Бэлнээр шиддэг 500 төгрөгийн талд нь гондоом хавчуулчихаад байгаа завхарсан үйлчилгээг засах аргаа олсон талаар Нийтийн тээврийнхэн зарлалаа. Ерөөсөө амархан. Жолоочийн хяналтад байдаг бэлэн мөнгөний шилэн хайрцагийг нь хураачих юм байна. .
Амьдрал элдэв зургаар баян тул зорчигч карттай картгүй, мөнгөтэй мөнгөгүй байх үйлчилгээний нөхцлийг шууд алгаслаа. Өнөөх л Монгол муйхарлалаар тулгаад шийдчихэж байгаа юм. Мөнгө нэхдэггүй хайрцагныхаа оронд карт дарсан дараагүйг хянаж байх 900 тооны цүнхгүй кондукторуудыг нийтийн тээвэрт тараан явуулахаар шийдэждээ. Тэд нар нь бас манийгаа картаа дараагүйг илрүүлж гартаад, асуудал даамжирвал торгуулах, баривчлагдах, арга хэмжээ байгаа л гэнэ. Алдагдалтай ажиллаад байгаа нь бэлэн мөнгө өгөх хувилбар буюу байнгын мөнгөний хайрцгандаа бус өнөөх картыг нь авах боломж нь хөл доор хөглөрч байхаар зохион байгуулж чадаагүйд байгааг олж харахыг хүссэнгүй.
Бүх дэлгүүрт нийтийн тээврийн карт талх шиг зарагдаж байвал хэн ч аваад халаасандаа хийчихнэ. Харин одоогийн нөхцөлд нийтийн тээвэрт хааяа толгой хавчуулдаг “их зантай” иргэдэд автобусны картыг нь авч цэнэглэх гэдэг цаг барсан төвөгтэй ажил хэвээр байгаа юм.
Одоо бэлэн мөнгөний хайрцгаа авч шидсэнээр дугаар хязгаарлалтаа өдөр болоод бусад хааяа тохиолдолд автобусанд сууж хоёр гуравхан буудал зорчоод буудаг тохиолдлын хэчнээн үйлчлүүлэгчээ татвар төлдөггүй таксич халтуурчдад алдаж буйгаа карт шахаачид тооцоолсон л байдаг байх.
Бэлэн мөнгөтэй байгаад ч хөл тавих боломжгүй болсон нийтийн тээврийн тансаг үйлчилгээг авахын тулд смарт картыг хэрхэн олж авах талаарх санал болгож буй шинэ хувилбаруудыг нь харцгаая.
Банкны салбар, ATM, Интернетээр цэнэглэн Нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглан боломжтой “Сити пасс” картаар зорчих боломжтой. Тус картыг Улаанбаатар хотын Хаан банкны салбаруудад картаа захиалан авна ...гэх мэт хөврүүлжээ. Энэ карт авах зааврыг гаргаад байгаа нөхдүүд ер нь өөрсдөө автобусанд сууж үзсэн юм болов уу. Дээрх боломжууд үнэндээ үйлчилгээг улам л холтгож байгаа юм. Хэрэглээний мөнгөө картнаас авах гэхэд л ХААН банкны ачаалал ямар байгаа билээ. Үүн дээр автобусны картаа цэнэглэх гээд дугаарлаад зогсох тийм таатай байна гэж тооцож дээ. Ховор ухаан шүү. Яагаад бүх банкны салбараас авч болдоггүй юм бол. Яагаад гудамж булан эргэлт бүрт таардаг найман нэрийн цолтой том жижиг дэлгүүрүүдээр Смарт карт нь хөглөрч байж болдоггүй юм бэ. Өөрчлөлтийг санаачлагчдын зөвлөөд байгаагаар бас нэг шуурхай шийдэх боломж байгаа юм байна. ... Гар утасны сим картаа солиулан NFC сим картаараа төлбөрөө төлөн зорчих боломжтой. Тус NFC сим картыг "зөвхөн" Юнителийн үйлчилгээний салбарт хандаж авах. Ингэснээр гар утас давхар картын үүргийг биелүүлнэ...
Одоо моби, скай картаа авч шидээд Юинтел сим болгочихвол асуудал арай орчин үелэг, хурдан шийдэгдэх болж байх шиг байна. “Нийтийн тээвэрт зорчдог бол Юнител шүү” гэдэг шахаа үнэртээд байгаа юм. Нийтийн тээврээр өдөртөө 600 мянга орчим хүн үйлчлүүлдэг гэж бодвол эдгээрийн 70 гаруй хувь нь бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг судалгааг салбарынхан хийсэн гэжээ. Карт авах гэж цаг үрснээс таван зуугаа базаад хайрцагруу нь шидсэн нь дээр нөхцөл байгаа болохоор л ийм үзүүлэлт гарсан байгаа. Гэтэл албадан карт шахаачид бэлэн мөнгөний үйлчилгээг 100 хувь халахдаа гол нөхөөс болох карт худалдаалах цэгээ тун бага 70 хүрэхгүй буюу 438 гэрээт цэгээ 500 болгож байгаа гэж баатарлажээ.
Хэдэн хүн амтай, ямар ачаалалтай хотод үйлчилгээ явуулж байгаагаа ойлгож байгаа албан тушаалтан байна уу. Орлогоо нэмэх талаас нь харсан болохоос үйлчлүүлэгчдэд үйлчилгээ нь хүртээмжтэй, цаг зав хэмнэсэн байх эрхэм зорилгоо сурснаараа мартсан харагдана.
Дөнгөж гэрээсээ гараад 5 минутад гарын дороос автобусны смарт картыг хамгийн бага нэгжээр буюу 1000 төгрөгөөр олоод ирэх уралдаан зарлая л даа. Өнгөрсөн хугацаанд одоо туйлын ганц сонголт болгоод байгаа зорчих картаа бохь, гондоом шиг худалдан авахад амархан болгочихоод дараа нь бэлэн мөнгийг шахах алхмаа албажуулан зарламаар.
Ганц удаа автобусанд суух хэрэгтэй хүн хоёр орой идэх талхныхаа мөнгөөрөө карт авах тулгалтад орчих юм байна. Үйлчлүүлэгч, хэрэглэгч та ХААН гэдэг уриа жинхэнэ утгаараа хэрэгжих хувь Монголд үнэндээ алга даа. Хоёр муугийн арай дээрийг сонгох ийм л өөрчлөлтийг Смарт картныхан нийтийн тээвэрт хийлээ.
Бэлэн мөнгөгүй болж буй манай автобуснууд ямар тансаг үйлчилгээг үзүүлж, бидэндээ хэдэн цаг хүртэл үйлчилдэг билээ. Орой 22 цаг гэхэд такси, микроны аманд биднийг барьж өгдөг билээ. Тэд нар нь харин эсрэгээрээ ямарч карт тоохгүй. Зөвхөн бэлэн мөнгөөр л үйлчилдэг юм шүү.
П.БАЯР