АН-д мөнгөгүй, таксгүй даргын суудал алга боллоо гэж голоор нэг шуугицгааж байна.
ҮБХ-ны гишүүн буюу хэтдээ нам дотроо хор найруулж жүжиг дэглэхэд өөрийн дүртэй байх суудлын ээлжит нанжилдаан эхэлсэн. Үндэсний Бодлогын Хороо нь хуучны ҮЗХ-ны сүнс бөгөөд намын үндсэн бодлогыг чиглүүлдэг асар том цөм болох байгууллага. Хэтдээ АН эрх барьж гэмээнэ энэ хорооны гишүүд сайдын төлөө тулааныг оройлох ба шийдэх гол хорчид болно. Том бодлого шийдэхэд хүний олон нь дээр гэж харсан юм болов уу даа. Хэдэн бүлэг фракцад хуваагдан намаа тасчин МАН-ын хөл доор хаясан 228 гишүүдийнхээ тоог 380 болгон нэмсэн.
Одоо энэ суудлын ард хэний хүү, хүүхэн гарч ирэхээ үзэх сунгаа эхэлсэн. Дайнд буу зэвсэг бус мөнгө ялдаг гэсэн уриатай байгаа мэт АН-ын дарга шинэ сунгаанд ээлжит "такс"-аа нэхжээ.
Өө тэгээд хараад чагнаад байсан. АН-аар нэг баахан мөнгөгүй ч юм уу, албатай ч юм уу гомдол мэдүүлсэн хүмүүс дүнгэнэлдээд явчихлаа. Хуучин дотоод сонгууль буюу ҮЗХ-д үзэхэд ганц саяхан төгрөг байсан юм байна. Одоо гурван сая болчихож. Долларын ханш нөлөөлсөн үү, С.Эрдэнэ даргын талынхан ханш хөөрөгдөв үү. Аймгийн намын хорооны дарга болоход 750 мянга төгрөг. Энэ бол Барс зах дээрх нэг наймаачны өдрийн орлогод дүйцэх мөнгө. Харин намын нэгж оройлоход хожмоо 7 тэрбум болох мөнгө гэж бодвол юун мөнгө байхав эд нарт.
Ер нь манай улс төрийн намуудад үзэл санааны шинэчлэл хийгдэх үнэр ч алга даа. Хэтдээ намын, цаашлаад эрх барих юм бол улсын бодлогын том өөрчлөлтийг хийхэд гар бие оролцох эрхмүүдэд чанарын ямар өөрчлөлт орж байгаа юм болдоо. Үхэн хатан тэсч байж эрх барьсан намаа, улстай нь хамт сэгсэрсэн дотно танил хэд бүгд өөрсдөө, нэг бол үр удмаа АН-ын хэвлийд цацаж хаяхаар жагсаалтын олонхийг эзэлсэн харагдана.
Дээрх элдэв зураг улс төрийн намын дотоод асуудал. Гэхдээ төрийн гол инстүүц нь улс төрийн намын шууд хамааралтай болчихсон манай улсад энэ бол “асуудал” болдог доо. Одоо МАН-ын Удирдах зөвлөл үндсэндээ төр барьж байна. Парламент гэж боддог үнэндээ үгүй л дээ. Хэрвээ манай сонгуулийн уламжлалт тойрог “уйдах” уламжлалаар ирэх сонгуульд АН ялбал ҮБХ гэдэг нь төр барихтай адил юм болно.
АН-ын ҮЗХ- нь бол АН-ыг нураасан фракцуудын үр хөврөлийг тээгч бойжуулагч байсан. Нэг сонгогдож аваад жирийн гишүүд байдгийг мартаж хэмжээгүй засагласаар бас зодолдсоор ирсэн. Ямар ч дүрэм журмын даруулгагүй болчихсон байсан. Ээлжит сонгуулийн дэглэлт улс төрийн бялуу, томилгоон дээр голчлон ухаан зарж, зөвлөлдөх гөвөлцөх бүгдийгээ хийж барсан фракцуудын сүнс одоо дахин цуглаад шинэ төрөл олон биежиж бодлогоор уралдана гэдэгт мануусыг итгүүлэхийн тулд их л олон үлгэр жишээ үзүүлбэр үзүүлэх хэрэгтэй болох юм. Дотоод сонгуульд өрсөлдөж буй эрхмүүд бүгд шахуу ардаа эзэнтэй. Оройдоо зална гэсэн жирийн гишүүд нь тарааж бутраасан танил хэддээ санал өгөх нэрсийн жагсаалтыг барьчихаад алмайрчихсан сууна.
Бэлнээр 90 сая төгрөг төлж, нийслэлийн намын даргад өрсөлдөх хүн үнэндээ бол энэ намд пиг байгаа. Гадаа гудманд ч ардчилалд элэгтэй гайгүй зүтгэлтэй сэтгэл зам зөвтэй бизнесмен ч энэ мөнгийг төлөөд өрсөлдмөөр байгаа. Асуудал мөнгөндөө биш нөлөөлөл тогтоох фракцуудын гараар өнгөн засвартай тоглоомын дүрэм бичигдсээр байгааг харуулж байна. С.Эрдэнэ дарга мөнгөгүй хүн биш. Тооцоотой л хүн. АН-ын санхүүжилтэд даргын сонгуулийн дэнчин ямар ч нөлөөгүй. Дотоод сонгууль бол шинэ буюу дангаар ноёрхох фракц төрүүлэх танил сценари. Ерөнхийлөгчийн сонгууль, түүний ард гарах үр дагаварт өрнөх шинэ тулаанд орох ээлжит бие бүрэлдэхүүнээ бүрдүүлэх фракцуудын өрөг эхэлчихээд байна. Дэнчин бол халхавч.
Ц.Баярсайхан, АН-ын генсек Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Х.Тэмүүжин, Д.Батцогт, Б.Гарамгайбаатар,Н.Батбаяр, Д.Ганхуяг, М.Сономпил, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Г.Батхүү Э.Бат-Үүл, Г.Баярсайхан, Б.Болор, Ш.Түвдэндорж. сайд Д.Дорлигжав, Бүгд найрамдах намын дарга асан О.Эрдэнбулган, Д.Нямхүү зэрэг хууччуул бүгд шинэ ухаарлаар бодлого барина гэнэ дээ. Шинэ кандидат байна уу. АН-ыг тараасан самарсан хүмүүсийн жагсаалтыг дахин хэвлэсэн мэт. Сайн мэдэх нь нухаад хайгаарай. Тоо нь нэмэгдсэн болохоор хэдэн шинэ хүний зай гарах байх л даа.
АН-ын хаврын улс төрөөс урьтсан дотоод сонгуулийн энэ төрх ялагдлын гашуун нулимсаа арчаад эхлүүлсэн шинэчлэлийнх нь үзэл санаатай нь харьцуулахад үйлдэл нь улам жулдаад байгаа харагдана.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /