Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам горилогчид дэвэрсэн хүслээ дарж чадахаа байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн парламентад суудалтай улс төрийн хүчнүүд өрсөлддөг. 2016 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн шинэ парламент МАН, АН, МАХН, бие даагч гэсэн субъектээс бүрдэж байна. Манайд нийтдээ 20 гаруй улс төрийн хүчин бий. Тэндээс зөвхөн гурав нь л парламентад суудал авсан. Ерөнхийлөгчийн өмнөх сонгуулиудтай харьцуулахад харьцангуй цөөн нэр дэвшигчид өрсөлдөнө. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн олон буюу парламентад суудалтай МАХН /тухайн үеийн/, АН, БНН, МҮДН гэсэн улс төрийн хүчнээс нэр дэвшин өрсөлдөж, ИЗНН тухайн үед АН-ыг дэмжигчээр оролцож байлаа.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар парламентад үнэмлэхүй олонхийн суудал авсан, эрх баригч хүчин МАН-аас нэр дэвшигч ер нь тодорхой. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдыг намаасаа нэр дэвшин өрсөлдөнө. Гэхдээ тус намын ахмадуудаас УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлэх захидал илгээлээ, Ц.Нямдоржийг Увсынхан дэмжиж байна, Н.Энхболдыг нэр дэвшүүлэхээр ярьж байна гэх зэргээр мессэж нисгэсээр байна. Гэвч энэ бүхэн сонгуулийн өмнөх үзэгдэл төдийгөөс хэтрэхгүй.
Харин сөрөг хүчний удирдагч С.Эрдэнэ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй. Түүнд намын их хурлаас нь АН-ыг 4 жилийн хугацаанд удирдах бүрэн эрхийг олгосон. Тиймээс тэрбээр ирэх дөрвөн жилд АН-ыг шинэчлэн, сөрөг хүчнээс эрх баригч хүчин болгох үүрэг хүлээгээд байна. Эдүгээ Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж , Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүн болон нийслэл, аймаг, дүүргийн намын дарга нарыг сонгохоор дотоод сонгууль зохион байгуулж байгаа. Дотоод сонгуулийн санал хураалт энэ ням гаригт явагдаж, ирэх 7 хоногт АН удирдах бүтцээ сонгон тодруулсан байх юм. Үүний дараагаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах сунгааг явуулна. АН-ын дарга С.Эрдэнэ энэ удаад өөрөө нэр дэвших эрхгүй, басхүү хэн нэгийг нэрлэх ч эрхгүй. Тиймээс л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэн, намын гишүүдийнхээ дунд сунгаагаар тодруулах юм.
Одоогийн байдлаар АН-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, хотын мэр асан Э.Бат-Үүл нар сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байгаа бол УИХ-ын гишүүн асан Г.Батхүү ч горилж буй нь анзаарагдсан.
УИХ-д гурав дахь хүчний үүргийг гүйцэтгэж байгаа МАХН-ын тухайд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувь заяа хэрхэхээс бүх зүйл шалтгаална. МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших чин эрмэлзэлтэй байгаа. Өмнөх сонгуулийн жилүүдэд шүүхийн тогтоол сонсож, ял эдэлж байсан бол эдүгээ ялтайд тооцох хугацаа нь дуусгавар болсон гэж үзэх хэсэг бий. Гэвч ял зэмгүйд тооцох хугацаа дуусгавар болоогүй, эсвээс дахин асуудалд холбогдох нэр дэвших эрхээ хуулиар хориглуулах магадлал өндөртэй. Хэрвээ Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй бол дараагийн хувилбар хэн бэ гэдэг нь ажиглагчдын анхаарлыг татаж байгаа. Магадгүй түүний гэргий О.Цолмонг нэр дэвшихийг үгүйсгэхгүй. Гэхдээ бусад өрсөлдөгчдийн өмнө, ялангуяа эрх баригч хүчний өөдөөс ард түмний олонхийн дэмжлэг авч, санал хуваах хүчтэй нэгнийг сөргүүлэн тавих тооцооллыг Н.Энхбаяр хийхээ мартахгүй. Ер нь Ерөнхийлөгчөөс буусныхаа дараагаар тэрбээр бусадтай, тэр дотроо нэр бүхий эрхмүүдтэй тооцоо бодох туйлын зорилго өвөрлөсөн байгаа. Тиймээс МАХН-наас хэн нэр дэвших нь цаг нь ирэхээр тодорно.
Харин парламентын гаднах намуудаас зарим улстөрчид Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр санаархаж байгаа хэдий ч хуулиарааа хориотой. Гэхдээ тэд зүгээр суулгүй, гарц, боломж хайж яваа дуулдана лээ. Тиймээс ч парламентад суудалтай улс төрийн хүчнүүдээс горьдлого тээн, намын байрны үүд хавиар нь эргэлдэж, хүн хар чангааж, мэр сэр тандалт хийсээр. Өнгөрсөн онд АНУ-ын иргэд Ерөнхийлөгчөөрөө бизнесмэн Д.Трампыг сонгосон. Манай зарим бизнесмэн улстөрчид энэ үйл явдлыг өлгөн авч, өөрсдийгөө Монголын Трамп хэмээн аль хэдийнэ “цол”-лочихсон. Тэд түмэн олноос бус өөрсдөдөө өгсөн “цол”-ндоо итгэчихээд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр биеэ бэлдэж, бэл гаргаж, дэмжлэгийг парламентад суудалтай улс төрийн хүчнүүдээс эрж яваа нь хачирхалтай. Тухайлбал, Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр горилж, МАХН-тай хэлэлцээр хийгээд тохироод хүрэлгүй буцсан сурагтай. Харин АН-ын дотоод сонгууль явагдаж байгаа энэ үед БНН-ын дарга Б.Жаргалсайхан тус намын Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнд багтахаар Хан-Уул дүүргийн 57 дугаар тойрогт нэрээ дэвшүүлсэн байна. Тэрээр АН-ын Их хурлын үеэр ч гишүүдтэй нь мөр зэрэгцэн сууж байсан. Мэдээж, АН-ын ҮБХ-ны хураамж, дэнчингийн мөнгө болох 6 сая төгрөгийг торох зүйлгүй өгсөн байгаа. Хэрвээ ҮБХ-ны гишүүнээр сонгогдох тохироо бүрдсэн бол цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас горилогчидтой мөр зэрэгцэн нэрээ дэвшүүлж сунгаанд оролцох эрхээ нээх нь. БНН-ын дарга, АН-ын гишүүн гээд л гуншин нэмэгдэхийг ардчиллынхан хараад суух уу.
Хууль тогтоох дээд байгууллагад суудалтай улс төрийн хүчнүүд гаднаас төрийн тэргүүнийг сонгох сонгуульд нэр дэвшигч олж, өрсөлдүүлнэ гэвэл дэндүү эмгэнэлтэй хийгээд намынх нь заяа гомдох биз.
Ер нь тэгээд Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч, төрийн тэргүүн бүх ард түмний саналаар сонгогддог. Тиймээс өнөөдөр гүйдлээ олоогүй нэгэнд суудал оноогдоно гэж бүүр ч үгүй биз гэж найдъя.
Н.Энхлэн