Сонгууль эхэлсэн үү, үнэхээр ажлын хэсгүүд гэсэн төрөлжсөн бие даасан шүүх бий болсон уу.
Хэдийгээр эхний дүгнэлт ч гэлээ эцсийн шийдвэр мэт итгэлтэй гардаг ажлын хэсгийн дүгнэлтүүд ардаа болоогүй асуудлыг болсон мэт босгож, болохгүй байсан талцаан хэрүүлийн түймрийг нийгэмд эхлээд тавьчихдаг.
Өнгөрөгч парламентад Тавантолгойн төслийг тас татан зогсоосон Л.Эрдэнэчимэг гишүүний толгойлсон, З.Энхболд даргын загалмайлсан алдартай нэгэн ажлын хэсэг байлаа. Аливаа төрд хамаарах тогтоол шийдвэр гэрээ хэлцэл дээр гарсан ажлын хэсгийн дүгнэлтүүд Их хуралд оруулан хэлэлцүүлэх эсэхдээ тулдаг.
Харин үүнийхээ өмнө онцгой анхаарсан асуудлаараа бол заавал хэвлэлийн хурал зарлан олон нийтдээ хуваалцдаг болжээ. Энэ нь улс төрийн том зорилго тээсэн байдаг ба нийгэмд хүссэн шуугианаа тарихад чиглэгдсэн байдаг хандлага газар авч байна.
Хөгжлийн банкны ажлын хэсэг хэд хэдэн удаа сүртэй мэдэгдэл хийсэн боловч үндсэндээ нэг шалгалтын дүгнэлтээ хэд тасдан сонгуулийн хэмнэлд тааруулан өндөр авахуулсаар байсан. Мэдээж энэ үед орон нутгийн сонгууль хаяалж байв. Ажлын хэсгийн барин тавин хийсэн мэдэгдлүүд Хөгжлийн банкны талаарх иргэдийн бодлыг өөрчилж, АН-ыг хангалттай зүхүүлж чадсаныхаа дараа хэрэг дээрээ төсвийн талдаа байгаа өрийг нь бараг цайруулаад, өнөөх сүйрсэн банкаа дахин бонд босго гээд үлдээчихсэн.
Энэ ажлын хэсгийн шалгалтын ард Хөгжлийн банкны ийм хохирол ингэж барагдах боллоо гэдэг нь ч бүрхэг. Цааш нь цагдаа хүчнийхэн шалгана гээд ацагласан. Эхэндээ бол бараг цагдаа шүүхээс өмнө ажлын хэсэг бүгдийг тогтоогоод Бүгд найрамдахыг нь уншчихаар дүгнэлтүүд гаргаж байв.
Ээлжит ажлын хэсэг өчигдөр “тогтоол”-оо уншчих шиг болов. Эрдэнэтийн 49 хувийг Монголын компани авсан ба төлбөр хийсэн байдал, эх үүсвэрийг бий болгосон нь НО-той байгаа талаар бус шууд гэрээгээр халхавчлан хууль бусаар шийдсэн гэж дүгнэлээ. Энэ нь ажлын хэсгийн шалгалтын үр дүн, тайлан юм. Харин 49 хувийг төр өөртөө авах нь зүйтэй гэж төгсгөж байгаа нь яг шүүхийн тогтоол шиг байгаа юм.
Энэ саналаа их хуралд оруулж хэлэлцүүлнэ. Энгийнээр хэлэхэд үүнийгээ ажил болгож батлуулахаар Их хуралд дээр зүтгүүлнэ гэдгээ нэр бүхий улстөрчид нуухгүй байна. Энэ удаагийн ээлжит ажлын хэсгийн нэг халтай мэдэгдэл бол Худалдаа хөгжлийн банкны актив баланс руу хэт өнгийсөн байх юм. Энд ХХБ-ны хэвийн ажиллагаанд нь шууд нөлөөлөхөөр харилцагч нарт эргэлзээ түгшүүр төрөхөөр мэдэгдлийг хавчуулсан баримтууд. Монголын нэг банк иргэд харилцагчдаа алдаж хэвийн ажиллагаа нь доголдвол С.Эрдэнэ ван, Ц.Нямдорж гишүүн яах ч үгүй. Харин манай банк санхүүд хямрал нүүрлэнэ. Хөрөнгө оруулагчид үүрд үргэн одно доо.
Эрдэнэтийн 49 хувийг төр авах нь зарим иргэдэд таатай сонсогдож байж болно. Нэг муу компани хэдхэн нөхөр баяжих нь гэсэн явцуу атаархалд таалагдаж байж болно. Гэвч төрийн шахааны 50 хувь нь эрх мэдэлтнүүдэд үлдсэн байхад 49 хувийг татан авч /зарим хэсэг нь дээрэм болно гэж байгаа/ төсвийн нуруун дээр асар их ачаа дарамт үүрэхээр улайрч буйд яг оновчтой тайлбар одоогоор алга байгааг энд дурдууштай. “Монголын Зэс” компанид зээл олгосон хийгээд 400 сая ам.долларыг ХХБ-ныхан босгосон гэж ажлын хэсгийн дүгнэлтээс ойлгогдлоо. Цаана нь бондын мөнгө ч орсон гэсэн хардлага бий. Мөн энэ бүх эх үүсвэрээ яаж босгосон талаараа ХХБ-ны удирдлага тодорхой мэдээллийг олон нийтэд өгмөөр.
Их хурлаар хэлэлцүүлэлгүй Засгийн газрын 330 дугаар тогтоолоор 49 хувийг хувьчилсан нь бол хууль зөрчсөн байгаа нь тодорхой. Үүнийхээ хариуцлагыг Засаг толгойлж байсан Ч.Сайханбилэг үүрэх хэрэгтэй.
Харин Монголынхоо тогоонд ороод ирсэн саалийн ганц үнээгээ хоёр эвэрнээс нь зуурч шүд хавиран булаацалдах нь гадны улсуудад ямар харагдах хийгээд Путин ахын ярьсан хэлсэн, барьсандаа байх ясны зарчимд нь яаж буухыг олон нийт төсөөлж сууна. Энэ талаар хожим дэлгэр ихээр бичихээр судалж буй тул үүгээр ажлын хэсгийн дүгнэлт нь шүүхийн тогтоол болчихоод байгааг л анхааруулан хөндлөө.
ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ /ТОЙМЧ/