Шинэ парламент анхны чуулганаа завсарлуулаад, гишүүд гадааллаа. Шинээр бүрдсэн парламентад олонхийн бүлэг МАН ажлын 85 хоног төр, засгийн эрхийг атгаж, шийдвэрээ гаргаад түр завсарлаад байгаа энэ. Мэдээж, АН, МАХН болон бие даагч нийлсэн субъект сөрөг хүчнийг төлөөлж байгаа л даа. Гэхдээ олонхийн бүлгийн 65-аас 6 дахин бага тоотой тэд хэлэлцэж байгаа асуудал хэлэлцэхэд өөрсдийн байр сууриа хамгаалахад хүч дутаж, хэлсэн үгнийхээ төлөө эргээд олонхийн төлөөллийн “суманд ширшүүлж” байна. Өнөөдөр төрийн гурван өндөрлөгийн хоёрыг нь МАН дангаар эзэгнэж байгаа.
Намрын чуулганы ажлын 85 хоногийн хугацаанд батлагдсан бие даасан 22, хуульд өөрчлөлт оруулах тухай 190, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 3 хууль, УИХ-ын 59 тогтоолыг нэлдээ МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлийг агуулсан гэхэд хилдэхгүй. Намрын чуулганы хаалтын өмнөхөн О.Баасанхүү гишүүн л ганц дайчин ганцдахгүй гэгчээр чуулганы хуралдаан бүр дээр дахин дахин хэлж байж Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд сурын харваачдад улсын мэргэн цол олгуулах тухай санаачилсан хуулиа батлуулж чадсан.
Одоо чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж, баталсан хууль тогтоомжоо сурталчилж яваа. Мэдээж МАН-ын бүлгийн гишүүд “Манай намын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу эхчүүдийн хүүхдээ харах хугацааны НДШ-ийг 1.5 жилээр тооцож олгуулах, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр урагшлууллаа, жилийн 1.5 тэрбум хүртэл орлоготой аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар бууруулж хямралын энэ жилүүдэд бизнес эрхлэгчдээ дэмжиж байна. Ахмад настнуудаа бодолцож, 65-аас дээш настнууд Цагаан сар, Үндэсний баяр наадмаар жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн “Насны хишиг” хүртээхээр боллоо” гээд л нийгмийн чиглэлд батлагдсан хуулиудаа намын мөрийн хөтөлбөртэй уялдуулан сурталчилж яваа.
Үнэндээ ч МАН нийгэм, халамжид чиглэсэн хуулиудыг эдийн засгийн хямралын жилүүдэд ч батлан гаргалаа. Энэ нь зүүний үзэл баримтлалтай, нийгмийн түвшинд бодлогоо гаргадаг улс төрийн хүчний илрэл. Сонгогчид бид ч өнгөрсөн хугацааны олонхигүй бас цөөнхгүй олон суудал авч, хамтарсан Засгийн газрыг бүрэн эрхийнхээ хугацаанд ээлжлэн байгуулж, төр, засгийг тогтворгүй болгож байгаа улс төрийн хүчнүүдээс сэрэмжлэн энэ удаад нэг намд, тэр дундаа МАН-д үнэмлэхүй олонхийн суудал өгсөн. Тиймээс ч 2016 оны УИХ-ын сонгуулиар өөрийгөө сонгогдоно гэж хүлээн зөвшөөрөөч үгүй, санал хураалтын өдөр гэртээ унтаж байсан эрхэм ялалт байгуулсан мэдээгээ хальт сонсоод зүүдэн дундаа шахуу ухасхийн босч, сонгуулийн штаб дээрээ гүйхээрээ ирсэн эрхмүүд МАН-ын бүлэгт цөөнгүй бий.
Тэднийг төрийн түшээгийн дэгд сургах үүргийг УИХ-ын Тамгын газрынхан хүлээсэн байдаг. Тиймээс ч туслах, зөвлөхүүдээр нь дамжуулан ямар байнгын хороо аль танхимд хуралдахаас эхлээд, цагийн хуваарь хэлэлцэх асуудал зэргийг тайлбаран өгсөн биз. Харин хэлэх үг, өмсөх хувцас, хийх үйлдлээ хувь гишүүд өөрсдөө мэдэх хэрэг. Гэвч хуралдаан дээр бохь зажлах, боорцог идэх, зохисгүй хувцаслалт зэрэг шинэ эмэгтэй гишүүдийн гадаад үзэмж олны шүүмжлэлд цөөнгүй өртлөө. Энэ бүхнээ засч, залруулахаа мэдэх биз.
Басхүү олуулаа чуулганы танхимыг эзэгнэж байгаа омог эрх баригч хүчин МАН-ынханд нэвт шингэжээ. Тиймээс ч сөрөг хүчний гишүүдийг хэлэлцэж байгаа асуудлын эсрэг үг хэлэхээр олонх ар араасаа кноп дарж, сөрсөн эрхмийн зүгт үг хэлж, дайрах хандлага газар авлаа. Сөрөг хүчнийхэн дотор нударга зөрүүлчих нэгэн уг нь байгаа л даа. Гэхдээ тэд олонхийн дайралтад зөөлөн хандаж байна лээ. Үүний өмнөх парламентаар “МАН-ыг одоо газарт булна. Та нар цөөнх болсон” гэж олон суудал авсандаа аархсан, тавьтаргүй АН-ын гишүүн Г.Баярсайханы үгийг тэвчиж чадаагүй Ч.Хүрэлсүх чуулганы танхимаас дуудан гаргаж хариу эрийн шанаа өгч билээ. Харин энэ удаагийн сөрөг хүчний олонхид хүндэтгэлтэй хандаж байгаа харагддаг юм.
Уг нь сөрөг хүчнийг парламент дахь 11 эрхмээр төлөөлж болохгүй ард түмэн нийтээр шүү гэж МАН-ынхныг анх сонгогдож байхад сануулсан. Гэвч тэд үүнийг үл ухаарч байгаа даг. Тэр байтугай олонхийн бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийг ч үг хэлүүлэхгүй сөргөөцөлдөж, дууг нь хорихыг шаардаж, тавьтаргүйтсэн. Намрын чуулган хаалтаа хийх өдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр хувийн хэвшлээсээ буцаан авах асуудлыг хэлэлцэхдээ Төрийн тэргүүнийг байлцуулахыг шаардсан. Хуулиараа Монгол Улс ын Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд тааллаараа суух эрхтэй. Гэхдээ тэр өдөр Ерөнхийлөгч гишүүдийн саналыг хүлээн авч, чуулганы хуралдаанд оролцон өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Мэдээж хувийн хэвшлийнхээ эзэмшихээр худалдаж авсан хувийг төр булаан авч байгаад эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, энэ нь Монголын нэрийг олон улсад унагах шийдвэр болно шүү гэдгийг ч онцолсон.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлэх үгийг МАН-ын гишүүд таван хором сонсон, тэвчиж чадсангүй. Төрийн тэргүүнээ үг хэлж байхад УИХ-ын гишүүд нь чимээгүй бай гэж дууг нь хорихыг оролдсон үйлдэл Монголын парламентын түүхэнд анх удаа тохиолдож байгаа үзэгдэл ч байж болох. УИХ-ын дарга М.Энхболд гишүүддээ хандан дуугүй байхыг анхааруулсан ч чуулганы танхимд иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн жагсаал хийж байна уу гэлтэй орилолдож байна лээ. Арга яадахдаа УИХ-ын дарга М.Энхболд “Та нар Ерөнхийлөгчийг урьж оролцуулаад үгийг нь сонсох хэрэгтэй. Дараа нь өөрсдийнхөө шийдвэрийг гаргана биз” гэж учирласан. Төрийн тэргүүн ч үгийг нь тасалдуулахыг завдсан МАН-ын бүлгийн гишүүдэд “Хүний олон хүнээ барьдаггүй юм” гэдгийг үгнийхээ завсар сануулсан.
Төрийнй тэргүүнийхээ үгийг тэвчин сонсож чадахгүй байгаа түшээд ард түмэн бидний үгийг сонсох уу. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэгчлэн парламентын бүрэн эрх 4 жилийн хугацаатай. Бүрэн эрхийн хугацааны нэгэн намрын чуулган өндөрлөж, хасагдсан. Ирэх өдрүүдэд, хавар, намрын чуулганы хугацаанд ч олонхийн суудал авсан МАН-ын гишүүд үг үйлдлээ анхаарч, омгоо дарж ажиллаарай. Та бүхнийг тойрогтоо ажиллах үеэр ч олон нийт давхар сануулж, захиж байгаа биз.
Н.Энхлэн