Шинэ парламентын намрын анхны чуулган энэ долоо хоногт завсарлана. Өнгөрсөн хугацаанд МАН-ын үнэмлэхүй олонхитой парламентын тухайд ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй хэлэлцэх асуудал нь хойшлон гацаа үүсгээд байсангүй. Харин хурал цагтаа эхлэхгүй төвөг удах нь ердийн үзэгдэл байлаа.
Намрын чуулганы эхний хугацаанд өмнөх парламентын үед батлагдсан ч ёсчлогдоогүй байсан хуулиудыг буцааж, дахин өөрчлөлт оруулан өргөн барьж хэлэлцүүлэв. ХЗДХЯ-нд холбогдох Хууль сахиулах тухай, Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хилийн тухай зэрэг олон багц хууль буцаагдаад, өөрчлөлт оруулан дахин баригдаж, хэлэлцэн баталсан. Ер нь энэ намрын чуулганаар хамгийн ачаалалтай ажилласан салбар ХЗДХЯ гэж болно. Цагдаагийн тухай, Арбитрийн тухай гээд өнөө ч энэ салбарт хамаарах олон хууль парламентаар хэлэлцэгдэж байгаа.
Нийгэмд чиглэсэн нэлээд олон хуулийг парламент намрын чуулганаараа баталлаа. Тухайлбал Гэр бүлийн тухай хууль энэ сараас мөрдөгдөж эхэлсэн. Үүнд гэр бүлдээ хүчирхийлэн дарамтлагч этгээдийг хоёр хүртэл жилээр яллахаар хууль тусгасан. Гэр бүлийн гишүүнийг хорьж, яллах асуудалд зарим гишүүд эсрэг байр суурьтай байсан хэдий ч олонхи нь дэмин баталсан юм.
Дахин батлагдсан “Насны хишиг”
Өмнөх парламентын үед батлагдсан хэдий ч хэрэгжиж эхлээгүй байсан хуулиуд мөн буцаагдсан. Үүний нэг нь ахмад настнуудад олгох “Насны хишиг”-ийн тухай хууль. Энэ хуулийг олонхи буцаан татаж, дахин өргөн барихдаа 70 насыг 65 болгон, олгох мөнгөн дүнд нь өөрчлөлт хийсэн байлаа. Тиймээс эдүгээ УИХ-аас 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа насны хишиг олгох Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Ахмадууд энэхүү хишгийг авахын тулд хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандах юм. Ингэснээр 65-69 настанд 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настанд 150 мянга, 90 түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийг цагаан сар, улсын баяр наадмаар буюу жилд хоёр удаа насны хишиг болгон олгохоор болж, бүртгэл явагдаж байна. Засгийн газар Насны хишгийг олгохдоо банкуудыг өндөр насны тэтгэврийн зээл болон бусад зээл, зээлийн хүүнд суутган авах хориглохоор журамласан байна лээ.
Нийгмийн халамжийн чиглэлийн хуулиудыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн шөнө “бөөндөн” баталлаа. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг батлав. Хууль ийн батлагдсанаар 491.6 мянган хүн хамрагдана. Нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж тооцсон байна. Харин 1995 оноос хойшхи хугацаанд мал маллаж байгаа болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд даатгалаа нөхөн тооцуулна.
Эхчүүдэд зориулсан 1.5 жил
Нөгөөтэйгүүр Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргалаа. МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлэх, хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эхчүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй байх, төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцох, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах зэрэг заалтуудтай нийцүүлжээ. Өөрөөр хэлбэл эдгээр заалтыг уг хуулиар ажил хэрэг болгож байгаа аж.
Мөн хуулиар малчдын тэтгэвэрт гарах нас наашилж байгаа юм. Улсад 20 ажилласан үүнээс 15 жилийг нь малчнаар ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, улсад 20 ажилласан үүнээс 12 жил 6 сарыг малчнаар ажилласан 50 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэрт гарахаар болж байна.
90 хувийн хөнгөлөлт
Түүнчлэн эдийн засгийн хямралтай үед бизнес эрхлэгчдийг “харж үзсэн” хууль бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль. Энэ хуулийн хэрэгжилт энэ оны эхэнд дуусгавар болсон юм билээ. Тиймээс парламент дахь Ж.Ганбаатар нарын гишүүдийн санаачлагаар дахин өргөн баригдаж батлагдлаа. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөх юм. Гэхдээ бизнесмэн гишүүд нь татварын хөнгөлөлтийн хууль өргөн барихаар эрх ашгийн зөрчил үүсэх асуудал энэ парламентад үйлчлэхгүй бололтой.
10 жилийн цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаад олгоно
Гамшгаас хамгаалах тухай хуульд албан хаагчид, ар гэрийнхэнд ч нааштайгаар нөлөөлөх заалт тусгагдсан. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан албан хаагчдын ар гэрийнхэнд сарын нь дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг 10 жилийн турш олгодог байсан юм билээ. Үүнийг өөрчилж, 10 жилийн турш биш сарынх нь дундаж цалинг 10 жилээр нь тооцоолон нэг удаад олгохоор болсон.
Нийгэмд чиглэсэн хуулиудыг ар араас нь баталлаа. Нөгөөтэйгүүр салбар яамдын зүгээс ч иргэдэд чиглэсэн журмыг гаргасан. Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж 240 болгосон. Гэвч үүний сөрөг тал нь хөдөлмөрийн доод хэмжээгээр тооцогддог торгуулийн хэмжээ автоматаар өссөн. Ялангуяа иргэдэд өдөр тутамд мөрдөгддөг Жолоочийн хариуцлагын тухай хуулиар торгууль улам бүр нэмэгдлээ. Тиймээс холбогдох яамныхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцогддог торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулах асуудал ч сөхөгдөж байна лээ. Мөн ХААН болон Төрийн банкаар дамжуулан тэтгэвэр авагчдын зээлийн хүүг бууруулсан. Ахмад настны тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувийн хүүтэй байсныг 15 хувь болгож байгаа юм. Ингэхдээ богино хугацаат буюу 6 сар хүртэлх зээлийн хүүг л бууруулсан бөгөөд урт хугацааны зээлийг банкны хүүгээр олгох юм байна. Харин өмнө зээлээ авчихсан иргэд зээлээ төлж дуусгаж байж 15 хувийн зээлийн хүү рүү шилжих заалттай.
Ийнхүү шинэ парламент намрын анхны чуулганаараа нийгэмд чиглэсэн хэд хэдэн хууль баталснаар завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллахад хэлэх үг, хийсэн ажилтай л байна. Гэхдээ хууль хэлэлцэн батлах бүрт “Манай намын мөрийн хөтөлбөрт туссан” гэх үг дагалдаж байна лээ. Тиймээс чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллах олонхийн бүлгийн гишүүн бүрийн амнаас “манай намын, МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан” гэх үг тоть мэт давтагдах биз.
Харин сөрөг хүчин АН-ынхан шинэчлэл хийж, шинэ даргатай болсон намын дотоод асуудлаа илүүтэй анхаарах байх.
Н.Энхлэн