-АТГ-аас Н.Алтанхуягийн ажлын байранд нэгжлэг хийжээ-
Уншигч танд ийм асуулт тавимаар санагдсан үе бий юу? АТГ болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хооронд ямар нэг асуудал үүсэх бүрт ийм асуулт урган гардаг. Учир нь Н.Алтанхуяг гэх албан тушаалаа ашиглагч өөрийгөө хамгаалж, жүжиглээд байна уу? Эсвэл АТГ гэх байгууллага хэн нэгний захиалгаар нөгөө нэгнийг хэлмэгдүүлэх гээд байна уу?.
Өчигдөр АТГ-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ажлын байруудад нэгжлэг хийсэн гэнэ. Юу хайсан талаар бид мэдэх боломжгүй.
Н.Алтанхуяг өнгөрсөн оны 11 дүгээр сард 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Монгол орноо нам дамжсан хуйвалдааны бүлэглэлээс чөлөөлөх хүсэлдээ хөтлөгдөн ийм шийдвэр гаргаснаа хэвлэлийнхэнд дуулгаж байв. Харин үүний дараа түүнийг АТГ-аас дуудаж, мэдүүлэг өгөхийг хүссэн. Хуулийн байгууллагын энэ хүсэлтийг Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн явуулга хэмээн ил тод зарласан. Тэрбээр ...манай Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэл амь тавьж байгаа юм шиг байна. Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог ардчиллын төлөө би тэмцээгүй. Ер нь Ц.Элбэгдоржийн үгэнд ормооргүй байна” хэмээсэн нь олны анхаарлыг татсан.
Үүний дараа Н.Алтанхуягийн гаргасан бас нэг гэнэтийн шийдвэр нь АН-ын даргад нэр дэвших байв. Нэг хоногийн өмнө тулгуухан гаргасан гэх түүний шийдвэр мөн л АТГ-ын хаалга татахад хүргэсэн хэмээн тэрбээр тайлбарласан.
Нэгдүгээр сарын 26-ны өдөр ирсэн АТГ-ын дуудлага экс Ерөнхий сайдын цөсийг багагүй хөөргөсөн. Хорих тогтоол үйлдэж байна, баривчлах нь гэх сенсаацийг аль хэдийнэ тарааж, Ж.Батзандан, О.Магнай гэхчлэнгээр намын нөхдөөрөө хүрээлүүлж очсон нь АТГ-ынхны дургүйцлийг төрүүлсэн. Тухайн үед Н.Алтанхуяг “АН-ын дарга болчихож магадгүй гэж бүлэглэлүүд санаа зовоод шөнө дууддаг болж. Надад хийсэн хэрэг байхгүй. Ц.Элбэгдорж М.Энхболдтой нийлж, намайг гэмтэн болгон харагдуулж байна. Монголын хамаг баялгийг сорж байгаа Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын толгойлсон бүлэглэлтэй үхтлээ тэмцэнэ” хэмээн МАН-ын дарга М.Энхболдыг дайсныхаа тоонд багтаасан мэдэгдлийг хийж байв.
Харин АТГ-аас “Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм” хэмээн буруутгаж, түүнийг хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандахыг сануулсан. Мөн МАН-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргаж, Н.Алтанхуягийг уучлалт гуйхыг шаардсан.
Өчигдрийн АТГ-ын нэгжлэг мөн л утга учиртай гэнэ. Тус нэгжлэгийг Н.Алтанхуяг Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгааны өмнөхөн хийж буй ээлжит явуулга хэмээн үзэж буй бололтой. Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн өндөр магадлалтай, чин хүсэл сонирхолтой хүн нь Н.Алтанхуяг учраас түүнийг зориудаар шалгуулж буй гэх хардлага ч байгаа гэнэ.
Үнэхээр Н.Алтанхуягийн карьерын чухал цаг үед АТГ-ынхан зориудаар түүнийг дуудаж, нам дарах төлөвлөгөөг гүйцэлдүүлээд байна уу. Эсвэл хуулийн байгууллагын албан ажлыг Н.Алтанхуяг шоу болгоод байна уу. Эргэлзээт олон асуултыг дагуулсан үйл явц хэрхэн төгсөхөөс дараагийн асуултууд урган гарна.
В.Бат