Өнгөрсөн зуунд гэхээр дээр үе гэдэгт орох юм даа. Ярьж хэлж сурснаар соц үед, 80-аад онд. Намын байгууллага, комиссын гишүүд улсын өмч хэрхэн зарцуулагдаж байгааг нүдээр харах, мөн жирийн иргэд хэр соёлжиж, шударга хөдөмөрөөр амьдарч байгааг шалгахаар хороо, хашаа айлуудаар том багаар явдаг байж. Хашаа хороогоо сайхан янзалсан өрхөөр оруулахаар хороон дарга хөтлөх ч том дарга нар гэнэдүүлэн хэнийх рүү ч хамаагүй орчихдог нь осолтой. Одоогийнх шиг биш. Тойрог жалга дов, манай танай нам гэж айлыг ялгахгүй гэнэт зочилно.
Манай нэг ах ийм шалгалтад өртөв. Ер нь бол хөдөлмөрч эр. Нэг томхон баазын жолооч. Тээвэрт бол давхихгүй, хот дотор аж ахуйн ажлын ГАЗ -53 барьдаг. Ам 4-үүлээ . Харин хашаандаа хөрөнгөлөг гэмээр. Нэг өвлийн шавар сууц, нэг үхрийн саравчтай . Үнэндээ бол үхэр малгүй өвөл машиныхаа хамрыг шургуулж байгаад хучдаг тал амбаар юм даа. Хамгийн гол нь 4 ам бүл байж саравчнаас гадна зуны 3 амбаартай. Энэ нь шалгалтынханд бол одоогийн олигарх шахуу харагдсан байх.
“... За та энэ олон зуны сууцыг барьсан банзыг хаанаас авсан бэ. Шалыг нь нарийн модон хайрцгаар хийсэн байна. Ховор сэлбэгийн хайрцгууд байна. Хар цаас нь ... пөөх бүгд шинэ, чулуутай хар цаас байна... Та социолист өмч хулгайлаад хувьдаа байшин барьцан байна даа ...” гээд. Шалгалт ахалсан намын том дарга ширүүлж, манай нөгөө муу ах тэр дороо байцаагдаж тогтоол уншуулах шахсан юм.
“ Энэ нөхрийг сайн шалгах хэрэгтэй. Байгууллагынх нь намын нэгжид хэл. Арга хэмжээ авахуулж районы намын хороонд бичгээр мэдэгд. Хөршийн, олон нийтийн хяналталд ав ... “ гэж үүрэгдсэнээр том дарга тэргүүлэн гадаалж ах маань хөлсөө арчсаар үлдэв. Социолист өмчийн эс ширхэг бүр болсон хэсэг муусайн хаягдлыг цуглуулж амбаар босгоод хэрэгт орсон жолооч ах тэрнээс хойш хашаандаа хагархай банз ч буулгахаа больсон гэдэг. Учир нь хажуу хашааны айлууд, олон нийтийн хяналтад орчихсондоо биш. Ерөөсөө нийтийн өмчийн хулгай “маш том” хэрэг, хатуу ялтай гэдгийг мэдсэн тул айсан хэрэг.
Төр ингэж өмчөө хянаж хамгаалдаг байлаа. Тэр үеийн зөвшөөрөгдсөн өмчлөл социолист буюу нийтийн өмч . Түүнээс ширхэг хадаас зөвшөөрөлгүй авч болохгүй. Асуудал нь хувьдаа олон амбаар барьж болохгүй дээ биш. Гол нь нийтийн өмч хулгайлж, хувьдаа хусаж болохгүй гэдэг хатуу зарчим л байсан хэрэг. Одоо манайд төрийн өмч гэж байна. Яг социолист өмч шиг болчихсон. Маш их хамгаалалт өмгөөлөл, давуу байдалтай мэт боловч тулаад ирэхээр хайрлах хямгадах эзэнгүй.
Төрийн өмчийг дээрэмдлээ, булаалаа гэнэ. Төр гэж яг хэн, ямар эзэн ард нь байгаа билээ. Түмэн олны төлөөлөл эрх баригчдыг хэлж байгаа. Энэ нь манайд нам төвлөрлөөр завхраад эрх барьсан бүлэглэл нийтийн өмчийг гартаа атгаад өрөм тосыг хамдаг болсон. Төрийн өмчийн нэртэй бүхнийг эрх мэдлийн халхавчаар сааж, мөлжиж хөлжих тул том бага Эрдэнэт олширч “Саалийн үнээ болгох“ гэдэг хэллэг сүүлд гарсан.
Хэн нэгний хөлс хүч шингээгүй, хэн нэгэн мөнгө өртөг шингээж бий болгоогүй мэт. Зүгээр л ТӨР-ийн мэдлийн өмч гэж байна. Үүндээ хүч нэмээд “Ард түмний өмч” гэж бас чимэг зүүнэ. Бүх завшилт баяжилт энэ л төрийн нэрээр халхалсан өмч хөрөнгө, түүний нэр дээр зоодог төсвийн их мөнгөн дээр явагдаж ирсэн байдаг. Жалга довны депутатаас, тойрог төлөөлсөн тэрбумтнууд олонтой гишүүдийнхээ бүх багцыг нэг харцгаая. Гөөхийний жижиг цех ажиллуулж, түүнийгээ боов талхны үйлдвэр болгон өргөтгөсөөр хөл дээрээ босож томорсон бизнесмен хэд байна даа. Хуруу дарам цөөхөн. Харин гэнэт баяжигсад олонх. Тэдний хувьд төрийн өмчийн буян даанч их юм.
Соц нийгэмд гурван зуны амбаарыг хайрцагны хаягдлаар босгосон ахыг гучин минут хашраагаад хариуцлага тооцдог байхыг нүдээр харж байлаа. Гурав дараалан төрд түшээгээр сонгогдоод сая сая доллар хураасан оффшорчин манайд төр барилцахыг энэ цагт үзэв. Нам нь оффшорчноо дахин сонгогд хэмээн сонгуулийн тойргоор шагнахыг мөн харав.
Социолист өмч, төрийн өмч гэх ойлголт байна. Харьцуулалтаар зөрүүтэй нь тодорхой. Харин Монголын хувьд энэ нь завшиж болдог үнэгүй хөрөнгө мэт. Төрийн өмчит бүх компаниуд алдагдалтай ажиллаж , шархыг нь татвар төлөгчдийн мөнгөөр нөхсөөр ирсэн ганц жишээ энд хангалттай.
ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ /ТОЙМЧ /