Өнөөдөр эх орончдын өдөр тохиож байна. Энэ өдөр Монголын улс төрийн ууган хүчин МАН үүсэн байгуулагдсан. Мөн МАХН ч энэ өдрийг улс төрийн хүчнээ үүсэн байгуулагдсан өдөр хэмээн булаацалддаг. Гэхдээ Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн огноо, эрэмбээрээр Монгол ардын нам ууган хүчин гэж явдаг билээ.
Учир нь УДШ-ийн бүртгэлд МАН-ыг улс төрийн хүчний нэгдүгээрт эрэмбэлж, 1921 оны гуравдугаар сарын 21-нд байгуулагдсан, 1990 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн гэж тэмдэглэгдсэн. Харин угшил нэгт МАХН-ын тухайд 2011 оны нэгдүгээр сарын 28-нд УДШ-д бүртгүүлсэн байдаг. Нэг угшилтай хоёр нам энэ өдөр тус тусдаа жанжин Д.Сүхбаатарын болон их эзэн Чингис хааны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсээр ирсэн.
Харин өнгөрсөн жил буюу 2016 оны энэ өдөр МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар нэгдэн цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан билээ. Тухайн он сонгуулийн жил байсан болохоор МАН, МАХН эргээд нэгдэх нь гэсэн мессэжийг олон нийтэд өгч байлаа. Гэхдээ тэд сонгуулиар нэгдэхээр ажлын хэсэг байгуулж, намын дарга нар гарын үсэг зурах хэмжээнд тохиролцоонд хүрээд асуудал шийдэгдээгүй юм. Өнөөдөр улс төрийн ууган хүчин МАН парламентад үнэмлэхүй олонхийн суудал авч, төрийн эрх барьж байгаа бол МАХН нэг суудалтай, сөрөг хүчний байр суурин дээр байгаа юм. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ хоёр хүчин аль аль нь нэр дэвшигчээ тодруулж, өрсөлдөх эрх нь хуулиар нээлттэй байгаа.
Өнөөдөр Монголд нийтдээ 24 улс төрийн хүчин УДШ-д бүртгэлжээ. Дээд шүүхийн бүртгэлээр улс төрийн дараагийн том хүчнээр өнөөдрийн парламент дахь сөрөг хүчин АН бүртгэгдсэн байдаг. Анхны улс төрийн хүчин 1921 онд байгуулагдсан байсан бол дараагийнх нь 2000 оны 12 сарын 06-нд МҮАН, МСДН, МШАН, МАСМН, МоАН-ууд нийлсэн, МСДН гэсэн зургаан намын нэгдсэнээр Ардчилсан нам байгуулагдсан байна.
Монголын улс төрийн хүчнүүдээс хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь хоёр том нам гэгдэх МАН, АН гурав дахь хүчнээс МАХН орж байна. ИЗНН өнгөрсөн 16 жилийн хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. ИЗНН-ын дарга С.Оюун өнгөрсөн хугацаанд тасралтгүй парламентад сонгогдсон хэдий ч 2016 оны сонгуульд нэрээ дэвшүүлээгүй билээ.
Бусад улс төрийн хүчнүүдийн тухайд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн жилээр үйл ажиллагаагаа сэргээж, бусад цаг үед “ичээндээ ордог” зуршилтай. Тухайбал УДШ-д бүртгэлтэй отгон улс төрийн хүчин Ард түмнээ хайрлая нам гэхэд сонгуулиас хойш нам жил байна. Энэ намыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай байгуулж, өнгөрсөн сонгуулиар өөрийн болон гэргий, хамаатан саднаараа сонгуульд нэр дэвшин өрсөлдсөнийг олон нийт мэднэ.
Дээд шүүхэд бүртгэлтэй хэдий ч үйл ажиллагаагаа тэр бүр явуулаад байдаггүй, нэр нь ч олон нийтэд танигдаагүй улс төрийн хүчнүүд ч байдаг. Тухайлбал, Хөгжлийн хөтөлбөр нам,Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын ард түмний нам зэргийг ямар үйл ажиллагаа явуулдаг, үзэл баримтлал, чиглэл нь байтугай нэрийг нь ч мэдэхгүй хүмүүс олон бий.
Тиймээс л Эх орончдын энэ өдрийг олон нийь улс төрийн хүчин байгуулагдсанаар нь хүлээн авч, тэр дундаа МАН-ын баярын өдөр гэсэн ойлголттой байдаг. Уг нь өргөн утгаараа Монгол хүн бүрийн тэмдэглэлт өдөр байхаар нэрлэгдсэн ч хаяг нь ганц намд л хамааралтай. Бусад улс төрийн хүчин ч энэ өдрийг өөрсдөдөө хамаатуулаад байдаггүй гэмтэй.
Тийм ээ, өнөөдөр Монголын улс төрийн ууган хүчин МАН үүсэн байгуулагдсаны 96 жилийн тохиож байна.
Н.Энхлэн