Зурагт зулын хойморт заларснаас хойш бараг хагас зуун өнгөрөхөд зул сарын ба шинэ жилийн баярыг энэ шидэт хайрцаггүйгээр төсөөлөхгүй явсаар иржээ. Сошиал ертөнц яаж ч “гангараад” зурагтыг оролтлоо удна л даа. Хэдхэн гавьяатуудтай, хошин шогийн гэх төлөөлөл бараг байхгүй байхад ч үзэгчид зурагттайгаа суухад 31-ний үдэш уйднаа нэг байхгүй үе байлаа. Л.Чаминчулуун гавьяат оройлоод час хийсэн хэдэн шинэ “хошин гараа” зурагтаар гардаг байсан тэр өдрүүдийг одоогийн хавтгай дэлгэцийн өнгөтэй жишихгүй ч муу байжээ гэж харьцуулах баярын эфир алга болжээ.
Он оны шинэ жилээр торт, гацуур бүгд хэвээрээ. Үнэ зардал нь өссөн ч утга чимэг өөрчлөгдөөгүй. Харин ТВ дотор минь оны үдшийг онц сонирхолтой болгох хөтөлбөрүүд навс унасан санагдав. Эрэмбээрээ буюу өргөн сувгийн хэдэн телевиз шинэ жилийн гэсэн өөрийн хөтөлбөртэй байсныг эс тооцвол 31-ний оройжин дотоод гадаадын “оны онцлох тойм”-оор бөмбөгдлөө.
Интернэт сайтуудын дөрөв, тав хоног мөлжсөн улс төр, эдийн засгийн тоймыг дурсжуулж байгаад 31-ний оройжингоо балбах нь бүгд хуйвалдсан мэт. Бараг бүх кабелийн сувгийн 18-21 цагийн эфир яг нэг хэвэнд цутгасан мэт. Нэг эх сурвалж, улигт дүрс эвлүүлэгтэй “тойм”-ууд эзэлсэн байв. Нэгэнт болсон үйл явдлын тойм тул яаж ч “гоё” хийлээ бүгд нэг жорын хоол. Бүгд л он сараа хөөсөөр С.Зоригийн хэргийн шүүх хурал, шүүгдэгчийн ээжийн нулимстай ярилцлагаар дуусч байгаа юм.
Зарим телевизийн тоймыг харахад улстөрчдөө матангаа магтаад байгаа ч тал харагдлаа. Урьд онуудыг бодвол өөрсдийн салбарыг рекламдсан Улаан сарнай, Бөртэ зэрэг хэдхэн хүний амбицаар босдог наадмууд ар араасаа шууд явж нүүр халаасангүйг харин энд онцлох ёстой.
Он солигдох 31-ний үдшийн бас нэг гуниг бол дандаа “танил” зочинтой үдшийн цагууд. Сүлд модтой тайзны шийдлээс өөр ялгарал үгүй. Нэрд гарсан олноо өргөгдсөн ая зохиогч, дуучин, жүжигчин гээд яриад сурчихсан хүн харчих болов уу гэсэн хэдийгээ уриад байгааг муу хэлэх гэсэнгүй. Ердөө сарын өмнө, их удахдаа хагас жилийн өмнө гэрт минь зурагтаар заларсан эрхмийг 31-ний орой дахин залаад бараг хуучнаа давтах юм.
Сэтгүүлч хүн ажиллаад, судлаад хайгаад гаргаад ирсэн өөр салбар буюу эдийн засагч, банкир зохион бүтээгч , эмч нар, баялаг бүтээгчдийн төлөөлөл алга. Хоёр хүүхдийн амь аварсан цагдаа, хөлдүү голоос живсэн хүн татаж аварсан онцгойгийнхонд энэ үдэш онцлох эфирт цаг байсангүй. Онцлох үйл явдал, оны шилдгүүд дотор урлаг улс төрийнхнөөс өөр төлөөлөл өрсөлдөхгүй байгаа нь хөөрхийлөлтэй. Үнэндээ энэ бол манай телевизүүд редакцийн бодлого цензур, уран бүтээлийн зангилаа бүтэцгүй болж, цаг гүйцэтгэлд хавчигдсан нэг сэтгүүлчийн хагас шөнийн санаагаар эфир дүүрч байгааг л харуулж байгаа юм. Нөгөө талаас үзэгчгүй сувгийн илүүдэл жинхэнэ утгаараа болж, тог мөнгө, хөлс хүчний гарц болж эхэлснийг илэрхийлнэ.
Эрүүл мэнд, зар сурталчилгааны зэрэг “төрөлжсөн” гэж болох зарим телевизүүд зүгээр л юу ч болоогүй мэт байхаар шийдсэн байлаа. Бүгдийг сарын өмнө зоосноороо өрж 31-ний урт эфирийг барж дуусгав. Энэ дунд элдэв гоё барааны суваг бол яахав. Газар хөдөлж байсан ч гаргадгаа л давтдаг. Харин эрүүл мэндийн ба зарим чөлөөт сувгаар эмнэлгийн хагалгааны орон дээрээс бэлтгэсэн эмчилгээ оношилгооны ярилцлагыг 31-ний үдэш баярын торттой айлын хоймор руу явуулж байгаа нь арай ч хэтэрсэн харагдана. Энэ бүх элдэв зургаа шинэ жилийн үдэш хүн үзнэ гэж болгоосон тухайн телевизийн найруулагч, продюсерууд энэ эфирээ гэрийнхэнтэйгээ өөрөө үзэж суусан гэж найдья.
Энгийнээр хэлэхэд Телевиз бол “өөр” урлаг. Олон салбар соёл урлагийн илэрхийлэл, илүү их мэдрэмжийн нэгдэл. Энэ давуу талаараа айлын гэрт асуухгүй орж, ая тухыг нь нэмэх буюу алдуулах аль ч шидийг ТВ үзүүлж чаддаг. Үүнийг шинэ жил гэлтгүй эфир бүртээ тусгахыг манай цэнхэр дэлгэцийнхэн бодмоор.
UBS зэрэг телевизүүд тухайлан баярын “хошин шиг ”-ийг их хөдөлмөр, цаг гаргаж бэлдсэн харагдлаа. Холбоос санаа зохиол бол үнэндээ байхгүй юм аа. Аглуу гавьяат ч хичээхээрээ хичээж хувирахаараа олон дүрд хувирч. Гэхдээ л даржин харагдана. Өөрсдийнхөө хүрээнд сэтгэж, өөрт нь сонирхолтой гэж тоогдсон санаан дээр яаруухан бичсэн тааруухан зохиомжид ямар ч хошин гавьяатууд оролцож, авьяасаа 100 хувь гаргалаа ч инээх ярвайхын завсар болгох юм.
За сурталчилгаа ихтэй, үнэтэй тасалбараар тайзнаа тавьдаг “хамтарсан” инээдээ ТВ хувилбарт оруулаад шинэ жилээр үзэгчдэдээ “үнэгүй” тавьчихад жилийнх нь орлогод жоохон ч нөлөөлөхгүй дээ гэсэн гомдол хошин шогийнхонд жил жилийн шинэ жилээр хаяглагддаг. Шинэ жилийн үдэш цэнхэр дэлгэцийнхээ өмнө бөөгнөрч “Үхтлээ ” инээхээр хүлээсээр тааруухан сэтгэгдэлтэй үлддэг үзэгчдийн гомдлыг энэ шинэ жилийн ард дахин давтах болов.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /