Хүний амьдралд асуудал ар араасаа гарч л байдаг, даваад л гардаг. Гэхдээ нөхөж баршгүй гарз бол хүний амь.
Улс төрийн нөхцөл байдлыг эсэргүүцэн өөрийгөө шатаасан мэдээллийг бид зөвхөн гадаад орнуудад болсон үйл явдал, мэдээллээс харж байсан. Ихэвчлэн бурхан шашны орон Түвдэд өөрийгөө шатааж байх нь олонтоо байдаг. Түүнээс бус энэ үзэгдэл бидний дунд болно гэж зарим маань төсөөлөөч үгүй биз.
Ярих, бичихээс ч зүрх шимширмээр эмгэнэлтэй хэрэг Завхан аймагт гарчээ. Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан эмэгтэй өөрийгөө галдан шатааж, амиа егүүтгэлээ. Талийгаач Т нь “Сумын Засаг дарга хууль зөрчин ажлаас халлаа” хэмээн бухимдаж байжээ. Гэр бүлийнхнийн нь тайлбарласнаар төрийн албан хаагч эмэгтэй “ажлаасаа халагдсан” гэх шалтгаанаараа өөрийгөө шатаан амиа алдсан байна.
Эдийн засаг хямралтай, иргэн бүр зээлтэй байгаа. Ажлын байр тогтвортой байж, нүд ирмэхийн зуургүй хугацаа нь тулчихдаг зээлээ хугацаанд нь төлж байх нь айл бүрийн амар тайван амьдрах баталгаа болоод байгаа энэ үед ажилгүй байх нь нэг хэсэгтээ асуудал хэдий ч хүн л хойно зохицуулаад шийдчихдэг.
Өнөөдөр цалин хангамж нь хамгийн тогтвортой ажил төрийн алба болоод байгаа. Тиймээс ч иргэд төрийн алба руу хошуурдаг. Төрийн албан хаагч болохийн тулд сонгон шалгаруулалтад орж, өрсөлдөгчөөсөө өндөр оноо авсан байх шаардлагатай. Гэхдээ энэ сонгон шалгаруулалт шударга явагддаг гэдэгт итгэхэд бэрх. Учир нь сонгууль бүрийн дараа төрийн алба бужигнаж, халаа сэлгээ орон даяар өрнөдөг. Үе үеийн парламент, Засгийн газар гарч ирэхдээ “Нэг ч хүнийг ажлаас халахгүй. Харин алдаа гаргасан тохиолдолд мэргэшсэн албан хаагчийг томилно” ярьдаг. Яам, агентлаг зэрэг төрийн албанд томилогдсон дарга нар ажлаа хүлээж аваад, халаа сэлгээнээс ажлаа эхэлдэг нь бичигдээгүй хууль. Өмнөх ажилтнуудыг өөлж, өөрийнх нь хүсэлтээр ажлаа чөлөөлүүлэхээр шахаж гаргаад, шахааны нэгнийг шинээр томилдог. Нэн ялангуяа тухайн байгуулагад ажиллаж байгаа санхүүгийн ажилтан, боловсон хүчингүүд хамгийн түрүүн ажлаа хүлээлгэж өгдөг. Үүнийг захын хүн мэдэх хэдий ч энэ гаж тогтолцоо ямар ч төрийн үед үйлчилсээр ирсэн.
Хэвлэлийн мэдээллээр талийгаагч эмэгтэйн ажлаас халагдсан шалтгаан төрийн албаны сонгон шалгаруулалтаас үүдэлтэй аж. 2015 оны дөрөвдүгээр сард Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтэн сонгох сонгон шалгаруулалт зарлажээ. Үүнд гурван хүн өрсөлдсөнөөс хамгийн өндөр оноо буюу 73-ыг Н.Нямжав, 70 оноог Б.Одхүү, 65.67 оноог талийгаач Т авсан. Харин сумын Засаг дарга нь төрийн албаны шалгалтад хамгийн бага оноо авсан байсан Т-г ажилд томилсон. Тухайн үед өндөр оноо авсан Н.Нямжав Засаг даргынхаа шийдвэрийг эсэргүүцэж, гомдол гаргаж хүлээж авсангүй. Харин өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дараа шинээр томилогдсон Засаг дарга нь аймгийн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Н.Нямжавыг ажилд авснаар Т-г ажлаас чөлөөлжээ. Хоёр жилийн өмнөх асуудал шинэ Засаг дарга томилогдсоноор сөхөгдөж, халаа сэлгээ явагдсан нь намчирхал, танил талтай холбон яригдаж байна.
Хөдөө орон нутагт улстөржилт хэрээс хэтэрч, ажил явагдахаа болилоо гэж хэдэн жилийн өмнөөс л иргэд шүүмжилсэн. Улстөржилтөөс болоод нэг жалга довныхон талцаж, бие биедээ харж чадахгүй хүрсэн ч гэдэг. Төрийн албанд орно гэдэг сонгон шалгаруулалтын оноо бус нам, Засаг солигдохоос шалтгаалж байгааг дээрх эмгэнэлт явдал илчилж байна.
Эдүгээ талийгаач эмэгтэйн өөрийгөө шатаахад хүрсэн шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоох байх. Харин үүний цаад шалтгаан болох намчирхал, улстөржилтийн гаж нөлөөг арилгах үүргийг төр хүлээх үү.
Н.Энхлэн