Монголчууд өөдрөг.
Засаг төр маш хатуу буюу нийгмийн дунд давхаргынхныг шууд онилсон хэмнэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ярьж эхлэхэд “Хятадаас л зээл аваагүй нь бол яахав” гэж уужирна. Ийм л эх оронч ард түмэн үү, хятадуудад үнэхээр харшилтай сэтгэхүй юу. Яг тулахаар бүгд оготно мэт тэрүүхэндээ бужигналдаад амь амиа хөөнө. Ирэх сонгуулиар “гайгүй дээ” гэж занасан улс суух. Харин энэ уужиралд нь дасгаж дөрвөн жилийн дунд болдог ганц өдрийн сонгуулийн хойно гарч сурсан улс төрчид нь 40 жилээр Монголын хөгжлийг ухрааж, эдийн засгийг тамирдуулсан шийдвэр гаргасаар ирсэн байдаг.
Мэргэжлийн гэсэн бааатарлал нь бараг наймаагаар гарч ирсэн гэх шүүжлэлтэй болсон энэ засаг тун хүнд шийдвэр гаргахаар болоод байна. Энэ шийдвэр нь засгийн газрын орших уу, эс орших уу гэх цаашдын хувь заяаг шууд барих бол доороо иргэдэд яаж амьдрах вэ гэсэн бүүрч хатуу сорилтоор буух юм.
Сангийн сайдын ээлжит эмх замбараагүй мэдэгдлээс харахад энэ бүхэн тодорхой харагдаж байна. Сонгуулийн дараахан Монгол Улс дампуурсан шахуу мэдэгдэл хийснээсээ хойш хэсэг чимээгүй байсны дараа засаг ийнхүү ээлжит гоншигнолоо урсгалаа. Өөрсдөө чадахгүй улс ингээд шар толгойтуудын ногоон мөнгөний аман доор үсээ маажиж, ээрч муурсан тайлбар хийгээд сууж байхаас гэж наанаа эгдүүцэвч цаанаа улс орноо иргэдээ үнэндээ өрөвдлөө.
Тэсээд сурсан ард түмэн Хятадаас мөнгө аваагүй бол” яадийн” гэж жиргэсээр цагаан сардаа хавтгайрна. ОУВС хөтөлбөрөө эхлүүлж манай улс мөнгөө аваад амьдрал үргэлжилнэ. Ерөнхийлөгчийн сонгууль болно. Өнгөн талдаа юу ч өөрчлөгдөж харагдахгүй. Мөн чанартаа ч Монгол Улсад юу ч өөрчлөгдөхгүй.
ОУВС-аас 440 сая ам.долларын тусламж авахын тулд бид тун хатуу болзолтой тулгарсан талаар хэвлэлүүд шуугиж байна. Энэ мөнгөөр эхний ээлжинд төсвийн тэнцвэрийг хангаж цоорхойг нь нөхнө. Харин үүнд хүрэхийн тулд төсөвтөө яаралтай тодотгол хийж хэмнэлтийн горимоо баталгаажуулах ёстой. Үүний дараа яг мөнгө зээл өгөх эсэхээ ОУВС , түүний захирлуудын зөвлөлийн хурал шийднэ. ОУВС бол ногоон талбай дээр ам.доллар тарьдаг фермерүүд бус. Олон улсын санхүүгийн зөвшилцлийн дагуу улс орнуудаас сан хөрөнгө үүсгэж тэр мөнгийг үр ашигтай гаргаж буцааж татан төвлөрүүлдэг. Манайд өгсөн мөнгөө найдвартай авах. Төр санхүүгийн сүлжээнд нэвтэрсэн авлига, үрэлгэн зарцуулалтаас сангийн мөнгийг хамгаалах. Эргээд төлөгдөх нөхцөлийг нь хангах зэрэг үндсэн дүрмээрээ л ажиллаж байна. Тэгээд ч хавтгайрсан халамжийг танахаас өгсүүлээд орлого талдаа давсан зардал гаргах бүх замыг хаахыг зорих болно. Татварыг шатлалтай нэмж төсвийн бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх болзлыг тулгана. Үүгээр төсвийн сахилга бат тогтоно гэж зарим эдийн засагчид үзээд байгаа. Маш товчдоо улстөрчдийн маньд таалагдах гээд, нэг бол бүлэгтээ шахаа гаргах гээд тараагаад хаядаг төсвийн мөнгийг нам түгжинэ. Зарлагыг танаж эдийн засгийн өсөлт бий болгохыг шаардана.
Товчдоо манай улстөрчдийн сонгуульд ялахын төлөө, мөн давхар бүлэглэл фракцаа бондойлгохын төлөө хийж ирсэн бүх алдаа завхрал, эдийн засгийн үр дагаврыг иргэдийн амьдралын 4 жилийн ээлжит тэвчээр хэмнэлт, татварын мөнгөөр нөхөх шийдийг гаргаад байна.
Архи, тамхи яахав нэмэгдэг гэж бодьё. Онцгой албан татвар, шатахуун, хөл дүүжлэх унааны үнэ нэмэгдэхээс өгсүүлээд дундаж наслалт 67-г давж байж тэтгэврийн 400мянган төгрөг авах эсэх дүр зураг бий боллоо. НДШ тэтгэврийн насны тухай энэ асуудал бол жич ярих маш том ярих асуудал. Энд товч хэлэхэд төр хүний хөлс хүчийг амьдралынх нь турш парацитлаад төсвийн цоорхойгоо нөхсөөр, олигарх төрүүлсээр. Эцэст нь оршуулгын мөнгө л гаргаж өгдөг “онцгой гажиг” тэтгэврийн тогтолцоо бий болох юм.
Яагаад ийм шаталсан татварын нэмэх бодлого тэд тулгаж байгаа билээ. Нэгэнт төсвийн цоорхойгоо нөхөж барахгүй дээрээ ар араасаа амлалт дагуулсан халамжийн хуулиудаа хамар доор нь батлаад байгаа ийм цайрсан засаг төрийг чанга гараар л барьж хянахгүй бол 440 сая ч түймэр болно гэдгийг дэлхийн санхүүчид багцаалж байгаа.
Тэсээд сурсан ард түмэн Хятадаас мөнгө аваагүй бол” яадийн” гэж жиргэсээр цагаан сардаа хавтгайрна. ОУВС хөтөлбөрөө эхлүүлж манай улс мөнгөө аваад амьдрал үргэлжилнэ. Ерөнхийлөгчийн сонгууль болно. Өнгөн талдаа юу өөрчлөгдөж харагдахгүй. Мөн чанартаа ч Монгол Улсад юу ч өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл бид суурь өөрчлөлт хийхгүй. Улс системийн ялзралаа засахгүй, эдийн засгаар шоудаад байна. Улс гэр, төр улс, нам төлөөлөгч бүлэг нэгдэл гэсэн эрэмб, эрх ашгийн дараалал алдагдсан байдал засагдаагүй үлдээд байна. Хуучин хөрсөн дээр шарилжийг нь зулгаагаад хар шороо цацах мэт. Ийм байдалд бол ОУВС-ийн 440 саяас ч илүү харсан манай Олигархууд үзэг бал, хурлын ширээ, гондоом авах төсөвтэй сууж байж чадна.
ОУВС-гийнхан ирээд өгөөд, мөнгөө тоолж аваад буцах санхүүгийн мэргэжилтнүүд. Үгийг нь дагахгүй бол биднийг энэ балчигтаа бүр живээрэй гээд хаяад гарна. Харин бид мөхөж бүдгэрч буй Монгол хүний саруул ухаанд итгэсээр, олон олон С.Зоригийг үгүйлсээр үлдэх ...
ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ /ТОЙМЧ/