Идэр гурван есийн хүйтнийг үл ажран АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид хөдөө хотыг тойрон гороолж байна. Өнгөрсөн дөрвөн жил эрх барьж байхдаа ч АН-ын төлөөллүүд ингэж уулзалт хийж байгаагүй. Ер нь тэдэнд орон нутагт олноороо, урт хугацаагаар уулзалт хийгээд явж байх зав байтугай сэтгэл ч байгаагүй байх. Харин их ялагдлын дараах гашуун сургамж тэдэнд хөрсөн дээрээ бууж гэрээ төвхнүүлэхээс ажлаа эхлүүлэхийг хатуу шаардлаа. Төрийн ордон, намын цагаан байрнаас цааш мөрөө гаргахаа байсан АН-ынхан хөдөө хотыг сүлжин шинэчлэлийн шугамаа татаж явна.
Уулзалттай зэрэгцээд өрсөлдөгчид бие биенээ хурцалсан мессэжийг сошиалаар байнга өрнүүлж байгаа харагдсан. Тухайлбал, нэр дэвшигч Лу.Гантөмөр “Ардчилсан намд Батзандангийн хурц дайчин, Алтанхуяг даргын эвтэй, Эрдэнэ даргын тууштай, Эрдэнэбат гишүүний зарчимч чанар бүгд хэрэгтэй” хэмээн жиргэсэн бол нэр дэвшигч Н.Алтанхуяг “Эркатайгаа Ардчилсан намаа хамтран удирдаж олон ялалтад хүргэсэн. Эрдэнээ, Ганаа хоёртойгоо Шинэчлэлийн Засгийн газарт хамтран бүтээн байгуулж, Зандан бид хоёр бүлэглэлийн эсрэг хамтдаа тэмцэж байгаа. Эв эеийг хичээн Ардчилагчидтайгаа хамтран Монголынхоо төлөө зүтгэнэ ээ. Дэмжээрэй” хэмээн бие биедээ хүндэтгэлтэй хандаж байна.
Нэр дэвшигчийн үнэмлэхээ цэцгийн баглаа бус сумтай хамт гардан авсан таван эрхэм одоогийн байдлаар хот хөдөө нийлсэн 20 орчим уулзалт зохион байгуулаад байна. Тэд наран ургах зүг Хэнтий аймгаас сурталчилгаагаа нээж, Төв, Говь-Алтай, Булган, Өвөрхангай, Завхан, Баян-Өлгий гээд буухиа үргэлжилсээр байгаа. Нэр дэвшигч эрхмүүд сонгуулийн сурталчилгаа цөөн хоногт амжиж уулзалтаа хийхээр аймгаас аймгийн хооронд унтах, амрахыг умартан жирийлгэж байна. Уулзалтын бэлтгэл ажлыг хангаж, хүлээн авч байгаа аймгийн намын хороод, нэр дэвшигчдийн сонгуулийн багийнхнаас алинтай нь илүү ойр ажиллаж байгааг таван эрхэм гадарлах байтугай доторлож байгаа.
Нэгэн зэрэг уулзалт зохион өрсөлдсөн байгаа таван эрхмээ АН-ынхан “Эвийн 5” гээд хөөрхөн тодотгосон байна лээ. Шинэчлэгдэх АН-ыг удирдахаар өрсөлдөж байгаа эрхмүүд хоорондоо эвтэй байгаа нь юу л бол. Уулзалтын үеэр дипломат зан гарган, бие биерүү мишээл тодруулж байгаа ч хөшигний ард нэр дэвшигчдийн багийнхан жинхэнэ өрсөлдөөнийг өрнүүлж байна. Сурталчилгааны өрнөл хэсэгт нэр дэвшигчдийн зарим нь мөнгө тараасан, намын гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, саналыг өөртөө татахаар мөнгө байршуулсан гээд шуугиан дэгдээд эхэлсэн.
Нэр дэвшигчдийн сурталчилгаатай зэрэгцээд АН-ын дотоод өөрчлөлт явагдаж байгаа. АН-ын Их хурлаас гарсан шийдвэрийн дагуу намын гишүүнчлэлийн шинэчилсэн бүртгэл явагдаж дууслаа. Өмнө нь АН 170 мянга гаруй гишүүнтэй гэдэг байсан. Шинэчлэгдсэн бүртгэлээр ч энэ тоогоо баталгаажуулжээ. “Энэ сарын 06-ны өдрийг дуустал улс орон даяар намын гишүүний шинэчилсэн бүртгэл, татвар төлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Энэхүү бүртгэлээр Монгол Улсын хэмжээнд 176,000 гишүүн бүртгүүлж, татвараа төлөөд байгаа” гэж зохион байгуулагчид мэдээллээ. Намын гишүүний бүртгэлээ цахимжуулахад 1200 төгрөгийн татвар төлнө. Энэ нь намын гишүүнчлэлийн жилийн татвар. Шинэчлэгдсэн бүртгэлээр нийтдээ 211 сая 200 мянган төгрөг АН-ын дансанд оржээ. Үүн дээр нэг нэр дэвшигч 250 сая төгрөгийг тушааж, сонгуульд оролцох эрх нээгдсэн. Таван нэр дэвшигч нийтдээ 1 тэрбум 250 сая төгрөгт болж байна. Ямартай ч АН-ын даргын сунгааны явцад АН-д нийтдээ 1.5 тэрбум төгрөгийн орлого оржээ. Гэхдээ эндээс сонгууль зохион байгуулах бэлтгэл ажилд зарцуулахаар тооцоолсон байгаа. Харин АН-ын гишүүдийн бүртгэлийн татварыг “но”-той гэж хардах хэсэг байна. Учир нь гишүүдийн саналыг татах зорилгоор нэр дэвшигчдээс татварынх нь мөнгийг төлсөн байна гэх хардлага явж байна лээ.
Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл дуусч, нэр дэвшигчдийн сурталчилгааны хугацаа ч өндөрлөх дөхөж байна. Ямартай ч АН-ын сөрөг хүчин боллоо гээд цагаан байраараа эргэлдэн шүүжмлэл өрнүүлээд байсангүй. Намын даргад нэр дэвшигч эрхмүүдээр төлөөлүүлэн орон нутгийг дайлж, намын гишүүд, иргэдийн үгийг сонсон, эрх барьж байсан дөрвөн жилийнхээ алдаа, оноог ч хөрсөн дээр буулган мэдэрч байгаа биз.
Харин тун удахгүй шинэ дарга тодорно. Таван сумнаас хэнийх нь илүү хол харайх бол?
Н.Энхлэн