АН-ынхан даргын сунгаагаар гишгүүр хийж нийгэмд эерэг, том реклам босгох санааг давхар агуулсан байх. Навс унасан нэр хүндээ босгоход энэ сунгааны дуулиан чухал байх нь тодорхой. Бас эрсдэлтэй ч төлөвлөгөө их хийжээ.
Бүх гишүүдээ цахимжуулж сунгаанд санал өгөх босго нээх болсноо зарласан нь энэ эрсдлийн эхний амтыг мэдрүүлэв. 180 мянган гишүүнийхээ нэрийн өмнөөс хийж байсан мэдэгдэл сунгааны өмнө 18 000 мянга болж 10 дахин уналаа. Татварын мөнгийг нь өгөхөөс түвэгшээсэндээ гишүүд дэмжигчид нь ийнхүү хойш суугаагүй байх. Таван сумтай нэр дэвшигчид нь таалагдаагүй гэдэг ч бас шууд өгөх тайлбар бус. Хүсэн хүлээсэн шинэчлэл, Ардчиллын үнэ цэнийн хүсэмжлэл нь цээжний мухраас нь арчигдаж байгааг харуулсан хэрэг. Хамгийн том найдвар Их хурлынх нь ард эхэлсэн сунгаа эв зангирах итгэлийг нь улам бөхөөж эхэллээ. Нэг намын сонгууль ч гэлээ улс төрийн өрсөлдөөний дүрмээрээ бохир үнэр байх ч арай л хурц болж байгаа харагдана.
Сунгаанд ямар шалгуурааар нэр дэвших дүрэм түүхий байснаас өнөөх л фракцын гэдэг сүүдэр бие биенээ арчих эхний гишгүүр болж эхэлсэн. Одоо залгуулаад эр эмийн асуудал, ор дэрнийхээ үүх түүхийг сөхөлцөж мэдэхээр болж байна. Асуулгаар санал өндөртэй гэх хоёрыг тодруулж хооронд нь халз алалцуулаад араар нь гурав дахь хар нөхөр цагаан болж сугарах тун сайн найруулсан жор явж байгаа ч харагдаж байна.
Намын даргын сунгаатай холбоотойгоор сошиал сүлжээнд явж буй хар, цагааныг үнэн ба худал гэж харахаасаа илүүтэй өрсөлдөөний тактик асар бохир технологид шилжиж байгааг харж болохоор байна.
Нэгэнт нэр дэвшигчид бие даасан сурталчилгаа явуулахгүй нөхцөлд санал өгөх эрхтэй цахимд тодорсон 18 мянгад хэний дэмжигч олон байх вэ гэдэг магадлал дээр сүүлийн хөлсөө шавхах нь хар аяндаа болох үзэгдэл. Эхнээсээ хор гүйлгэхээр тооцсон сунгааны эцсийн зураглал одоо бараг харагдаад эхэлж байна. Тэгээд ч гишүүний татварын мөнгөө, цаашлаад сар бүрийн татвараа жилээр нь даалгачихсан бутач гишүүд АН-д төрж эхэлсэн байх талтай.
Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, намын шинэчлэл уулзалтын танхимд яруу сайхан сонсогдож байж болно. Энэ хооронд смарт утаснаасаа зэрэг өрнүүлж буй далд хор нь хаана хаанаа ил болж байна. Энэ нь санал өгөх эрхгүй ч АН-д элгээ зөөллөж, алдааг нь уучилж явдаг олон мянган дэмжигчид рүүгээ ус цацсан хэрэг. Энэ сунгааны хамгийн том эмгэнэл энэ. Гишүүнээр элсэх мөнгөө даалгаад, ардаа бас халаасны мөнгө аваад цахим гишүүн болох найдвартай хүний эрэл сурал явж байгаа нь гадуур чих дэлсэж л байна. Хөндлөнгөөс ажиглаж нам бус маний дургүй хүргэсэн ийм өрнөл зүрхээ сугалах шахаж намаа өмөөрдөг гишүүд дэмжигчидэд нь яаж тусахыг сунгааныхан бодмоор.
Улс төрийн өрсөлдөөн юм болохоор заавал “үнэртэй” байх болно. Сумаа онилох дэрээ тулж болно. Бие бие рүүгээ тавьсан сум бүр биеийг нь нэвтэлж цаашаа гишүүд дэмжигчдийнх нь зүрх рүү очно гэдгийг ухаарч, эвийн тухай ам өчгөө дахин санаж, цэвэр тоглох эцсийн боломж нэр дэвшигч нарт одоо ч байгаа.
180 мянган хүний санал татахаас 18 000 мянган хүний санал дээр тоглох өнгөн талдаа амархан булааж болох ялалт мөн боловч Ерөнхийлөгчийн сунгаан дээрх ард түмнээс авах ялалтыг холдуулж болно. АН-ын жирийн гишүүд, үнэн ч дэмжигчид нь одоо ч цул байхыг хичээсээр байна. Харин архагууд нь ухаараагүй харагдлаа.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /