт гэнэдүүлэлт бэлдэн жаал инээх нь энэ баярын нэг уламжлал болсон. Нэгэнт “олон улсын инээдмийн баярын өдөр гэсэн байгаа болохоор бусад дэлхийн бусад оронд тэмдэглэдэг байж таарна. Харин энэ баярын санаачлагч ба уг гарал үүсэл нь тийм тодорхой бус. Гэгээн хайрын Валентиний өдөр шиг тодорхой түүх, бахархан дуурсах хайр ба инээдмийн тодорхой дүр баатар байхгүй гэнэ. Мэдээж оргүй хоосноос үүсэн байх боломжгүй тул домог, цуу яриа байдаг. Сонсож уншсанаас бол бараг улс төржсөн гэмээр нэг таамаг байдаг. Григорийн он тооллын дараагаас цухалдсан ядарсан ард олныг амраах тайвшруулах зорилготой инээдмийн баяр гэдгийг үүсгэн тэмдэглэж ирсэн түүхэн баримт байдаг гэнэ. Улс төрийн мэдрэмж, менежмэнт сайтай Эртний Ромд бол инээдмийн бурхан гэдгийг хүртэл энэ өдөр буулган залдаг байсан гэж байгаа.
Хэзээ ч үүссэн бай энэ өдөр бие биенийгээ инээлгэх сандаргах арга нь одоогийнхтой адил байсан бололтой. Энэ өдөр хүмүүс гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хөрш, дайсан гэлтгүй гэнэдүүлэн тун үнэмшилтэй хуурч байдалд оруулж тэр өдрийг нь даалгаж байгаад буюу шөнө дунд "дөрвөн сарын нэгэн шүү" гэж тайвшруулдаг гэжээ. Бас дан хууралт байвал юун баяр болох тул энэ өдөр хүн бүхэн дүүрэн инээдтэй уулзалдах бөгөөд алиа хошин зүйл ярьсан байх ёстой аж.
Орчин цагт энэ баярын гол сюрприз хууралтад хэвлэл мэдээллийнхэн ч татагдаж оролцох болсоны нэг жишээг дээр өгүүлсэн. Саяхан сошиалаар шайр лайк хоёроороо цөм дийлсэн нэг мэдээ энд тэмдэглэн хэлье. Тэрбумтан ерөнхнийлөгч Трамп ах өгөөмөр загнаж АНУ-д Монголчуудыг визгүй хүлээн авах болсон тухай шуугиан бол чухамдаа энэ 04 сарын 01- ний бие халаалт байсан гэнэ. Энэ нь тун амжиллтай болсон бөгөөд УНУ ын элчин сайдын яамыг залруулга тайлбар хийх хүртэл нь өндөр авснаараа энэ жилийн жинхэнэ “жоог” болж чадсан байх.
Инээвэл залуужина гэж ярих ч ярвайх нь элбэг болсон цагт энэ өдөр мэдээж чухал.
Инээдмийн баярыг утгаар нь өнгөрөөж элгээ хөштөл инээлдэхийн тулд дагах хамгийн эхний дүрэм бол мэдээж та ганцаараа зожгороод суугаад байж болохгүй. Мөн одоо цагт бол таныг нийггмийн идэхтэй харилцаанд байлгаж гараас тань хөтөлдөг гар утсаа унтрааж бүүр ч болохгүй ...
Уншигч танд ч бас сайхан инээлгчих цагаахан хууралт, дурсамж байгаа бол дор сэтгэгдэлд инээд үлдээгээрэй ... Тэнгэр бүрхэгч хүн бүр сэтгэлээ цэлмэтэл инээх нэгэн “кайф” дор өнгөрөх энэ өдөрт битүүн шинийн нэгэн гэж байхгүй. Жилдээ цор ганц өдөр шүү. ....
П.БАЯР