Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд эрх баригчид Казиногийн хуулийг хэлэлцэн батлах нь. Учир нь энэ долоо хоногт Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Казиногийн хуулийн төсөл дээр ажиллах Ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энхболд ахалжээ. Ажлын хэсэгт МАН-ын бүлгээс Н.Учрал гишүүн багтсан байсан. АН-ын бүлгээс мөн төлөөлөл багтах ёстой. Удахгүй төлөөллийн гишүүнээ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулах байх. Ямартай ч МАН-ын бүлэг залуу гишүүдээ казиногийн чиглэлд ажиллуулахаар илгээж байна.
Өмнөх парламентын үед Казиногийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжээд өндөрлөсөн юм. Энэ хуулийн төслийг тухайн үеийн Засгийн газар санаачилсан. Гэхдээ энэ хуулийн төслийг МАН Засгийн газарт хамтарч байх үед өргөн барьж хэлэлцэгдсэн юм. Тухайн үедээ ч, өнөөдөр ч эдийн засгийг сэргээх, валютын шууд урсгалыг нэмэгдүүлэх хамгийн шуурхай арга нь хэмжээ нь Казино байгуулах гэж эрх баригчид үзэж байгаа. Тиймээс ч Эдийн засгийн сэргээх хөтөлбөрт энэ чиглэлийн асуудлыг тусгасан.
Өмнө нь батлагдсан Казиногийн тухай хууль манай түүхэнд гашуун сургамж үлдээсэн билээ. Тухайн үед Казиногийн хуулийн дагуу ажилласан казино байхгүй. Тэр үед хуульгүйгээр казино ажиллаж, тэнд ямар нэг хяналт шалгалтгүй байсан учраас Казиногийн хуулийг баталж гаргасан гэж тухайн үеийн хууль тогтоогчид хэлдэг. Харин Казиногийн хуулийг батлаад хэрэгжүүлэх үед гурван гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэн, ял оноож, улмаар нэг нь амиа алдсан гашуун түүхтэй. Тиймээс ч тухайн үед уг хуулийг хэрэгжүүлээгүй байхад нь хүчингүй болгосон юм билээ. Харин одоогийн гаргаж байгаа хууль энэ алдаа сургамжийг түүхийг давтахгүй байх хэрэгтэй гэж хууль тогтоогчид анхааруулж, сэрэмжилж, сануулж байсан. Казиногийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр ч энэ бүхэн яригдах байх. Гэхдээ өнөөдийн цаг үеийг тухайн үеийнхтэй харьцуулшгүй. Өнөөдөр эдийн засгаа нэн яаралтай сэргээж, валютын урсгалыг наашлуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, жуулчны тоог нэмэгдүүлэх нь нь улс орны өмнө тулгамдсан асуудал болоод байгаа билээ.
Өмнөх парламентаар энэ хуулийн төслийг хэлэлцэх байхад “үүний цаана хэний, ямар эрх ашиг нуугдаж байна” гэх хардлага дагалдаж байсан. Өнөөдрийн хямралын энэ үед хэдийгээр хардлага дагалдах ч олон нийтийн сонирхол казино байгуулахыг зөвшөөрөх тал руу эргэж байх шиг байна.
Өмнөх Засгийн газраас уг хуулийн төслийг боловсруулах үндэслэлдээ “Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх, жуулчны тоог 1.0 саяд хүргэх зэрэг зорилт тавьж байна.” гэж дүгнэж байлаа. Өнөөдөр ч энэ тоо өөрчлөгдөхгүй биз.
Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99, Ази, номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2013 онд Монгол Улсад нийт 417 мянга гаруй жуулчин ирж, энэ салбарын орлого 263 сая ам.долларт хүрч, аялал жуулчлалын салбарын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 5.29 хувийг бүрдүүлэх болжээ.
Хуулийн төслөөр Монгол Улсын иргэн казинод тоглохгүй, харин гадаадын 21-ээс дээш насны иргэд үйлчлүүлнэ. Казино хөгжсөн улс орон, тухайлбал Сингапурт иргэд нь тоглох эрхтэй байдаг аж. Харин манай иргэд ихэвчлэн Солонгос руу явж казино тоглодог. Энэ нь мөнгө гадаад руу урсч байна гэсэн үг. Тиймээс казинод Монгол Улсын иргэдийг таксаар оруулах, хуулиар иргэдийнхээ тоглох мөнгөний хэмжээг зааж өгөх гэсэн саналыг өмнөх парламентын гишүүдийн зүгээс гаргаж байсан.
Казино байгуулахаар тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай авахад 35 тэрбум төгрөг төлөх аж. Казиног хоёр байршилд байгуулна гэж хуулийн төсөлд тусгасан байсан. Ингэхдээ чөлөөт бүсэд байгуулахыг гишүүд илүүд үзэж байлаа. Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүсэд нэгийг нь байгуулах санал явж байгаа юм билээ.
Казино байгуулагдсанаар аялал жуучлал 1 сая жуулчнаар, төсвийн орлогыг 74 тэрбумаас 130 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж урьдчилсан тооцоо ч бий.
Ямартай ч өмнөх парламентын баталсан хуулийг буцааж, дахин өргөн барьж байсан өнөөдрийн эрх баригчид хэлэлцэж дуусгаагүй Казиногийн тухай хуулийн төслийг нь үргэлжлүүлэн шийдвэрлэх гэж байна. Хэрвээ энэ намрын чуулганаар Казиногийн хуулийг баталвал ирэх зунаас чөлөөт бүсүүдэд хөл хөдөлгөөн ч нэмэгдэх нь.
Н.Энхлэн