Төрийн албаныхан хүнд сурталтай, төрийн ажилд “хүний сэтгэл”-ээр ханддаг, иргэдэд үйлчлэхдээ гар хардаг, танил тал, арын хаалгагүйгээр үйлчилгээ авахад хүндрэлтэй, томилогдсон даргаасаа эхлээд албан хаагч нь хүртэл хэн нэг өндөр албан тушаалтны автортай, захиасын хүн байдаг гээд шүүмлэл ар араасаа хөвөрдөг. Гэхдээ энэ нь хий хоосон хардлага шүүмжлэл бус өнөөгийн нийгмийн бодит байдал, үнэн төрх.
АТГ-т Төрийн албаныхны талаар ашиг сонирхлын зөрчилтэй мэдээлэл их ирдэг байна. 2016 онд гэхэд албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, ашиг сонирхлын зөрчил, хууль бус шийдвэр гаргасан, өмч хөрөнгө завшсан, хээл хахууль өгсөн, хууль бус томилогоо хийсэн, шүүхийн шийдвэр биелүүлээгүй, худалдан авах ажиллагаа зөрчсөн зэрэг өргөдл гомдол мэдээлэл харьцангуй олон иржээ. Цаашлаад дургүй нэгнээ албан тушаалаас нь зайлуулахын тулд гомдол гаргаж, АТГ-гаас хасуулах оролдлого ч гарах болсныг АТГ-ын мэргэжилтэн дурдаж байлаа. Тендэрт шалгаруулалтад оролцож байгаа өрсөлдөгчөө АТГ-т шалгуулах, хянуулах өргөдөл өгөх үйлдэл ч гарсан байна. Тендэр сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж , үнэлгээний хорооны бүрэлдэхүүн нь тухайн тендэрийн эцсийн хариу гараагүй байхад АТГ-т гомдол гаргах тохиолдолд ч гарчээ. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй төслийн хүрээнд ЭМЯ-наас зарласан "Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг байгуулах" олон улын нээлттэй тендэрт оролцогч аж ахуйн нэгжүүд нь тендэр шалгаруулалтай холбоотой захиалагчийн шийдвэр гараагүй байхад үнэлгээний хорооны үйл ажиллагаа, тендэрт оролцогчийн чадавхитай холбоотой гомдлыг АТГ-т ирүүлсэн байх жишээтэй. Цаашлаад төрийн өмчит аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж байгааг холбогдох газрынхан шүүмжилж байна лээ.
Төрийн албаны хүнд сурталтыг халж, дутагдлыг арилгах зорилгоор нийгэмд үлгэрлэхийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат удирдах ажилтнуудтай хийх уулзалтын үеэр үүрэгдлээ.
Тэрбээр “Та бүхэн “төрдөө зүтгэнэ” хэмээн андгай өргөж албанд орсон төрийн хүмүүс учраас нийгэмд та бид үлгэрлэх үүрэгтэй. Хэн нэгний татаас, шахаагаар дарга болсон, хүчинд автаж юм уу, хууртаж албан тушаалд томилогдсон хүн байвал тэрийгээ хэлээд одоо явж болно. Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц. Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Хэрвээ тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүй санагдаж байвал тэр хүн өөрөө ажилдаа гологдож байна гэж ойлго. Тэнд таныг хувийн бизнесээ хийгээд илүү тансаг өрөөнд ажиллах таатай очрныг бүрдүүлэхийн төлөө бид харин энд зүтгэе” гэдгийг хатуухан сануулав.
Ер нь нийгэмд төрөөс төрсөн тэрбумтан гээд цоллогдсон эрхмүүд өнгөрсөн жилүүдэд хэдэн арваараа төрөн гарсан. Хууль хяналтаар шалгагдаад гэм зэм нь тогтоогддоггүй ч нүдэн дээр хөлжсөн нь олны хараанаас мултардаггүй төрийн албан хаагчид хэдэн мянгаараа тоологддог. Төрийн албыг төрлийн алба болгохоо зогсоо гэсэн шүүмжлэлийг нийгэмд байнга өрнүүлж байдаг ч тусыг эс олсоор өнөөдрийг хүрсэн.
Ямартай ч өнөөдрөөс эхлээд төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорчихыг Засгийн газрын тэргүүн үүрэгдсэн. Бизнес ангиалал ердийн тийзнээс 2-6 дахин өндөр үнэтэй байдаг. Тиймээс татвар төлөгчдийн мөнгөөр бизнес ангилалд тухалж явдаг төрийнхний тансаглалыг өнөөдрөөс тасалбар болгохыг мэдэгдсэн юм. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдын томилолт, айлчлалыг аль болох бага зардлаар, цомхон хийж байх талаар төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулахаар болж байна. Үүнийг Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад хэд хэдэн жип машин хөлөглөн аймаг, сумынхаа хилийн зааг дээр угтдаг, үддэгийг өнөөдрөөс зогсоосноор эхлүүлж байгаа юм билээ.
“Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлууд байгууллагаа ашигтай ажиллуулж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөрэй” гэдгийг Ерөнхий сайд сануулж байна лээ. Төрийн байгууллага, төрийн хууль иргэддээ энэрэнгүй байх ёстой болохоос хууль зөрчсөн, хуулиас давсан эрх мэдэл эдэлсэн хувь хүн, үйлдэлд хатуу байна гэдгээ ч мэдэгдсэн.
Ямартай ч Ерөнхий сайд төрийн албан хаагчдад ийнхүү үүрэгдлээ. Харин хэр хэрэгжиж, хөрсөн дээр буухыг харж л байя, нийтээрээ.
Н.Энхлэн