АН-ын зөв эхлэлтэй, олон гогцоотой сунгаанд нэр дэвшсэн бүхэн зорилгодоо хүрсэн гэж болохоор.
Үндсэндээ Н.Алтанхуяг ба С.Эрдэнэ нарын хооронд халз тулаан болж арын гуравт автоматаар оногдсон санал хуваах байсан гол үүрэг нь биелэгджээ. Энэ бүхэн өнгөрсөн асуудал гэж мартахыг яарч буй олонхтой санал нийлж байна. АН-ын бүх амбицийг бүр биш гэхэд түр дарж чадах ганц уяа байгаа нь ЯЛАЛТ. Сайн, муу олон талаар ухуулсаар байсан ч С.Эрдэнэ ялсан нь ирэх сонгуулийн энэ л холдсон ялалтыг хүсэмжилсэн гишүүдийн савлагаа.
С.Эрдэнэ сонгуульд ялагддаггүй сайн сүлжээтэй. Сүсэгтэй нэгэнд нь цаанаас нь юм хараад байдаг гэмээр нөхөр. Их хуралд нам нь мултрахад С.Эрдэнэ бол сугараад гараад явчихдаг. 2016 оны сонгуулийн ялагдлын хиншүү унтраагүй байхад АН-аа дүүрэгтээ бол гаргаад л ирсэн үлгэр жишээ сонгуульчин. Сунгаанд хол ялж үүнийгээ дахин баталлаа. Харин хэр улстөрч болсон бэ гэдгээ жинхэнэ утгаар нь одоо харуулах болж байна.
С.Эрдэнийн өнгөрсөн улс төрийн замнал одоо архивт үлдэх ёстой ба түүний хувьд АН ба түүний гишүүдийн шинэ үеийн түүхийг эхлүүлэх үү. “АН том нам байсан юм “ гэсэн дурсамжийг үлдээх үү гэдэг хатуу даалгаврын өмнө ирсэн. Түүний ажил бол сөрөг хүчинтэй тулаад эхлэх бус сунгааны ард үлдсэн сэтгэл дундуур талынхныгаа нэгтгэх, эвтэй хүчтэй байх үзэл санаан дээр фракцуудаа задлах ажил гэж судлаачид харж байна. Ажлаа өгөхөөсөө өмнө бүүр цайрч, эхлэл төдийн байсан эв нэгдлийг нь утгаар нь байхгүй болгож, хэдэн гишүүнээ “од” модоор нь дуудсан шигээ суугаа З.Энхболдынхоо арыг даах гээд муйхарлаад байж болохгүй.
Ил хэлэх уриалга тунхагийн цаана далд явагдах улс төрийн амбиц тийм амар дуусчихгүй л дээ. Алтангадас нь намынхаа тэнгэрээс бүүр буучихаагүй байхад С.Эрдэнийн ялалтыг зөвшөөрөхгүй чигээрээ их хурлаа үзэж, эсэргүүцсэн жиргээгээ таслахгүй. Намын даргаас мултарсан дөрөв ч нумаа Ерөнхийлөгчийн сунгаа руу хөвчилсөн байгаа нь тодорхой. Харин сумыг нь хураах эсэх нь одоо шинэ даргын гарт ороод ирлээ.
Ерөнхийлөгчид нэр дэвших тохироон дээр АН-ын дотроо тохирох эвсэх эсэх гол панз үсэрнэ. Сунгаанд өрсөлдсөн саналын харьцаагаар харах юм бол экс дарга Н.Алтанхуяг нэр дэвшвэл олон нийтээс дэмжлэг авахаар байгаа гэж өнгөц дүгнэж болохоор. Гэвч түүнийг энэ сунгаагаар од нь бүүр харвасан гэж жийх хүн цөөнгүй. Түүний гол мэссэжээ болгоод байгаа МАНАН бүлгийн ард өөрийнх нь АН багтсан байгааг Н.Алтанхуяг байнга хэлж буй. Өөрөө ч энэ манан руу намаа хөтөлж оруулсан гол баатруудлын нэг нь. Тарьсан гэмээ засъя гээд л байгаа хүн л дээ. Одоо С.Эрдэнэ энэ МАНАН -гийн хаана зогсох уу гэдэг олон нийтийн гол хүлээлт. Ерөнхийлөгчийн сонгууль дээр МАН-д сул хүн хаяж улам манантуулах уу. Эцсээ хүртэл үзэж эхний ялалтаа намдаа авчирах нь уу гэдгийг жирийн гишүүд нь тун няхуур ажиглана.
Ирэх жилүүдэд Монголын улс төрд сөрөг хүчний үүргийг хэм хэмжээнд хийж, АН-ынхны алдаагаа засаж чадахаар болсон итгэлийг 36-хан сарын дотор ард түмний итгэл үнэмшилд багтаах удирдагчаар тодорчихлоо. Түүгээр яваа нэгнийг үүгээр дуудаад л энэ хүнд ачааг үүрүүлээгүй. Өөрөө “би чадна” гэсээр нуруундаа авлаа. Эрх мэдлийг нь өглөө.
Одоо С.Эрдэнийн хишиг биш зүтгэл энэ намд яаж буух, эрүүл саруул сэтгэлгээ, эмх цэгц бий болгож чадах эсэх, намаа аваад явах том стратегич байж чадах эсэхээ харуулах хэрэгтэй боллоо. С.Эрдэнэ одоо энгийн гишүүн биш болсон.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /