Оршилд дуулиант Төрийн банкны талаарх Их хурлаас гаргасан төгсгөлийн шийдвэрийн тухай товч өгүүлэх байна.
Хөгжлийн банк бондын мөнгийг үр ашиггүй үрсэн гэсэн дуулиантай дүгнэлт гарч, ажлын хэсэг үгээ барж жүжиглэсэн ч цаанаа эрх баригчид энэ саалийн үнээгээ зуураад үлдлээ.
Төсвийн хөрөнгөд хамаарах өр зээлийг нь тэглэх шахуу тогтоол батлаад, зээл авсан зувчуулсан хувийн хэвшлүүдийг хуулийн байгууллагад шалгуулна гээд сонгуулиар босгосон шуургаа намжаалаа. Цаашид банкныхан хөрөнгө оруулалт татаж, шинэ ухаарлаар ажиллана гэснээр ирэх жилүүдэд улстөрчдийн сүлбээнд тусгай хангамжаар эргэлдүүлэх мөнгөний авдар “хөгжлийн” гэх өөдрөг нэртэйгээ үлдэв гэж хувьдаа дүгнэлээ.
Өөдрөг биш ч гэлээ ирээдүйг нь төсөөлье. Төрийн гар орсон энэ банк гадаад талаас мөнгө бонд яаж ийгээд босгоод л ирнэ. Тодорхой. Харин түүнийх нь хэдэн хувь нь бодит бүтээн байгуулалт болж улсад наалдах бол. Алгаа үрээд сууж байгаа сонгуулийн сүлжээний компаниудын ялсан намын нэр дэвшигчдээс авах бялууны хээг энэ банк дахин шинээр зурж болзошгүй боллоо. Энд гайхал төрүүлж буй асуудал бол Монгол Улсын маань жилийн орлого болох 5 их наяд төгрөгтэй тэнцэхүйц / 6 их наяд/ зээл гаргачихсан байгаа. Нийт зээлийнх нь 70 хувь нь эргэн төлөгдөх найдваргүй гэж ил тод зарлагдсан. Энэ нь Их хурлаар ил цагаан хэлэлцэгдсэн банкийг яаж дахин бонд босгоно гэж хараад байгаа юм бол. Мөн ч өөдрөг шүү.
Улсынхаа санхүү мөнгө хүндэрсэн, өр шир төсвийн чадлаас хэтэрч, дефолт болох замдаа шуударсан мэдэгдлийг Сангийн сайд цагаахнаар зарлаж, дэлхийн хэвлэлүүд үүнийг нь ишлэн бичиж, хөрөнгө оруулагчид биднээс үргэснээс хойш хагас жил ч өнгөрөөгүй байгаа юм. Ийм нөхцөлд бид шинэ менежментээр ажиллаад, доллар босгоод ирнэ гэж амласаар дэд захирлын суудалтайгаа үлдэж буй залуу банкирийг хараад өмнөөс нь өрөвдсөн хүн олон. Хэлсэн нь ажил болж бонд мөнгө олж ирлээ гэхэд дараагийн дэд захирал Н.Мөнхбат болох тун ойрхон харагдсаныг шууд хэлмээр. Том мөнгийг томчууд нь хувааж, эргүүлээд өр болгон төсвийн мөнгөөр төлдөг тогтолцоо, бүлэглэлийн сүлжээ манай төрийг хэрсэн байгаа тул ийн хатуурхлаа. Энэ нь сөрөг хүчингүй шахам 65 суудалтай намын үед улам бэхжинэ үү гэхээс өөрөө задрах нурах үйл явц биш.
Энд нуршихад Хөгжлийн банк зөв явсан бол их мөнгө атгасан ч зөв чиглэлтэй байсан. Өнгөрсөн хугацаанд энэ банкны үйл ажлынх нь тайланд ганц сайшаах зүйл байгаа харагдана. Бондын мөнгөний хагас хугасаар нь үндэсний үйлдвэрлэлд санаа тавьж, барилга, эрчим хүчний салбарт мөнгө хаясан нь одоо зах зухаасаа эдийн засагт нааштай дэмжлэгийг үзүүлж байна. Бондын мөнгөөр Амгалан дахь дэд станцыг бариагүй бол одоогийн гэр хорооллын цахилгааны шөнийн “тэглэлт”-ийг энэ Засгийн газар шууд хийж чадахгүй байсан нь үнэн.
Хуучнаараа байсан бол их ачааллыг бүх ТЭЦ –ууд нийлээд дийлэхгүй байсан. Ирэх зунаас хотын өрхүүдийн халуун усыг таслахгүйгээр дулааны засварын ажил явагдана гэж ам бардам дуулгаж байна. Энэ бол өнгөрсөн жилүүдэд мөнгө хаяж нийслэлийн зэвэрсэн шугам сүлжээг шинэчилж чадсаны үр дүнд аархсан шинэ эрх баригчдын рекламдсан мэдэгдэл.
Харин бүх бүтэхгүй, урагшлахгүй байгааг АН-д хаягласан манай мэргэжлийн Засгийн газар хөдөлж ядсан хэвээрээ л гэж ажиглагчид шүүмжилсээр. Хаяанд ирсэн 580 сая ам.долларын өрөө өөрсдөө төлнөө гэж Засийн газар мэдэгдсэн ч Их хурлын танхимаас “ямар эх үүсвэрээр төлөх юм бэ ?” гэсэн учир мэдэх, шударга гишүүдийн асуулт хариултгүй л байна.
Нэг засгийн танхимынхан зөрүүтэй мэдэгдэл хийдэг хэвээрээ. 580 сая ам.долларын зээлийн төлөлтийг хойшлуулах нь хамгийн оновчтой шийдэл гэж ЗГХЭГ-ын сайд нь мэдэгдэхэд, “үгүй ээ. Өөрсдөө төлчихнөө” гэж нөгөө талаас Сангийн яамны талынхан мэдэгдсэн. Нэг танхимын сайд нар олон шийдэлтэй, тусдаа бодолтой, дор дорноо амбиц ихтэй хэвээр суугаа юм байна. Мэргэжлийн гэдэг утгаа таг мартсан засаг төрийн он дамжин явагдаж байгаа томилгоо хийх, шинэ бүтэц орон тоо баталсан “гоё” ажлууд нь одоо ч нугараагүй байхад олон нийт утаа, торгуулийн нэмэгдэлд бухимдан дуугарч эхэллээ.
Цочиж байгаа гэж чигтэйхэн. Энэ жил утаанд хамгийн бага мөнгө буюу таван тэрбумыг тавьсандаа арай л уучлалт гүйсангүй. Ар араас нь уулзалт хэлэлцүүлэг өрнүүлж, ханиад томууны асуудал шиг утааг 7 хоногт шийдчих шахуу бужигнуулав. Аль ч үеийн чадваргүй засагт ийм дүр зураг бий болдог л доо. АН-ын эрх барих үеийн нэг намар уламжлал ёсоор ханиад дийлдэхээ болиход Ч.Сайханбилэг Ерөнхий сайд нь төрийн яам, агентлагийн зарим байранд хүүхдүүдийг хэвтүүлж түр эмнэлэг нээх тухай дайны цагийн гэмээр онцгой шийдвэр зарлаж баатарлаж байв.
Утаа гэдэг хур асуудлын цаана Тавантолгойг зөөлхөн ам руугаа ойртуулж байгаа талаар хардлага ч зүй ёсных. Давхар ам.доллар эрхэлсээр, ханш нь 4500 дээр тулаад байгаа асуудал нам дарагдаад л байна. 9000 төгрөгнөөс доош хэмжээтэй торгууль гэж байхгүй болсон талаар жолооч нар үглэж байна.
Иргэдийн эдийн засгийн хүндрэлээс үүдсэн дарамтыг хөнгөлөх чиглэлд хууль журам гаргаж байгаа ч энэ нь Ерөнхий сайдтай шууд холбон дүгнэх онц ба муу сайн дүн болохгүй. Шинэ он дамжаад гүйцэтгэх засаглал эдийн засгаа тордох, хямралаас гаргах суурь шийдэлтэй томоохон асуудлаар Их хуралд хамгийн сүүлд ямар тайлан төлөвлөгөө хэлэлцүүлснийг тод санахгүй л байна.
Манай улс төрийн хэнээтнүүд ганц Ерөнхий сайдаар Засгийн газрыг хэмжээд сурчихсан тал ажигладдаг. Учир нь ихэнх сонгуулийн дараа ганцаараа туйлж чадах, бүлэг фракцаа угжиж атгаж чадсан Намын дарга нар нь засгаа барьдаг байсан тул ийн ханддаг байв. Харин энэ удаагийн олонхоос стандарт бусаар тодруулсан Ерөнхий сайдын зовлон хяслыг ойлгож, танхимынх нь сайдууд нь төрийн ажил нугалах чадваргүй байгаад нам дотроосоо ч шүүмжлэлтэй хандаж байгаа нь овоо дэвшил гэмээр, прагматик хандлага юм.
Ерөнхий сайд хичээхээрээ хичээж байгаа байх. Харин егзөрүүд нь үгэнд нь орж танхимын зарчмаар ажиллаж байгаа юу гэдэг нь тусдаа асуудал болсон харагдана. Энэ бол манай өвөрмөц Ардчилсан төрийн гол асуудал юм даа.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /