Шинэ Засгийн газар намар, өвлийн зургаан сард дамнан ОУВС-тэй хэлэлцээр хийж, “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болоод байгаа. Хэрэгжиж эхлэх нь хараахан баталгаажаагүй энэ хөтөлбөр улсын төсвийг төдийгүй хувь хүнийг ч бүсээ чангалахыг шаарджээ. Гурван жилийн хугацаанд донор орнуудтай хамтран нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авах энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд өрхийн төсвөөс танагдахаар байна.
Эхний ээлжинд хийгдэх арга хэмжээ нь 2017 оны улсын төсвийн тодотгол. Төсөвтөө тодотгол хийж, 8 төрлийн татварыг нэмснээр хэрэгжих эсэх нь шийдэгдэнэ. “2017 оны төсвийг тодотгохдоо урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй, харин ч орлого бүрдүүлэх үүднээс хэд хэдэн татварыг нэмэгдүүлнэ” гэсэн нь эхлээд таатай л сонсогдож байлаа. Гэвч нэмэгдэх татварууд өрхийн төсөв, иргэдийн хэрэглээтэй нягт уялдаж байна.
Шатахуун импортлогчдын шантааж
Манай шатахуун импорлогчид эдийн засгийн ямар ч үед онцгой албан татварыг буулгахыг төр, засгаас шаарддаг, монополь эрхмүүд. Тиймээс ч тэдний шаардлагыг төр, засгийнхан хүлээн авч, татварыг нь бууруулахаас аргагүй байдалд хүрдэг. Дэлхийн эдийн засагт нефтийн үнэ буурчихаад байхад манай импорлогчид эсрэгээрээ шатахууны үнийг нэмэгдүүлэх эсвээс төрөөс татаас өгөхийг шаарддаг. Харин ОУВС хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд 2017 оны 7 дугаар сараас болон 2017 оны 10 дугаар сараас хоёр шатлалаар буцаан нэмэгдүүлэхээр тусгажээ.
Гэхдээ хөтөлбөр хэрэгжих тухай албан ёсны мэдээллээс өмнө амжаад нефть импорлогчид шатахууны үнээ нэмчихсэн. Нэгэнтээ нэмэгдсэн үнэ ханш буурч, өмнөх хэвэндээ буцаад очдоггүй бичигдээгүй хуультай, манайх. Энэ оны төсвийн тодотголыг нэмэхтэй зэрэгцээд шатахууны ханшаа дахин нэмчих талтай,ялангуя иргэдийг бүтэн жилийнхээ ажлын алжаалыг тайлж, аялж, амарч байх долоо, наймдугаар сарын тогтуун улиралд шатахууны ханшийг хөөрөгдөх бизнес ухаан тэдэн бий. Ийнхүү шатахууны ханш нэмэгдэхтэй зэрэгцээд өргөн хэрэглээний бараа таваарын үнэ ярайтал өсч, цалингаа нэмүүлээгүй, нэмэгдэх ч цалингүй иргэд бүсээ чангалан чардайхаар өөр замгүй.
Хадгаламж баяртай
Хаврын тэргүүн сартай зэрэгцээд банкинд итгэх иргэдийн итгэл алдарч байна. Хөтөлбөр хүрээнд хадгаламжийн хүүгийн орлогод 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс татвар оногдуулахаар тусгасан. Уг энэ хууль 2018 нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих байсан хугацааг гурван улирлаар наашлуулж байна. Тиймээс иргэд банкинд хадгаламж бус харилцах хэлбэрээр л мөнгөө байршуулахаас аргагүйд хүрэх нь.
Цалингийн таналт
Төд удалгүй намрын ээлжит чуулганаар 2018 оны улсын төсвийг хэлэлцэхдээ Хувь хүний орлогын татварыг шатлалтайгаар нэмэгдүүлэхээр хэлэлцэж, алх тогшин баталчихна. Өнөөдрийн тухайд Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 10 хувийг нь, ажилтан өөрөө 10 хувийг нь төлж байгаа. Үүнийг 2018 оноос тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх юм. Мэдээж татвар төлөгч бидний мөнгө “Их өр”-ийг төлж, хугацаанд нь сунгахад нэмэртэй бус гэж тооцоход төрийн түшээдийн хэрэглээг хангаж, тансаглахад хувь илүү унацтай байгаа. Гэхдээ манай төр, засгийнхны хэрэгцээ, хэрэглээнд хязгаар байх биш.
Хүүхдийн мөнгийг ч тойрсонгүй
Өнөөдөр олон хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхлээгүй, өрхийн орлого доогуур иргэд хүүхдийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг. Харин шинэ төр, засгийнхан өнөөдөр хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлж 60 хувьд нь олгож байгаа. Орхигдсон 40 хувьд хоёр жилийн дараа хүүхдийн мөнгийг нь “бөөнд” нь олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл “EFF”-ийн таналт хүүхдийн мөнгийг ч тойрохгүй нь. Уг хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд нь олгохоор шийдвэрлэх юм билээ.
Ийнхүү уг хөтөлбөр хэрэгжсэнээр төр, засгийнхан 5.5 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авч, татвар төлөгчдөд татаас нэмэгдэх нь.
Н.Энхлэн