АН-ын VII иххурлаар С.Эрдэнийг намын даргаараа батламжилж, тамгаа гардууллаа. Одоо АН-ын хувь заяа түүний гарт шилжиж байна. Ирэх дөрвөн жилд АН-ыг хэр удирдан, залж, нийгэмд шинэчлэлийн дохиогоо мэдрүүлснээр 2020 онд ажлын үр дүнгээ үзнэ. Өөрөөр хэлбэл С.Эрдэнийг удирдагч эсэхээ дүгнүүлэх юм.
АН-ыг бүрдэн байгуулагдсанаас хойш С.Эрдэнэ нийслэлийн хэсгийг, тэр дундаа Баянгол дүүргийг өөрөөрөө овоглогдтол удирдаж ирснийг хэн ч үгүйсгэхгүй. Түүнийг улстөрийн хүрээндээ сайнаасаа саар нэр дагалдаж ирсэн ч тэрээр нийслэлийн АН-ын даргаас УИХ-ын гишүүн, сайдын албан тушаалд дэвшсээр ирсэн. Харин өнөөдөр түүнд АН ирлээ. Басхүү өмнөх дарга нараас онцлогтой нь сунгаанд оролцож, бүх гишүүдийн санал асуулгаар тодорлоо. Хэдийгээр олонхийн саналыг авахад хор найруулж, мөнгө тараах ажиллагаа явагдсан гэх хардлага дагалдаж байгаа ч улстөр өөрөө эрх ашгийн төлөөх тэмцэл. С.Эрдэнэ төдийгүй бусад нь ч бас нэр гар “цэвэр” өрсөлдөөгүй л байх.
Өмнөх дарга З.Энхболдоос ялгаатай нь АН-ыг сонгуульд ялагдаж, сөрөг хүчин байх хугацаанд удирдана. Басхүү албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, Их хурлын төлөөлөгчдөөр батламжуулан, тамгаа албан ёсоор гардан авч байгаагаа гээд олон олон онцлог дагалдаж байна. Гэхдээ АН-ынхан ирэх өдрүүдэд намын дарга руугаа уриа лоозон, шаардлага барьж гүйхгүй гэх баталгаагүй. Таван хүчний нэгдэл энэ намыг үе үеийн удирдлагууд нэг сэтгэл, нэгдмэл зорилготой болгоно гэж тунхагласаар ирсэн. Өмнөх дарга З.Энхболд гэхэд фракцгүй АН болгоно гээд амаа алгадуулсан. Харин шинэ дарга С.Эрдэнэ “цул болгоно” гэж уриалж байна лээ. Шинэчлэгдсэн дүрэм, шинэчлэлийг хүсч байгаа АН-ынхан цул болоход асар тэвчээр шаардлагатай л даа, нам дахь хэн нэг бүлэглэлийн хатгаасанд өртөхдөө амархан эрхмүүд.
АН-ын шинэ удирдлага тамгаа гардаж аваад намын Ерөнхий нарийн бичгийн даргаа өнөөдрийн Их хурлаараа багтаж тодруулна гэдгээ мэдэгдсэн. Харамсалтай нь үг, үйлдэл зөрлөө. Учир нь их хурал намын Ерөнхий нарийн бичгийн даргаа томилж чадалгүй өндөрлөв. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан яригдаж байсан фракцынх нь зүгээс УИХ-ын дарга асан З.Энхболдын зөвлөх байсан Г.Байгалмааг зүтгүүлсэн сурагтай. Гэвч генсекээ томилох асуудалд тохиролцоонд хүрч чадаагүй бололтой. Ямартай ч намын дарга ирэх өдрүүдэд Ерөнхий нарийн бичгийн даргын нэрийг оруулж ирэх юм билээ. Ингээд АН-ын дарга намынхаа гал тогоог бариулах эрхмийг сонгохоос сөрөлттэй туллаа. Гэхдээ энэ нь түүн асуудал биш. Өөрөө ч өмнөх удирдлагуудад тулгалт явсан үе бий. Харин өнөөдөр тамга өөрт нь ирсэн, цаг хугацааны хувьд сөрөг хүчин байгаа энэ үед Ерөнхий нарийн бичгийн даргаар өөрийн хүнийг хэрхэн дэмжүүлэн томилуулах эрх түүнд байгаа. Хүч хэрэглэх үү, ухаан зарах уу гэдэг нь хувь хүнээс хамаарх асуудал.
УИХ дахь АН-ын бүлгийн даргын албыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад шилжүүлсэн. Тиймээс АН-ын дарга хамт нэр дэвшсэн бусдыгаа ч орхихгүй ямар нь албан тушаалд томилж дэмжиж ажиллах даг.
Харин ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас хэний нэрийг дэвшүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. АН-ын даргын хэлснээр сунгаагаар хоёр хүний нэрийг дэвшүүлж, олонхийн санал авсанд нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болох юм билээ.
Ийнхүү сөрөг хүчний удирдагчийн цагийн зүү цохилж эхэллээ. АН-ын шинэ даргын ажил ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар бус 2020 оны УИХ-ын сонгуулиар дүгнэгдэнэ. 20 он хүртэл урт хугацаа мэт ч ажил хийх хүнд богино.
Н.Энхлэн