Өнгөрөгч 7 хоногт тууз айчлах шахуу баяр хүргэлт дор нэг хууль төрлөө. 12 жилийн дараа ганц тохиож буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай .хуулийн зарим заалтууд өрөөсгөл харвал төрөөс гэр бүлийн амьдралд гүнзгий гар дүрсэн хууль юм.
Санхүүгийн хувьд боосон хавчсан байдал үзүүлэх, тэжээн тэтгэхээс зайлсхийх, нууцаар мөрдөх, нэр төрд нь халдах зэрэг онцгой нэмэлт үйлдлүүдийг тодорхой заан өгсөн нь энэ хуулийн гол дэвшил бас том гажуудал үүсгэх эрсдэл.
Энэхүү хуулийн ялын санкц дотор торгох гэж байхгүй. Хуулинд заасан хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийг үйлдсэн ба тэр нь тогтоогдсон гэж үзвэл шууд хорино. Цаашлаад шүүхийн тогтоолоор 2 жил хүртэл хорино.
Хүүхдээ балбаад эхнэрээ нүцгэн хөөж явуулаад байдаг архичин эрийн төрхөөр гэр бүлийн хүчирхийллийг төсөөлдөг байсан үе бий. Одоо дарамт хүчирхийлэл өөр болсон. Адгийн зодох нүдэхээс мөрдөн хавчих, нэр төрд нь халдах зэргээр байнгын дарамт үзүүлэгчид байдаг. Сонгодог болсон түвшиндээ мөнгө санхүү нийгмийн байр сууриар нь шантаажлан нэгнийгээ дарамталдаг асуудал бий. Энэ нь одоо зөвхөн Мөрдөгч Деррик –ийн асуудал биш Монголын цагдаа хуулийнхан авч үзэх эрх зүйн үндэс бий болжээ. Бэлгийн элдэв дарамт, гаж хүчирхийлэл үзүүлж дарамталдаг ч тохиолдол амьдрал дээр байгаа талаар эх сурвалжууд ичингүйрэн дурсаж л байдаг. Энэ нь хуулинд яг нэр заан ороогүй харагдана. Гэхдээ сэтгэл санааны дарамт, эрүүл мэндийн эсрэг гэдгээрээ тооцогдоод явчихаж болно гэж хууль санаачлагчид үзсэн бололтой мөн л ичингүйрэн тойрсхийгээд өнгөрлөө.
Эрүүл мэнд амь насанд шууд заналхийлж байдаг зүсэн зүйлийн хэлбэртэй хүчирхийлэл дарамтаас хохирогчийг дор хаяж хоёр жилээр салгах хуультай болжээ.
Хуулиас онцлох нэг ишлэл бол энэхүү хууль хамтран амьдрагч нарт мөн адил үйлчлэлтэй. Айлын охиныг авч суухаасаа өмнө жижиг өрөө хөлсөлж аваачаад элдвээр дарамтлаад салж явахаа үздэггүй “харгис харамч хайрт”-ууд амьдрал дээр байдаг. Зарим нэг нь хардаж нүдсээр байгаад алчихсан талаар нийгэм даяар шуугиж байлаа.
Ингээд хүчирхийллийн эсрэг бие даасан хуультай болж төр гэр бүлийн зарим харилцааны зөрчилд гэмт хэрэг тооцон ял асуухаар боллоо. Харин хууль амьдралд биелэх өөр ойлголт. Заалт нэг бүрийг нь амьдралд хэрэгжүүлэхээр зөрчилтэй асуудал бий болдог. Эхнэр нөхрөө нууцаар мөрдөх гэдэгт юуг авч үзэх вэ. Үүгээр мөнгөтэй хатагтай ноёд маань бие биенээ дарамталж их мөнгө нэхсэн эсрэг шантааж хийгээд сууж байж чадна. Хэн нэгнээр өөрийгөө мөрдүүлсэн болж өшөө авах байдлаар нэгийгээ хэрэгт гүтгэж мэднэ. Эхнэр нөхрөө сошиал сүлжээнд зураг хөрөгтэй нь тавиулж нэр төрд нь халдах , халдахаар заналхийлж шантаажлах үзэгдэл бараг хэвийн зүйл болоод байна. Үүнийг ялгаж салгаж тогтоох хэргийг үнэн зөв тогтоох нүсэр ажил нь цагдаагийнхны нуруун дээр үлдлээ.
Хууль тун яаруу буюу шинэ оны эхний өдрөөс үйлчлэх юм байна. Гэрч хохирогч хүчирхийлэгчдийн хооронд уулзуулахгүй байх хуулийн заалтыг хэрэгжүүлэх хамгаалах, тусгаарлах байр хаана байна. Хүчирхийлэл үйлдэгчдийг зан байдлыг засах суралт явуулах нөхцлийг бий болгох төсөв мөнгө аль багцад суусан байгаа вэ. Ийм онцгой сургалт явуулах эмч сэтгэл зүйч нарыг тусгайлан сургах уу. Шүүхийн эмч нар цалиндаа багтаагаад явуулаад байх уу. Үр дүнг нь хэрхэн хэмжих вэ. Хоёр жилийн дараа хүчирхийлэгч бүүр “мэргэшээд” зэрлэгшээд гараад ирэх үү. Засраад гараад ирэх үү... Ямар орчинд ял эдлэх юм бол. Өнөөх эрүүгийнхэнтэй багш шавь болоод гарч ирэх үү. Энэ мэт олон зангилааг тээсэн асуултууд хууль хэрэгжүүлэх байгууллагуудад заавал биелүүлэх даалгавар болон хаяглагдаад үлдлээ.
Хуулийг нэг мөр хэрэглэх орчин бүрдсэн нөхцөлд халуун цэг дээр нь ажиллах цагдаагийнхан амьдралд бодитой хэрэгжүүлж эхэлнэ гэдгийг төгс болсон гэх магтаалд умбасан хуулийн ард хэлэх ёстой байх.
Пүрэвжавын Баярхүү / тоймч/