Улс төрчид, хөрөнгөлөг эрхмүүдийн орон гэрийг ухсан хулгайн бүлэг баригдаадхажээ.
Монголын тэргүүн баячуудын нэг Л.Чинбатынхаас нижгээд бурхан, ховор үнэт эдлэлүүдийг нь шуучихаж. Хуучин цагийн алтан нуухтай, шүрэн толгойтой, их гарын мана хөөрөг, дунд гарын шүрэн толгойтой манан хөөрөг, эртний хүрэлийн янгирын толгой хэлбэртэй таягны толгой хэсэг, 14 см өндөртэй Занабазарын хийцийн “Жанрайсиг” бурхан, 14 см өндөртэй “Бурхан” багш, очиртой мөнгөн хонх гээд л нийтдээ тэрбум давсан төгрөгөөр үнэлэгдэж буй эд зүйлийг Нарантуул зах дээр арилжих гээгүй нь тодорхой. Цаашаа яах гэж байсан бэ ? гэсэн асуултын хариулт нь хэрэгт хамтран сэжигтнээр татагдаад буй Солонгос улсын иргэн Пак Жун Хёонг /Bak Jong Yeong/ болж таарч байна. Дараагийн ухах айлуудын жагсаалтад юмтай хөрөнгөтэй алт мөнгөн цуглуулгатай толгой баячуудын гэрийн хаяг байршлын зураг хулгайн бүлгийнхэнд байсан нь онцгой олдвор болж. Тоон дотор үсэг гэдэг шиг эдгээрийн дотор зураач Ц.Саранцацралтын гэрийн хаяг, мөн нэрт зураачдын нэрс, Монголын ховор нандин бүтээлийн жагсаалт хэрэгтнүүдэд байсан гэнэ. Монголын түүхийн өвийг зөөчих дөхжээ.
Эрдэнэ-Зууг ухаж байхын оронд улс төрчид түүний хамсаатнуудын гэр орныг ухахад Монголын эртний ховор нандин бүтээл бурхад өрөөстэй байгааг тэд мэдэж байж. Эдгээрийг амжилттай туусны дараа хил давуулж гулгуулах хэт холын төлөвлөгөөтэй байсан хардлага Цагдаагийнханд байгаа юм байна. Харин энэ хэргийн талаар мэдээллийг уншсан комментууд бол бараг 100 хувь хулгайч нарын талд байгаа нь анхаарал татна.
Орост баячууд хөрөнгөтнүүдээ үзэн ядагсад пролетарийн хувьсгалаар яргалал үйлдэн, тэднийгээ тонон дээрэмдэж, хавчин хөөсөн үеийн дүр зураг манайд бий болоо юу гэлтэй. “Хулгайчдаас хулгайлсан байна, Зөв шд ээ” гэсэн утгатай эдгээр комментуудаас нийгэм маань баян ба ядуугийн туйлд тулж хуваагдсан уу. Нэг бол шударга ёсны итгэл үнэмшил үгүй болж , улс төрчдөд хэзээ ч үл итгэх ухамсарт автсан уу ? гэсэн асуултыг судлаач нарт үлдээсэн нь зөв байх.
Харин одоо өв соёлын үнэт зүйлсийн тухай хэдэн үг.
Хуучны гэж ярьдаг гайхалтай хийц хэлбэртэй, манай соёлын өв болох бүтээл, цуглуулгууд ямар хамгаалалтанд байна вэ. Дохиололтой хоргонд музейд байгааг нь орхиё. Бэл бэнчингээр цохиж аваад шилэн хоргондоо ил тавьж, хүний нүд хужирлаж байгаа баячуудын гар дээр байгаа соёлын үнэт өвүүд ядаж даатгалтай юу. Хулгай ч нараас олдсон жагсаалтын багцаагаар бол Монголын нэр нөлөө бүхий хөрөнгөлөг 10-аад айлыг ухахад хэдэн 100 жилээр үүх түүх нь яригдах өв соёлын бичээстэй Монголын бахархлууд хил гараад явчихаж мэдэхээр болчихжээ.
Гэр хорооллын нэг пингээс цагаан сарын бууз банш биш тусдаа хаузтай бүрэн дохиололтой айлуудыг ухчихсан байна гэдэг маш сайн төлөвлөсөн зохион байгуулалттай хэрэг гэж харахаар. Хэрэгтнүүд баригдахаасаа өмнө Л.Чинбат, Л.Гүндалай, С.Оргил, Б.Отгонбаяр нарын гэрээр “зочлоод” гарсан байж. Үүний цаана нэр дуулдаж буй Солонгос толгойлогч хилийн чанадад үнэ хүргэх сүлжээг хийж урамшуулж байсан гэж бодъё.
Мань толгойлогч “СО” биелэнэ гэж итгэхээр төлөвлөгөөг хулгайч нарын гарт атгуулсан тул цаадуул нь итгэлтэй хөдөлсөн гэж сошиал ертөнцийн чөлөөт мөрдөгчид таамаглаж байгаа нь ортой л байх. ЮНЕСКО-д бүртгүүлэхээр дараалал гаргасан биет бус өвөөс гадна Монголын урчуудын гайхамшигт хийц, ур сэтгэлгээг дэлхийд гайхуулах биет өвүүд хэний гарт төвлөрч, ямар хамгаалалтад байгааг хянан тохиох талаар соёлын асуудал эрхэлсэн сайдтан нэг сэхээрэн хармаар болжээ.
Цаана чинь манай баячуудын “гэр музей”-н судалгааг харийн нэг хулгайч гаргачихсан бүлэг зохион байгуулаад, тусгай ажиллагаа явуулчихсан байна шүү дээ.
Б. ХЭГЖҮҮН