БНСУ-д хууль бусаар оршиж буй монголчуудын тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны Консулын газрын дарга И Жэ Ю хэлэв. Тэрбээр “харлаж” байгаа хүний тоо нэмэгдэж байгаа тул цаашид монголчуудад виз олгоход хүндрэлтэй байгааг онцолж байна.
БНСУ-д ажиллаж, амьдрахаар очсон монголчууд төдийгүй олон орны иргэд визний хугацаа нь дууссан ч ажиллаж, хөдөлмөрлөж аж амьдралаа залгуулдаг. Тэдгээр улсаас Монгол хууль бусаар оршин суугчдын тоогоороо үргэлж эхний гурван байранд “толгой” цохидог гэнэ.
Тиймээс ч тус улсаас Монгол Улсад суугаа Консул хүнд хэцүү нөхцөл байдалд ажилладаг тухайгаа учирлаж, хууль бусаар оршин суугчдыг багасгах, визний хугацаа нь дууссан тохиолдолд даруй эх орондоо буцаж ирэх нь зүйтэй гэдгийг зааж, зөвлөх кампанид ажил зохион байгуулахыг санал болгож байлаа. Түүний уг хүсэлтээс манайхан БНСУ-д үй олноороо “харлаж”, Консулын санааг зовоох болсныг харж болохоор байв.
Консулын хүсэлтээр элэг нэгтнүүд минь эх орондоо ирээч гэж уриалан, гуймаар байвч монголчууд хүссэндээ тэнд очоогүй л дээ. Амьдралаа залгуулах гэж харь орныг зорьсон. Тэгээд өдөр шөнөгүй усан бороо асгарч л байдаг хүний нутгийн тансаг чаминд хорогдсон юм биш, мөнгө л олох гэж тэнд “харласан”. Тэрнээс манарсан шороон шуургатай эх орныхоо хаварт манай хэд хайртай л байж таараа. Чухал нь төр засаг нь хүн ардаа ажлын байраар хангаж чадахгүйд л учир бий гэж элэг нэгтнүүдээ өмөөрч, өмөлзмөөр болж суулаа.
Тэгтэл нөгөө талдаа БНСУ-ын Элчин Сайдын яаманд өдөрт 600-700 монгол иргэн визний мэдүүлэгээ хүргүүлж, амьдрах эрх хүсдэг байна. Гэтэл БНСУ-д дээрх тоотой мөн адил иргэд тэнд “харлаж” үлддэг тул манай улсын зүгээс виз олголтын дүрэм, журмаа чангатгах шаардлагатай болоод байгааг Консулын газрын дарга И Жэ Ю дуулгав.
БНСУ-д 2014 онд нэг сард 10 гаруй Монгол иргэн хууль бусаар оршин суудаг байжээ. Тухайн онд нийт 130 гаруй хүн “харладаг” байсан бол 2015 онд хууль бус оршин суугчдын тоо огцом өсчээ. Энэ нь 2015 оны дөрөвдүгээр сараас Монгол иргэдийн визний нөхцлийг хөнгөлсөнтэй холбоотой гэдгийг албаны хүн хэлж байна. Өмнө нь 14 сая төгрөгийг визний хадгаламжинд байршуулдаг байсныг 2014 онд найман сая, цаашлаад таван сая болгон бууруулсан. Ингэснээр хууль бус оршин суугчдын тоо нэмэгдэх болсон аж.
2015 онд дунджаар 1500 орчим хүн БНСУ-д “харлажээ”. Харин 2016 онд сар бүр 200-300 хүн "харласан" тоо баримт байна. 2016 онд 2 000 орчим хүн “харлаж”, хууль бус оршин суугчдын тоо 10 дахин өссөн учраас виз олголтын хувь багассан гэнэ.
Ингэхлээр БНСУ-д нэгэнт очсон хэд нь өдгөө явах гэсэн бусдадаа саад болж, визний мэдүүлэгийг нь мөрөөдөл болгож орхиход нөлөөлж байгаа аж. Тэгэхээр хэдхэн воннын төлөө хүний нутагт хууль бусаар оршин сууж, хаанаас хэн гарч ирээд хөөж, туух бол гэж түгшиж амьдрахаар “бор гэртээ хаан” гэгчээр эх орондоо буцаж ирээд энх тунх аж төрөхийг, тэнд “харлагсдад” уриалах нь зөв юм. Тэгвэл өнөөдөр БНСУ-ыг зорихоор визний мэдүүлгээ өгч буй идэр залуу хугацаандаа буцаад ирэх ч бай, үгүй ч бай очих гэсэн хүсэл, амьдралаа дээшлүүлэх гэсэн зорилго нь унтрахгүй биз ээ.
Г.Тэгшсүрэн