2017 оны шуугианыг халаах сэдвийн нэг бол банкуудын өрсөлдөөнийг хурцалж гаднын банк оруулж ирэх үйл явдал байх юм. Дэлхийд өрсөлдөхөөр өндөр хүүтэй зээл гаргадаг хэдэн банкуудаа өрсөлдөөнд шахах нэгэн хуулийн төсөл их хурлын түвшинд явж байгаа. Өндөр хүүтэй зээл гаргаж хувийн хэвшлийнхний шөрмөсийг сунгачихаад өөрсдөө өөхөлдөг нэр хоч зүүгээд байгаа манай банкныхан өмөөрөх тайлбартай суугаа.
Товчдоо банкууд хадгаламжийн хүү, зээлийн хүү хоёрын зөрүүнээс ашиг олдог. Эдийн засгийн эрүүл саруул ухаанаар харах юм бол хүүгээ өндөр байлгах нь үнэндээ бол банкны сонирхол биш. Цаанаас нийлүүлж байгаа бөөний үнэн дээр литр тутамд 300 төгрөг нэмээд зардлаа нөхөөд хоолны мөнгө гаргаж байгаа сүүний ченжийг бид загнаад байддагүй. Уул нь зээлийн хүү өндөр байгааг макро түвшинд нь олж харах хэрэгтэй гээд байгаа.
Банкны зээл дандаа ийм өндөр хүүтэй байгаагүй. Банк нь банк шиг байсан үе бас бий. 2006 -2007 онд мөнгө зээлийн бодлого тун эрүүлжих маягтай болж зээлийн жилийн хүү 2-3 удаа унаад дундаж хүү 17 хувь руу орсон дурсамж байдаг. Манайхтай адил соц нийгмээс зах зээлд хөл дүүжлэн зүүгдсэн олон орон зээлийн хүүгээ нэг хувьд оруулж ирсэн мэдээлэл түгээж бидний шарыг малтаж байлаа.
Манайд ч банк, санхүү, мөнгөний бодлого цэгцрэх хандлага орж, яг сайхан зах зээлийн зохицуулалтаараа явж, зээлийн хүү буураад зүй зохицлоо олж байтал өнөөх гайт сонгууль хаяанд ирдэг. Ингээд л төр гэнэт мөнгө санхүүгийн бодлогод шууд хутгалдахгүй гэхэд нөлөөлөөд оролцоод эхэлдэг. Бэлэн мөнгө тараах нэг бол эх оронч шийдвэр нэрээр элдэв хязгаарлалт, хуулийн өөрчлөлт хийж хөрөнгө оруулагчдаа үргээдэг. Хөрөнгө оруулалтын орчинд яам, тамга бүр тусдаа ван ханлиг мэт гадаадынханд байнга зөрүүтэй мэдээлэл өгдөг. Ингэж үймүүлээд банкуудын бараа буюу хадгаламжийн хүү өсөхөд хамгийн их нөлөөсөн нь төр буюу намууд. Бэлэн мөнгө атгаад том жижиггүй тарааж хийдэг популист улс төр.
Тэгээд ер нь банкнаас зээл хэн авдаг юм бэ. Ипотекийн зээлийг эс тооцвол жирийн иргэдийн цалингийн зээл, тэтгэврийн хөгшдийн жилийн зээл бол банкуудын зээлийн шүлс төдий л юм шүү дээ. Томоохон хэдхэн компани л том авдаг. Бүүр том гэж адлаад яахав, гэхдээ нэр бүхий гишүүдийн нөлөөтэй компаниуд болоод намын санхүүжилттэй сүлжээ нэг нөхдүүд тусдаа хөгжихийн тулд Хөгжлийн банкнаас тусгай нөхцөлөөр шууд зээл авч чаддагийг бид одоо мэдэх болсон.
Гадаадын банкуудыг даллах гол асуудал бол манай банкуудын хэр хэмжээнээс хэтэрсэн буюу томоохон үйлдвэр босгоод 50 жилдээ ашгаараа төлчих зээлийг гаргаж чадахгүй. Томоохон буюу Мега гэх хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин манайд байхгүй. Манай банкууд нийт активаараа ДНБ-ний 10 хувьд хүрч байгаа юм уу. Банкуудын гол эх үүсвэрийнх нь 66 хувийг иргэдийн хадгаламж бүрдүүлж байна. Бусад эх үүсвэр нь гэхээр инээдтэй. Төрийн төсөл хөтөлбөрийн буюу төсвийн мөнгө хутгалдаад явж байдаг. Ийм тарчиг эх үүсвэртэй. Хадгаламжийн 13-15 хувийн өндөр хүүгийн амлалтын уралдаанд татагдан орсон банкууд байхад хүүгээ буулга гэж буу тулгаад ч нэмэргүй. Жам зургаараа бус зах зээлийн зохицлоороо явах салбар бол банк, мөнгө, санхүү. Гэхдээ энэ давчуу зайдаа банкууд монопол болчих гээд байгааг өмөөрөх аргагүй.
Зээлийг бараа гэж бодвол бөөний буюу хямд өртөгтэй ” зээл” гэдэг барааг нийлүүлдэг орчныг бий болгох цаг болсон гэдэгтэй маргахгүй. Энэ бүст гадаадын банк орж ирж байж л өрсөлдөөн бий болно. Гэхдээ үүнийг зохицуулах эрх зүйн орчин ямар байхаас л эцсийн үр дүн сайн, муу хаялага яригдана гэдгийн хэлэхээр баахан оршилдлоо. Гадынхан орж ирээд ХЗХ шиг шууд гэрээ хийгээд хашаа байшин газрыг минь барьцаалаад, хүүндээ өмчлөөд хашаа хатгаад улсын дотор улс байгуулах тухай айдсаасаа бид эхлээд салах ёстой.
Нөгөө талдаа хөрөнгө оруулагчид татаж, их бүтээн байгуулалт үнэхээр өрнүүлж томхон үйлдвэр дэд бүтэцтэй болохын тулд наад зах нь 50 жилийн 3 хувийн зээл гаргачих боломж гаднын банкны сэйфэнд байгаа нь л үнэн. Энэ мөнгөний авдарны эзэн хар толгойтой Ази байна уу, шар толгойтой европ байна уу, сонин биш. “ Bank of China “ гэдэгтэй ч айдас байгаа бус. Энийг яаж зохицуулах, эрх зүйн орчин бүрдүүлэх, хуулийг нь хэрхэн боловсруулж, чандлан мөрдүүлэхээс л хамаарах юм. Банкны тухай хуулиндаа хяналт, хамгаалалтаа сайн суулгаж чадвал гаднын банк орж ирж, зээлийн хүү 3 хувьд хүрэх нь зэрэглээ биш.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /