Өмнөх парламентын эмэгтэй гишүүд ямар ГОЁ байлаа. С.Одонтуяагийн донжтой байдал, С.Батчимэгийн дипломат шинж чанар, С.Оюуны “төмөр хатагтай” төрх, З.Баянсэлэнгийн дэгжирхэл гээд тэд гялалзаж байв. Хаана ч явсан гадаад өнгө төрхөөрөө нүүр түлж байсангүй.
Харин өнөөдрийн парламентын эмэгтэй гишүүд, ёстой арай ч дээ. Тэдэнд идэж ууж, унтахаас өөр ид шид алга. Эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнгөрсөн оны есдүгээр сард БНСУ-д айлчлав. Монголын парламентын нэр, нүүр болж явсан тэдний хувцаслалт, түлсээн түлсэн. Өнгө өнгийн эрээвэр хураавар плаж, өмд цамц. Наймаа хийдэг хар захын авгайчууд ч албан ёсны арга хэмжээнд ингэж хувцаслахгүй. Чихрийн цуглуулга шиг хувцаснаасаа болж, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг, М.Билэгт, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар олон нийтээс багагүй шүүмжлэл хүртсэн. Хүмүүс ядаж л монгол дээлээ өмсчихгүй дээ гэж халаглан, өмнөөс нь ичиж, зарим нь мэдлэг мэдрэмжээрээ зөвлөгөө өгч, үнэгүй хичээл заасан. Гэвч тэд засал авсангүй. Одоо бүр идэш уушаа ч аятайхан зохицуулдаггүй, хувийн соёлгүй гэдгээ харуулж эхэллээ.
Унтамхай сайд
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзалт хийв. Агаарын бохирдлын талаар шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудыг байлцуулж, утааны талаар санал бодлоо илэрхийлэв. Ерөнхийлөгч индэр дээрээс утааг, сэтгүүлчидтэй хамтатган загнаж байх хооронд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол зүүрмэглэж байв. Таван парламентад төрийн түшээгээр сууж, байгаль орчны сайдаар хоёр дахь удаагаа томилогдоод буй түүнд агаарын бохирдол хамаарахын дээдээр хамаарч, зарим талаар хариуцлага ч яригдана. Гэвч сайдтан энэ асуудлыг унтаж байгаад “шийдчих” бололтой. Энэ үйлдлээ Д.Оюунхорол “Би уг нь Батзориг гишүүнтэй зэрэгцэж суугаад цоглог л байсан” хэмээн тайлбарласан.
М.Оюунчимэгийн идэлт
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг сайхан цайлав. Кофегоо ууж, боов боорцгоо идэв. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хуулийн төсөлд байнгын хороодын гишүүдийн хэлсэн саналыг тусгаагүй, орхисон хэмээн хариуцлагын тухай ярьж байхад мань гишүүн хажууд нь идэж л суув. Харин энэ идэлтийг нь олон нийтэд дамжуулсан хүн рүү уурлаж, авсан өгснийг нь илчилнэ хэмээн айлган сүрдүүлсэн байх юм. Дэргэд нь суугаа гишүүн үг хэлж байхад хажууд нь идсэн тэр камерын дуранд өртөх нь ойлгомжтой биш үү. Иргэдийн төлөө нойр хоолгүй зүтгэж байгаа учраас кофе уунгаа ажилласан хэмээн өөрийгөө өмөөрчээ. Ер нь төрийн шийдвэрийг ярьж байгаа энэ танхим идэж уудаг газар мөн үү. Төрийн түшээ хүний биеэ авч явах байдал, ёс суртахуун хаачив?!
Зажилдаг гишүүн
Өмнөговь аймгаас УИХ-д нэр дэвших хүн олдохгүй, хэн ч яахав гэж Н.Амарзаяа гэх бүсгүйг түлхтэл тэр нь гарчихсан хэмээн инээдэм, ханиадамын дундах нэг яриа бий. Азтай ч гэх үү, золтой ч гэх үү нэг тийм тохиолдлоор УИХ-ын гишүүн гэх алдартай болсон Н.Амарзаяа төрийн хүн болох хаа ч байсан юм. Ядаж л хаана бохь зажлах, зажлахгүйгээ мэдэхгүй байна. Соёлтой хүмүүс олон нийтийн газар бохь зажилдаггүй, бүр автобусанд ч бохь дуугарахаас зовдог хүн байна. Гэтэл төрийн түшээ маань хуралдааны танхимд ангалзтал бохь зажилж, намайг хэн хэлэхэв гэсэн төрхтэйгээр элгээ тэвэрч сууна. Өмнөговийн гудамжинд бохь зажлаад зогсч байвал түүнийг хэн ч хэлэхгүй, гоочлохгүй. Харин төрийн хуралдааны танхимд, хажууд нь суугаа гишүүн үг хэлж, бүхний анхаарал түүн рүү төвлөрсөн үед ангалзаад сууж байгаа нь өөрийгөө ямар хүн бэ гэдгээ харуулж буй хэрэг. Олон нийтийн дунд яваа энгийн нэгэн хувийн соёл, биеэ авч явах байдалдаа анхаардаг. Харин монгол төрийн түшээ гэгдэж буй түүнд ийм чанар алга.
Манараа Б.Ундармаа
“УИХ-ын гишүүн Б.Ундармаа суудлаа андууртлаа согтуу байжээ” гэх мэдээлэл хаа сайгүй. Хажууд нь байгаагүй учраас согтуу эсэхийг хэлэх боломжгүй. Ямартай ч тэр нэлээн будилуу харагдана. Суудлаа олсон ч хэлэлцэж буй асуудлыг мэдэж байгаа шинжгүй. Үг хэлж байгаа гишүүний ам руу орчих шахан, асуудлыг ойлгох гэж ядаж буй мэт бүлтэлзэж буй дүр зураг. “Бишрэлт”-ийн Ундармаа бизнесмен бүсгүй гэж дуудуулж явснаас УИХ-ын гишүүн гэж хүндлүүлж байгаагүй. Намдаа хандив дэмжлэг үзүүлж төрийн түшээ болчихвол л гэж зүтгэснээс болсон хойноо яахаа бодоогүй биз. Төрийн тэр дундаа шийдвэр гаргах өндөр албан тушаалд очсон хувь хүн мэдлэг, мэдээллээс гадна хувийн соёл, ёс суртахуунтай байх ёстой. Дөрвөн жилийг суудлаа хайж, манарч өнгөрөөхгүй гэж найдъя.
УИХ-д 13 эмэгтэй гишүүн бий. 63 эрэгтэй гишүүний дунд тэд мэдлэг мэдээллээр биш гэхэд гадаад төрх, хувийн соёлоороо гялалзаж байх ёстой. Дараагийн парламентад дахин суух эсвэл энэ УИХ-д нэр төртэй байхыг хүсвэл өнөөгийн төрхөөсөө салах хэрэгтэй. Идэж уух хэрэгцээ, унтах нойроо зохицуулах ёстой. Төрийн хуралдааны танхим цайн газар, амралтын өрөө биш гэдгийг санах учиртай. Бас бохь зажлах хоббигоо хазаарлах хэрэгтэй. Төрийн түшээ болж, түмний нүдний өмнө гарчихаад соёлгүй загнаж, түүнийхээ төлөө бусдыг буруутгах хэрэггүй.
Өмнөх парламентын эмэгтэй гишүүдээс суралцахад буруудах зүйлгүй. Тэд аминдаа арчаатайгаар төрийн ажлыг хийж байсан. Харин өнөөдрийн эмэгтэй гишүүдэд ууж идэж, унтахаас өөр “ид шид” алга даа.