“Монголын ард түмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.”
Монгол Улсын шинэ Үндсэн хууль ийн эхэлдэг. Шинэ Үндсэн хуулиа баталж, эрхээ эдэлж, үүргээ биелүүлж ирсэн 25 жилийг өнөөдрийн улс орны хөгжил дэвшлээр төлөөлүүлэн харж болно. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг өнгөрсөн хугацаанд хамгийн их уншигдсан хэсэг гэж болно. Өнөөдөр ч иргэн бүр хоёрдугаар бүлгийн “Хүний эрх, эрх чөлөө”-г байнга хөндөн ярьдаг. Өдөр тутмын амьдралын хэрэглээ болсон гэж болно. Үүн дотроо “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэсэн 14 дүгээр зүйл.
Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ-амьд явах эрхтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, сурч боловсрох эрхтэй. шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй, шашин шүтэх эрхтэй гэх мэтчлэн заасан 16 дугаар зүйлийг иргэн бүр л амны уншлага мэт давтсаар ирлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар баталж, мөн оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж ирсэн байдаг.
Тухайн үеийн Ардын их хурлын гишүүд Үндсэн хуулийн төслийг 3 сарын турш орон даяар хэлэлцсэн байна. 1.2 сая сонгогчийн 75 хувь буюу 900000 гаруй хүн шууд оролцож төслийг дэмжихийн хамт давхардсан тоогоор 200000 гаруй санал гаргасан байдаг.
Ардын их хурлын 59 дүгээр өдрийн хуралдаан 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Ардын Их Хурлын танхимд болж, Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг нотлох, сүлд, далбааг залах ёслолын ажиллагаа болж байжээ. АИХ-ын дарга Ж.Уртнасан Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн эцэст “БНМАУ-ын Ардын Их Хурал, 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минут. Зөвшөөрсөн БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан” хэмээн гарын үсэг зурж БНМАУ-ын Ардын Их Хурлын тамгыг дарж батламжлаад, алд цэнхэр хадгийн хамт БНМАУ-ын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатад гардуулсан байна.
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн уг эхийг гардаж аваад “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой. БНМАУ-ын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат” гэсний дараа гарын үсэг зурж, төрийн тамга дарж батламжилжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөж эхэлсэн байна. Шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Тухайн оруулсан нэмэлт өөрчлөлтөд өнөө ч олон нийт шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Өнөөдөр ч Үндсэн хуулиндаа өөрчлөлт орулах цаг үеийн шаардлагатай гэж үзэж байгаа. Шинэ парламент ч ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ. Хэрвээ Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулвал ард нийтээр хэлэлцүүлэх ёстой гэдэг дээр хүн бүхэн санал нэгддэг.
Ийнхүү бид 6 бүлэг, 70 зүйл бүхий Үндсэн хуулиар олгогдсон эрхээ 25 жилийн турш эдэлж, хэрэгжүүлж ирлээ. Цаашид ч Үндсэн хуулиа дээдэлж, мөрдөж, хэрэгжүүлж байх нь бидний үндсэн үүрэг билээ.
Мэдэгтүн, сахигтун!
Н.Энхлэн