Манай улс аялал жуучлалыг хөгжүүлэхээр байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг тусгай чиг үүргийн яаманд хамруулаад ч гавьтай амжилт олоогүй. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд зуны гурван сар буюу 6-9 дүгээр саруудад л жуулчдын аялах таатай үе тохиолдог. Энэ үед ирсэн жуулчдын тооноос тухайн жилийн дүн гарчихдаг онцлогтой. Ер нь Монголын аялал жуулчлал 400-500 мянган жуулчнаас хэтэрдэггүй тогтсон тоотой болчихсон. 2016 онд Монгол Улсад 404 мянган жуулчин ирж, 312 сая ам.долларын орлого оруулсан байна. Уг нь хоёр жилийн өмнө Германы Берлин хотноо болсон олон улсын үзэсгэлэн яармагийн үеэр манай салбарын сайд "Монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэнэ" гэж байсан санагдана. Гэвч тогтсон тоо байрнаасаа хөдлөөгүй, бараг ухрах тал руугаа хэлбийж. Харин Монголын аялал, жуулчлалын салбарт ажиллагсдын тоо нэмэгдсээр 54 мянганд хүрчээ. Гэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн бодлогогүйгээс өнөөг хүртэл зөвхөн хувийн хэвшлийн нуруун дээр хөгжлийн үйл явц өрнөж ирсэн.
Гэхдээ л жил бүрийн төсөв батлах үед аялал жуучлалын салбараасаа хичнээн хэмээний орлого орох вэ, энэ салбарын орлогыг нэмэгдүүлж, жуулчдыг олноор татах хэрэгтэй гэх үг лоозон мэт яригддаг ч хэрэгждэггүй. Уг нь эдийн засгийн хямралтай энэ үед хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй юм гэхэд жуулчдын олноор татаж, орлогоо нэмэгдүүлэх бодлого төр, засгийнханд зайлшгүй байх хэрэгтэй. Гэтэл энэ талын сурталчилгаа ч дорвитой хийгдээгүй ирснийг Монголын талаарх гадаадын сайтуудын мэдээллээс харж болно. Монгол Улс гэхээр эсгий гэр, байгаль, Чингис хааны талаар цөөн мэдээлэл гарч ирдэг байна. Унаган байгаль, монгол гэр, их хаан Чингисийн түүхгүйгээр Монголыг төсөөлөх аргагүй. Шинэ цагийн жуулчдын нүдийг хужирласан бүтээл, ахуйг үүх түүхээрээ урлан, аялал жуулчлалын аль ч хэсэгт зорчсон, нүдийг нь баясгах үзмэр, сониуч занг нь татах үндэсний тоглоом, шохоорхлыг нь төрүүлж худалдан авалт хийх шинэ шинэ төрлийн үндэсний бүтээгдэхүүнийг ярайтал өрөх хэрэгтэйг олон жил гадаад дотоод явж, газар газрын амьдрал үзсэн түшээдээс эхлээд энгийн иргэд ч мэдэж байгаа.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар 2015 онд дэлхий нийтээр 1.3 тэрбум хүн аялжээ. Үүнээс 120 сая нь БНХАУ-ын иргэн байсан байна. Тэд аялахдаа нийт 125 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Саяхан болсон БНХАУ-ын цагаан сарын үеэр 600 мянган иргэн нь гадагшаа явсныг судалгаагаар тогтоожээ. Харин Монголд ирэх Хятад жуулчдын тоо буурсныг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол онцолж байсан юм. Тиймээс аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ямар бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар бодлого, хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа юм билээ.
эдийн засгаа тэлэх, солонгоруулах боломж нь аялал жуулчлал гэж албаны хүн бүр л ярьдаг. Харин жуулчид ирэхгүй байгаа нь гурван шалтгаантай гэж салбарынхан үзэж байна. Юун түрүүн, Монгол Улсын визний нөхцөл хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, интернэтээр виз авч болдоггүй. Заавал Элчин сайдын яам, Консулын газарт хандах шаардлага гардаг нь асуудал үүсгэдэг байна. Дээр нь манай агаарын тээврийн үнэ өндөр. Иргэний агаарын тээврийн үйлчилгээ зах зээлийн эрэлт, хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа нь бодит үнэн. Цаашлаад жуулчны бүтээгдэхүүний нэр төрөл тун цөөн, чамлалттай. Монгол орныг зорин ирж буй жуулчдад төрөл бүрийн үзэх, харах зүйл хомс нь ч туйлын үнэн. Тиймээс виз даруулахаар хөөцөлдөж, өндөр үнэтэй онгоцны тийзийг захиалж ирээд үзэж сонирхох зүйл хомс нөхцөлд жуулчид яаж манай руу тэмүүлэх билээ. Эдгээр асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж, ирэх жилүүдэд гурван газрыг аялал жуулчлалын бүс болгохоор ажиллаж байгаа юм билээ. Улаанбаатар, Хөвсгөл, Хэнтий аймагт аялал жуучлалын хөгжүүлэхээр хөтөлбөрөө боловсруулжээ. Улсын нийслэл Улаанбаатарыг аялал, жуулчлалын “үүд” хот болгож хөгжүүлэх зүйн хэрэг. Ер нь хоёр хөршөөс бусад орны жуулчид Улаанбаатарт хөл тавьсанаар аяллаа эхэлдэг.
Хөвсөл далай бол гадаадын төдийгүй дотоодын жуулчдын зорьж очдог газар. Тиймээс Хөвсгөл орчимд байгалийн аялал, жуулчлалыг хөгжүүлэхээр төрөөс тодорхой шийдвэр гаргах шаардлагтай байна. Наанадаж автозам дутуу барьсан, аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг зэргээс үүдэн Монголын аялал жуулчлалын салбарын нэр хүнд унаж байгааг салбарын сайд шүүмжилж байсан. “Тэнд зөвшөөрөлгүй 10 гэр, модон бие засах газар барьсан 34 аж ахуйн нэгж байгаа” гээд тоо дурдан ярих сайдыг өөрийг нь ч бас шүүмжлүүштэй. Учир нь өнөөдрийн парламентад төдийгүй өмнөх парламентын үед ч энэ салбарыг удирдаж яваа эрхэм. Улирлын чанартай, зуны гурван сар л жуулчин ирдэг манай орны нөхцөлд хэдэн гэр, модон жорлонгоо барих зөвшөөрөл хөөцөлдөхөөр төрийн хүнд суртал үзүүлэн, элдэв журам дүрэм ярьж, албан бичиг нэхэж, хугацаа алдуулдаг байх талтай. Тиймээс л аж ахуйн нэгжүүд хууль зөрчин, цагийн дулаан, байгалийн сайханд зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг нь гэм биш болчихсон. Харин эдүгээ үүнийг цэгцэлж, илүү өндөр, чанга стандарт тавих юм билээ.
Чингисээрээ дэлхийд гайхуулдаг манай улсын хувьд Их хааныхаа өлгий нутаг Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгохоор зорилт тавьж, Засгийн газарт санал хүргүүлээд байгаа юм билээ.
Ирэх жилүүдэд аялал жуулчлалын бүсийг дээрх гурван бүсээр төсөөлөх нь. Үүнээс гадна хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр визний хөнгөлөлт үзүүлэх талара ГХЯ-ны хамтран судалж байгаа аж. Энэ нь Дорнод, Замын Үүд зэрэг аймгуудаар орж ирэх жуулчдад зориулагдах гэнэ. Учир нь өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар дээрх аймгуудад аялахын тулд Улаанбатарт ирсэн виз авдаг байна. Харин дээрх аймгуудын хилээр орж ирэх бүлэг жуулчдад визний хөнгөлөлт үзүүлснээр жуулчдын тоог тодорхой хэмжээгээр өсгөж, орлогыг ч тэр хэмжээгээр бүрдүүлэхэд тустай гэж салбарынхан үзэж байна. Бүлэг жуулчин гэдэгт 15-30 орчим хүний бүрэлдэхүүнтэй, аялал жуучлалын мэргэжлийн байгууллагаар дамжин, нарийн зохион байгуулалттай орж ирэх хяналтын тогтолцоотой байдаг байна. Үүнтэй зэрэгцээд хятадуудыг визгүй зорчуулах нь гэсэн яриа гарсан. Харин Монгол Улсад Хятадын иргэнийг визгүй зорчих асуудлаар ямар ч шийдвэр гараагүй, гарах ч үгүй гэдгийг салбарын сайд онцолж байсан.
Нөгөө талаас аялал жуучлалаа хөгжүүлж, шууд орлого олох чиглэлээр казино байгуулах асуудал яригдаж байгаа. Өмнөх парламентын үед Казиногийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжээд завсарлсан. Энэ парламент уг хуулиар ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа. Тодорхой заасан чөлөөт бүсэд казино байгуулснаар валютын урсгалыг Монгол руу оруулж, эдийн засгийг сэргээхэд нэмэр болно гэж төр, засгийнхан толгой дохин дэмжиж байгаа. Харин хууль батлах, хэрэгжүлэх явц хэр хурдтай явагдахыг цаг хугацаа харуулах байх.
Ямартай ч аялал жуулчлал эдийн засгийг сэргээхэд жин дардаггүй юм гэхэд салбарынхаа орлогыг жилээс жилд өсгөн жуулчдын тоог нэмэгдүүлэхээд явахад уг нь далайд дусал нэмэртэйсэн.
Н.Энхлэн