Долоон тэрбум хүнтэй дэлхий 2 тэрбум орчим авто машиныг өөр дээрээ өнхрүүлж байна.
Энэ том бүлийн нэг гишүүн болсон Монгол улс 3 сая хүнтэй, мөн сая илүү машинтай гэж байгаа. Манай хот хөдөөгүй хараа хэвийн, эрхтэн бүрэн бүхэн машин унах гэж зүтгэхийн учир их энгийн. Бүгд унах унаа амьдрах байртай болсон, Азийн Бар орон болчихсон доо бус. Өөрийн л юмаа өнхрүүлж байхгүй бол дэндүү “нийтэжсэн” нийтийн тээвэртэй тул бүгд автобусанд тухлахаас жийрхэнэ..
Утаа агаарын бохирдол ярихаар машинаа цөөлье, насжилтыг нь нам дарья. Шинэ машинаар бүгд гангарья гэх мэт уриалга явуулж байгааг өөр улсын томхон хотынхон харвал хөр инээд нь хүрнэ. Бидний жишээлэх дуртай баруунд бараг өрх бүх нэг машинтэй. Гэхдээ тэрийгээ манайх шиг өдөр бүр талхиад, малаа хүртэл хариулаад байдаггүй. Гэр бүлийн хэрэгцээнд зайшгүй унаа хэрэг болоход асаагаад гарна. Бусад үед нийтийн тээврээрээр хямд, ая тухтай, эрсдэлгүй зорчиж болдог л байхгүй юу. Манай нийслэл ч угтаа нэг их ялгаагүй. Зүгээр л манайхны хэлдгээр унаагүй буюу машингүй байхад нийтйийн тээвэр нь галт тэрэг шиг цагаараа ирдэг, шахцалдаан чихэлдээгүй явдаг байхад л болчих юм.
Бодлого нь нэг л болдоггүй газар л даа. Нийтийн тээврийн салбар хувьчлагдаж 20-д компани бий болж, автобусны тоо чиглэл нэмэгдсэн ч үйлчилгээний соёл аюулгүй байдалд чигчий хурууны өөрчлөлт ороогүй гэж болохоор. Нэг компани томроод нийтийн тээврийг нийтээр нь хангачихаар болоход төр гэх том менежер гарч ирээд зөрүүлээд нэг компаниа сөргүүлэн тавьснаар одоогийн автобус нэгтгэл байгуулагдсан гэж зарим хувийн хэвшлийнхэн өгүүлж байна.
Төрийн гарт байгаа компанид бас чамлахааргүй шахаа найраа байдаг талаар саяхан ҮЭ-ийн төлөөлөл нь үг унагажээ. Халаа сэлгээнээс гомдсон, хоосон хоцорсон талынхан тохироо үүсгэхээр хатгаж ийн дуугарав уу, үнэхээр ажилчдынхаа эрх ашгийн төлөө дуугарсан уу гэдгийг дүгнэхэд эрт байна. Харин нийтийн тээвэр парк шиэнчлэл хийж, үйлчилгээний орчин соёлоо нэмэгдүүлэхгүй бол үнэхээр олон иргэдийг лизингтэй машинруу түлхээд байгааг л хэлэх байна. Үүний ард өнөөх өвгөн машин, хорт утаа хүч хавсраад байгаа.
Нийтийн тээвэр заримдаа жижигхэн Эрдэнэт шиг болчихсон юм шиг санагдах. Дотор нь харж суудаг Үйлдвэрчний нөхдүүдийн хэвлэлийн хурал хэлснээр бол орон тоог үржин нэмэгдүүлж, сэлбэг хэрэгслийг хөнгөхөн хөөсрүүлээд шахчихдаг бололтой юм. Зах зээлийн үнэ 7 сая төгрөг байдаг сэлбэг запасаа байгууллага 13-15 сая төгрөгөөр авдаг гэх. Хэрвээ энэ үнэн бол дарга нар нь сэлбэг шахаад, шугаманд зорчигчид нь мөнгөнийхөө оронд бэлгэвч чихээд байхаар энэ салбар яаж өөдлөх билээ.
Дэлхийн жишиг Смарт карт нэвтрүүлээд байнга хиртэй мөнгө гартаа үлгэхийг болиулах алхам хийсэн ч бас л хагас дутуу. Кондуктор манаачийг хажууд нь тавьсан ч хэвээр. Иргэд нь 200 төгрөгний завсар хэрэглээгүй нэг гондоом ороож хийгээд 500 төгрөгөө бариулчихдаг болсон.
Нийтийн тээврийг нийтийн байр шиг л үзэмжээр хүмүүс хараад, өнөөдүүл нь тийм үйлчилгээ өгөөд сурчихаж. Шинэ мянганы Метро Полис хотын нийтийн тээвэр арай лэндүү л харагдах юм. Янгиа ч тохоод хамаагүй гэдэг шиг ямбий ч хамаагүй өөрийн л юм унахгүй бол барахаа байсан дүр төрхийг нийтийн тээврийн хоцрогдол үнэхээр бүрдүүлж байна. Их хот л гэнэ. 22 цагаас хойш автобус “од болно. Хүүхэд хөтлөөд халаасандаа 500 төгрөгтэй яваа бол осгож мэднэ
Төр нэг ийм л менежер байхгүй юу даа. Үндсэндээ нам дамжсан дарга нарын сүлжээнд наймааны эх үүсвэр болгож хаядаг, төсвийн мөнгөний цавчаанаас үлдсэн жоохноор нь амь зогоодог газрыг “төрийн өмчийн” гэж хайцаалаад байгаа юм.
Хувийн хэвшил хэдэн жил явахыг нь бодоод шинэ биш гэхэд он залуу дээр нь сэлбэг запас нь нь ойроос хямд олдохыг бодоод парк шинэчлэлт хийх бол төрийнх нь хаа байсан сураггүй Беларусаас залгаа автобус чирээд ирж байгаа юм. Замынхаа хэмжээ ачааллыг тооцвол уул нь давхар автобус олж ирэх хэрэгтэй байсан л даа. Төрийнх юм чинь энэ хамаагүй. Сэлбэгийг нь одоо ах дүү Беларусаас л зөөж таарах байх. Өөр газар байхгүй тул хэлсэн үнээр нь тулгаж авна. Алдагдал нь өнөөх төрд унах болохоор түй ч хамаагүй, дарга нар нь томилолт цохдог л байх. Бид хөгждөггүйн шалтгаан нийтийн тэврээр жишээлэхэд ердөө л энэ дээ.
Пүрэвжавын Баярхүү /тоймч /