Хэрэгт холбогдогчдын шүүх хурлыг нээлттэй хийх байсан, хаалттай хийчихлээ гэдэг дээр иргэдийн шүүмжлэл болон шүүгдэгчдийн талын гол “гомдол” яваад байгаа харагдана. Нөгөө талд шүүх хурлыг хаалттай явуулсан талаарх гол зөвтгөл нь хавтаст хэрэг нь улсын нууцтай холбоотой баримт авагдсан гэдэг.
Энэ хэргийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлын оргил хэсэг нь давж заалдах шатны шүүх хурал байлаа. Нийслэлийн шүүхээс ерөнхийдөө анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд зарим нэг засвар буюу бидний хэлдгээр редакторын засвар хийжээ.
Гэхдээ шүүхийн магадлалыг харахад улсын нууцтай холбогдох материалууд авагдсан гэх аймшигт хэргийн талаарх мэдээллийг аль болох өргөн хүрээнд өгсөн харагдана. Давж заалдах шатны шүүх хурлаас гаргасан магадлалд авагдсан хэд хэдэн үндэслэл энэ хэргийг үнэхээр илэрсэн гэдэгт үл итгэж байсан олон нийтийн эргэлзээг нэг талд нь гаргасан гэж болохоор. Мөн аллагыг захиалагч ил болох тун ойртсон байгааг хэлж өглөө. Шүүх хурлын талаарх мэдээллийг арай нарийсгаж харцгаая..
Нийслэлийн шүүх энэ хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ. Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ магадлалыг танилцуулахын өмнө онцлон дурьдсанаар бол давж заалдах шатны шүүхийн гомдолд дурьдагдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзсэн байна. Энэ нь хэрэг мөрдөх явцад ЭБШ хууль зөрчигдсөн эсэх болон хүн хилсээр хэлмэгдүүлсэн байж болох нөхцлүүдийг нягталсан гэж ойлгогдож байгаа юм. Ингээд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж дүгнэлт гарчихлаа.
Шүүх хурлын дүгнэлт гарсан өдрийн үдээс хойш хэвлэлүүд энэ талаар шуурхай бас давтан давтан мэдээллээ. Зарим сайтууд ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан талаар магадлалд дурьдагдсаныг онцлон мэдээлж байлаа.
Үүн дээр анхаарч харах шүүхийн магадлал доторх нэг чухал өгүүлбэр байгаа юм.
.... ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан, түүнчлэн гүйцэтгэх ажиллагааны материалаар давхар нотлогдож байна...” гэж Давж заалдах шатны шүүх үзсэн нь анхаарал татна. С.Зоригийн хэрэг хэдийгээр улс төржиж байсан ч мөрдөн шалгах ажиллагаа тагнуул цагдаагийн оролцоотойгоор тасралтгүй явагдаж байсан. Энэ урт хугацаанд зарим нэг сэжиг таамгийг мухарлахаар олон чиглэлд “ажиллагаа” явуулж байсан гэдэг нь эндээс харагдана. Гүйцэтгэх ажиллагаа гэдэгт юу багтаад байгааг гэмт хэрэг мөрдлөгийн сэдэвтэй кино шийгээр хахаж суудаг уншигчид сайн ойлгож байгаа.
Ингээд хэвлэл мэдээлллээр явсан Нийслэлийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ уншин сонсгосон магадлалыг олон нийт “бүрэн эхээр” нь хүлээн авснаар хэргийн талаарх элдэв таамаг сэжүүр олон нийтэд баримжаатай багцаатай болоод ирэв. Гэхдээ энэ хэргийн “зовлон” дуусах яагаа ч үгүй. Олон нийт нэхэл хатуутай ганц асуулттайгаа үлдсэн. Алуурчид нь илэрсэн юм бол захиалагч нь хэн юм бэ ? !!!. .. гэж.
С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг хэргээс тусгаарласан байдаг. Энэ нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж байгаа. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэнтэй нийцжээ гэж Давж заалдах шатны шүүх үзжээ.
Гэхдээ л “цаад эзнийг нь олооч” гэх нэхэл хатуутай байгаа олон нийтэд энэ хариулт хангалтгүй. Нийслэлийн Шүүхээс гаргасан магадлалыг анхааралтай нягталбал С.Зоригийн хэргийн захиалагч илэрсэн юм байна. Ер нь бол хуулийнхны гарт орчихсон юм байна гэж бодогдлоо.
Энэ таамгийг баталж буй Шүүхийн магадлалаас иш татья.
".... Зарим ялтны УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг тусгаарласан нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна. ...". Энэ бол олон нийт мэдээллийн бүх сувгаар түгсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын “бүрэн эхээр” гэсэн тодотголтой нийтлэгдсэн хэсгээс авсан ишлэл. Харин шүүх танхимд уншиж сонсгосон видео бичлэгийг үзвэл энд хэргийн захиалагчын талаарх ноцтой нэг өгүүлбэр “бүрэн эх” дотор гээгдсэн байгаа юм.
Тодорхой болгох үүднээс залхууралгүй Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн шүүхийн танхимд уншиж сонсгосон видео бичлэгээс авсан бүтэн өгүүлбэрээр буулган харцгаая.
... Зарим ялтан УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулагчын нэрийг заан мэдүүлж байгаа боловч уг хэргийн зохион байгуулсан захиалсан үйлдлийг тусгаарласан нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна ... / бичлэгийн 2.34 минут
Энд олон тайлбар хэрэггүй байх. Энэ бол С.Зоригийн хэрэг дээр олон нийтийн хүлээж байсан асуулт. Давж заалдах шатны шүүхээс хийсэн магадлал дүгнэлт дунд барьж авах ганц өгүүлбэр энэ байлаа. С.Зоригийн аллагыг захиалсан, зохион байгуулсан хүнийг хэрэгт холбогдогч нарас нэр заан хэлсэн юм байна. Хэргийг захиалагч ба зохион байгуулсан гэмт хэрэг тусдаа мухарлагдаж буй бололтой.
Харин яагаад шүүхийн магадлалд дурьдагдсан ... С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулагчын нэрийг заан мэдүүлж байгаа .... гэсэн энэ хэдэн үгийг бараг бүх сайт хэвлэлээр “оптоороо” анзааргагүй гээж хэвлэн нийтэлсэн талаарх “шинэ” асуултыг сэтгүүлч нөхөддөө хандаж нээлттэй орхиё доо.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /