ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 8 төрлийн татвар нэмэхээр болсноо Сангийн сайд хэвлэл мэдээллээр дамжуулан уламжлаад байгаа. Үүнд, Хүн амын орлогын албан татвар, НДШ-ийг нэмэгдүүлнэ. Шатахууны импортын Онцгой албан татварыг үе шаттай нэмж, Хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувь руу шилжүүлнэ гээд татвар төлөгчдийн халааснаас төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлого барьжээ.
Харин төсвийн зардлыг танаж, орлого бүрдүүлэх талаар уг хөтөбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний саналд ганц ч үг үсэг дурдагдаагүй байна лээ. Эдийн засгийн хүндрэлтэй энэ жилүүдэд иргэд төр, засгаасаа цалин нэм гэж шаардахгүй, бор зүрхээрээ амьдралаа залгуулж яваа. Тэдний нуруун дээр төрдөө татвар төлөхөөс гадна хэрэглээний зээлээс эхлээд орон сууцны зээлээ хугацаанд нь нь төлөх асуудал олон. Тэр дундаа төрийн халамжнаас гадуур, цалингаас цалингийн хооронд амьдардаг нийгмийн дундаж давхрагынхан татвар төлөгчдийн дийлэнх массыг эзэлдэг. Гэтэл ирэх өдрүүдэд татвар нэмэгдвэл авдаг цалин багасаж, татаас ихсэж, хэрэглээний үнэ ч өсөх дүр зураг ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихтэй зэрэгцээд харагдаж байна. Монгол Улсыг олон төсвөө нэгтгэж, мөнгөний бодлогоо хяна гэдэг ОУВС-гийн зөвлөгөө уг нь зөв. ОУВС-гийнхан Монгол Улсын нөхцөл байдлыг харгалзан үзээд эргэн төлөх чадамжтай гэж тооцон ирэх жилүүдэд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор болж байгаа биз. Үүнээс 440 сая ам.долларыг ОУВС, үлдсэнийг нь донор орнуудаас авна.
Мэдээж өгөх хүн гэдийж авах хүн бөхийдөг. Манайхан энэ хэмжээний зээлийн эх үүсвэрийг авахын тулд эдийн засгийн нөхцөл байдлыг ямар байгааг сайтар учирлаж, магадгүй өнөөгийн байгаагаас дордуулж тайлбарласан хэтрүүлэг байгааг ч үгүйсгэхгүй. Гэхдээ төсвийн орлогыг бүрдүүлэх, тэр дундаа 8 төрлийн татвар нэмэх асуудал улстөрчид, эдийн засагчдын дунд хардлага дагуулж байна.
Учир нь ОУВС хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг улс орнуудад олгохдоо болзол тулгадгаас хэзээ ч хэлэлцээр хийж, шаардлага тавьдаггүй гэж эдийн засагчид ярьж байна. Засгийн газар төсвийн орлогоо нэмэгдүүлэх бодлого барьж байгаа нь зайлшгүй. Өнгөрсөн онд төсөв хэлэлцэхэд орлогоо нэмэгдүүлэхийн тулд иргэдийн халааснаас татахаар байсныг парламентчид дэмжээгүй. Харин ОУВС-тай хамтарч хэрэгжүүлэх хөтөлбөр Засгийн газрыг хүслээ биелүүлэхэд дахин боломж олгосон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс л өнгөрсөн онд ярьж байсан зүйлээ хэрэгжүүлэхээр 8 төрлийн татварыг нэмэгдүүүлэх шаардлага тавьсан хэмээн мэлзээд сууж байх талтай гэх хардлага олон нийтийн дунд байна.
Уг нь төсвийн зардлаа танавал тэрбум тэрбумаараа орлого нэмэгдэх л юм билээ. УИХ дахь сөрөг хүчний зүгээс татвар нэмэх бус төсвийн зардлыг бууруулах санал тавихаар шийдсэн байна лээ. Тэд “Засгийн газар эдийн засаг хүндэрсэн үед татвар нэмж байгаа нь байдлыг улам бүр дордуулж байна. Зардлыг танах тал дээр ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Төрийн албан хаагчдын тоог 15 хувиар танахад ойролцоогоор 800 орчим тэрбум төгрөг хэмнэнэ. Төрийн албаны зардлыг 5 хувиар танахад 450 тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Үүнийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх юм. ОУВС эдийн засгийг хумьж, хөгжлийг удаашруулсан зүйлийг санал болгож байна” гэсэн байр суурьтай байна лээ.
Сөрөг хүчний саналыг парламентаар дэмжих эсэх нь УИХ дахь МАН-ын бүлгийн байр сууринаас ихээхэн хамаарна. Цагаан сарын дараагаар УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, 2017 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй нөхцөл үүссэн.
Гэхдээ орлогоо нэмэгдүүлэхдээ татвар нэмэгдүүлэх үү, зардлаа танах уу гэдэг нь УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрээс хамаарна. Эрх баригчид сөрөг хүчнийхээ тавьсан санал, шаардлагыг тэр бүр хүлээж аваад байдаггүй. Засгийн газраас ОУВС-гийн хэлэлцээрийн явцын талаар МАН-ын бүлэг мэдээлэл сонсож чиглэл өгч байсан. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “төсвийн орлогыг татвар нэмэхгүйгээр зохицуулах боломж бий юу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Монгол эдийн засаг өсөлттэй байхдаа төр, засаг иргэн, аж ахуйн нэгжээ дэмжиж байсан. Одоо бид эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж байна” хэмээн хээвнэг хариулж байна лээ. Энэ нь цаагуураа одоо “та нар төр, засгаа бодолцох болсон” гэдэгтэй агаар нэгэн. Тэгвэл иргэд, бизнес эрхлэгчдийн татварын мөнгөн дээр төр тогтсоор ирснийг эргэж сануулштай.
Ер нь МАН-ын бүлгийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх засаглал үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тиймээс татвар нэмэх нь МАН-ын бодлого. Харин олон нийтийн эсэргүүцлийг харгалзаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэрэндээ сэв суулгахгүйн тулд шийдвэрээсээ ухарч магадгүй юм. Тэгээд ч төсвийн орлого нэмэгдүүлэх бол татвар нэмэх гэж яаралгүй, зардлаа танаж, өөрсдөөсөө эхлээрэй, эрх баригчид аа.
Н.Энхлэн