Гадаадаас нарийн мэргэжлийн эмч нар дуудлаа л даа. Тэд ирж үзээд маш тодорхой онош тавиад, хэрхэн эмчлэх горим дарааллаа хэлээд буцлаа.
Товчдоо Монголын эдийн засагт шигдсэн шимэгч паразитуудыг эхлээд туулгаж хөөх хэрэгтэйг л хэлсэн. Төсвийг шимж байгаа улс төрийн тэжээвэр паразитуудыг юу тэжээгээд байгааг мөн хоёрмол утгагүй хэлж өгөөд явсан. Үүний урхаг үүр нь төсөв мөнгөнд дэндүү идэвхтэй оролцож гар дүрдэг манай улстөрчид өөрсдөө л болж таарав. Эмчилгээ нь энгийн гам барих буюу хэмнэлтийн хатуу дэглэм мөрдөх, төсвийн сахилга бат гэдэг суурь эмчилгээг хийх.
Одоо төр гэдэг ард түмнээ төлөөлсөн ах дүүс маань энэ эмчилгээг авах эсэх талаар эргэлзээгээ тайлж, шийдвэр гаргахаар ээлжит бус чуулган зарлаад байна. Тавьсан болзлыг хүлээн авах нь бараг тодорхой байгаа. Төсвийн тодотгол хийгдвэл ОУВС-аас эхний нааштай үнэлгээгээ авна. Ингээд үйл явдал өрнөнө. Үр дагавар хэтдээ эдийн засагт тустай ч хоёр туйлд гарсан Засгийн газар, ард иргэдийн толхилцох зай улам ихсэнэ. Учир нь эмчилгээний горимын дагуу хэмнэлт таналт хийж, татвар нэмэгдэнэ. Зөрүүнд нь цалин тэтгэвэрт сохор зоос нэмэхгүй болзолтой.
Одоо эдийн засгийн талд авч буй сэхээн амьдруулах биш гэхэд сэргээх эмчилгээний ард манай талаас буюу улс төрийн намуудын үйл ажиллагаанаас хамаарах зүйл их гэдгийг эрх баригч сөрөг хүчин бүх нам эвсэл бодох, хариуцлагатай хандах цаг ирсэн нь энэхүү гал тахиа жилийн улс төрийн гол санамж.
Энэхүү эмчилгээний горимыг эсэргүүцэж Үйлдвэрчний эвлэл дуугараад эхэлсэн байгаа. Гэхдээ тэд бол амьд байгаагаа харуулсан жижигхэн амбиц. Чин үнэндээ хэтдээ гарах гол асуудал, гам алдах эрсдэл нь ирэх сонгуулиа бодсон эрх баригч нам дээр зангирсан хэвээр байх юм. Эдийн засгийн хэмнэлтийн хатуу гам горимтой эмчилгээг дутуу авч , эргээд популизмээ хөөвөл буцаад сэхээний орон дээр гарна. Бүүр дордсон байдалтай болно. Манайх шиг ОУВС-аас тусламж аваад дундаас нь хаяж эргэж буцсан нэлээд хэдэн улс байдаг. Тэдний хувьд эмчилгээ нь үр дүн муутай даа бус эцсийн дүндээ төсвийн хатуу чанд таналтыг эсэргүүцэх олон нийтийн дургүйцэл, сөрөг хүчнийхээ тоглолтыг тэсвэрлэж чадаагүй улс төрийн шалтгаантай байсан харагддаг.
Манай улсын хувьд энэхүү улс төрийн шалтгаан дээгүүр буюу улс орны нийгэм эдийн засгийн бодит бүх эрх ашгаас ямагт дээгүүр тавигдаж ирсэн байдаг. Сонгуулиа санхүүжүүлэх компанитай, сонгуулиар ялахад тараах бэлэн мөнгөтэй байхын тулд төсвийг сөхөртөл туйлдуулж ирсний хор гүйсээр эдий засаг ийн туйлдсан.
Одоо эдийн засгийн талд авч буй сэхээн амьдруулах биш гэхэд сэргээх эмчилгээний ард манай талаас буюу улс төрийн намуудын үйл ажиллагаанаас хамаарах зүйл их гэдгийг эрх баригч сөрөг хүчин бүх нам эвсэл бодох, хариуцлагатай хандах цаг ирсэн нь энэхүү гал тахиа жилийн улс төрийн гол санамж.
Сөрөг хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд гаргах олон хөзөр байгаа бол түүн дотор нь туйлдсан эдийн засгийн эмчилгээний үр дагавраар иргэд, эрх баригчдыг талцуулах тоглоомноос татгалзах ёстой.
Бид олон талт эрх ашигтай ч ганцхан эх орон, түүнд багтаах төрөө харж цөхөрч буй цөөхөн ард түмэнтэй. Үүнийг үл тоосон, хэтрүүлсэн хээгүйтсэн улстөрчдийн бохир, буруу сувдаг үйл ажиллагаа энэ улс орныг ийм өрөнд баригдсан, хараат эдийн засагтай болгож, тусгаар тогтнолын баталгаагаа алдахад хүргэсэн. Ардчиллын нэрээр 25 жилд эрх барихдаа эх орноо ийм эмгэнэлд хүргэснээ МАНАН ухаарсан шиг ухаарсан бол үүнийгээ ОУВС-ийн хөтөлбөр дээр харуулах болсон.
Засгийн газар ээлжит бус чуулганд төсвийн тодотгол хийх буюу ОУВС-ийн болзолд хэрхэн нийцүүлж өөрчлөх талаар хэлэлцүүлнэ. Засгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийсний дүнд долоон төрлийн татвар нэмэх тохиролцоонд хүрсэн байгаа. Эцсийн шийдлийг УИХ гаргана. Үүний ард хаврын улс төрийн хар, цагаан төлөвлөгөө хэрэгжиж эхэлнэ. Тэрхүү жагсаалтад эдийн засгийн зөв бодлого гарцаагүй алхмыг мушгин, иргэдээ талцуулах хар төлөвлөгөөг багтаах эрхгүй.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /