Шинэ парламентын намрын чуулган ажлын 85 өдөр хуралдаж хаалтаа хийлээ. Намрын чуулганы хугацаанд “ном ёс”-оор 2017 оны улсын төсөв, эдийн засгийг сэргээх хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг баталлаа. Үндсэн чиглэлд тусгаснаар УИХ 2020 он хүртэл нийт 201 хууль 12 тогтоол хэлэлцэж батлах юм.
Намрын чуулганы хугацаанд нийтдээ УИХ-ын нэгдсэн хуралдаан 34 удаа болж, Байнгын болон Дэд хороод 140 удаа хуралджээ. Намрын ээлжит чуулганаар бие даасан 22 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 190 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 3 хууль, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн баталсан байна.
УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “УИХ намрын чуулганаараа сүүлийн жилүүдэд гаргасан бодлогын алдааг залруулахад анхаарлаа төвлөрүүлж ажиллалаа” гэдгийг онцолж байсан. Олонхи өмнөх парламентын үед баталсан ёсчлогдоогүй, хэрэгжиж эхлээгүй зарим хуулийг буцаан татуулж, дахин өргөн барьж хэлэлцүүлэн баталсан. Үүнд Гэр бүлийн тухай хууль, Насны хишиг гэсэн нийгэмд чиглэсэн хэд хэдэн хуулиуд багтсан билээ.
Энэ удаагийн шинэ парламент нэг нам үнэмлэхүй олонхийн суудал авч, удирдаж байгаагаараа онцлогтой. Тиймээс ч МАН-ын бүлэг хүний олноор асуудал шийдэгдэж, бодлогоо хэрэгжүүлсэн өдрүүд байлаа, цаашид ч энэ үргэлжилнэ. Байнгын хороо, чуулганы хуралдааны уур амьсгалаас сөрөг хүчин цөөндөж, олонхийн бүлгийн гишүүдийн илүүрхсэн тал илт ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний нэг эрхэм эрх баригчдыг шүүмжлэхтэй зэрэгцээд түүний араас олонхийн бүлгийн 10 эрхэм намаа, бодлогоо хамгаалан дуугардаг. Олуулаа байх хүчтэйг энэ парламентаас харж болох ч ганц дайчин ганцаардаггүйг О.Баасанхүү үлгэрлэж байгааг хэн ч үгүйсгэхгүй.
Намрын чуулганы 85 хоногийн хугацаанд шинэ эрх баригчид эдийн засгийн хүндрэлийг даван туулахад анхаарч хууль, хөтөлбөрийг цаасан дээр боловсруулж, хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэх засаглалдаа өгсөн. Гэхдээ өнөөг хүртэл Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт хөрсөн дээр хэрэгжиж, иргэдийн амьдралд мэдрэгдээгүй л байна. Шинэ он гаруут 2017 оны эхний ээлжинд төлөгдөх Хөгжлийн банкны 580.0 сая ам. долларын евро бондыг төлөх асуудалтай тулсан. Гэхдээ үүнийг Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг алдахгүйгээр өнөөгийн төлөвлөж буй байдлаараа цаг хугацаанд нь бүрэн барагдуулах нь зүйтэй гэж УИХ-ын дарга мэдэгдэж байна лээ. Нэгэнтээ хөрөнгө оруулагчид нүүр бууруулж, эдийн засгийн хямрал гүнзгийрч байгаа энэ үед Засгийн газар ОУВС-гийн “Стэн бай” хөтөлбөрт хамрагдахаар хэлэлцээ хийсээр байна. Хэлэлцээрийн шат дамжлага тун удахгүй дуусгавар болж, 580 сая ам.доллар төлөхтэй зэрэгцээд “Стэнд бай” хэрэгжиж эхлэх сурагтай.
Валютыг урсгалыг нэмэгдүүлж, хамгийн хурдан мөнгө олох шилдэг аргаар казино “шалгараад” байгаа. Тиймээс ч өмнөх парламентуудын үед дөлөөд баталж чадаагүй Казиногийн хуулийг энэ парламент хаврын чуулганаараа хэлэлцэхээр тусгасан байна лээ. Хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлээд казино байгуулвал жуулчдын тоо ч, валютын урсгал ч дотогшилно гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөөд байна.
Гэхдээ эрх баригчдын баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөр дунд хугацаандаа хэрэгжсэнээр экспорт нэмэгдэж, 2019 онд 4.9 тэрбум ам.долларт хүрэх, импорт 4.4 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.3 тэрбум ам.долларт, Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 1.7-2.0 тэрбум ам.долларт хүрч өсөх эерэг үр дүн гарах юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2017 онд 3.0, 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувьд хүрнэ гэж тооцож байгаа.
Намрын чуулганы хугацаанд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хуулиар жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй газар тариалан, мал аж ахуй болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа, хүнсний үйлдвэрлэл, нэхмэл болон хувцасны үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 4700 орчим жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлогын албан татварын хэмжээ 1.0 хувь болж байгаа юм. Мөн импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2018 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. Ингэснээр 54 мянга гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөтгөх, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой болно.
Цаашлаад намрын чуулганаар Ахмад настны тухай хуулийг баталсанаас 65-аас дээш насныхан Цагаан сар, Үндэсний баяр наадмаар “Насны хишиг хүртэж, хүүхдээ асарч байгаа эхчүүдийн НДШ-ийг 1.5 жилээр тооцох, малчдын тэтгэврийн нас наашилсан гээд иргэдийн амьдралд хүртээлтэй хэд хэдэн хууль батлагдсан.
Эдүгээ гишүүд тойргоо зорьж, намрын чуулганаар баталсан хуулиа иргэд сонгогчдод сурталчилж яваа. Эдийн засгийн хямралтай энэ өдрүүдэд төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа иргэдэд чиглэсэн хууль, хөтөлбөрүүд бага боловч нэмэртэй. Гэхдээ намрын чуулганы хугацаанд сэргээгүй эдийн засгийг хаврын яргуй цасан доороос цухуйхтай зэрэгцээд хөрсөн мэдрэгдэх хүлээлт, горьдлого нийгэмд байсаар байна.
Н.Энхлэн
Уншиж байна |