Энэ төр засаг арай нийгмийн сүлжээнээс санаа авч, ажлаа хийдэг юм биш биз. Сүүлийн хэдэн өдөр сошиалынхан утааг ярьж буй. Гамшгийн хэмжээнд хүрснийг нь, гэр хороололд өмнөх зам харагдахгүй байгааг нь, эцэсдээ ядаж маск зүүж амиа хамгаалах хэрэгтэй гэхчлэнгээр утааны сэдэв өргөн хүрээнд яригдаж буй. Төр засагтаа гомдсон, үглэсэн өнгө аяс ч байнга хадгалаастай.
Гэтэл төр засаг дөнгөж өчигдөр дуугарав. Гэхдээ асуудлыг шийдэх бус зугтлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт үүрэг өгчээ. Ингэхдээ Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулахыг даалгав. Нэг үгээр бол Ерөнхий сайд Улаанбаатарын утааг эрдэмтэн, судлаачид руу “шидэж”, өөрөө зугтчихлаа. Зун, намрын улиралд ийм үүрэг өгсөн бол давай, хэлэх үг алга. Эрдэмтэн, судлаачид нь ч аажуу уужуу Ерөнхий сайдын хэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг олно. Тэгээд төр засгийн хэмжээнд ярилцаж, шийдвэр гаргаад өвлийн сар эхлэнгүүт хэрэгжүүлж эхлэх ёстой байв. Гэвч Ерөнхий сайдад тийм урагштай ухаан байсангүй. Өвлийн хүйтэн ирж, агаарын бохирдол дээд цэгтээ хүрчихээд байхад үүрэг өгсөн нэртэй дуугарч, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв. Өнөөдрийн үүрэг хэзээ биелж, хэдийд Улаанбаатарын утаа эрчимтэй буурахыг хэн ч таашгүй.
Агаарын бохирдлыг бууруулахад 2011-2015 онд нийт 132.5 тэрбум төгрөг зарлагаджээ. Гэвч Улаанбаатар агаарын бохирдолтой дэлхийн 50 орны 47 дахь. Хамгийн их бохирдолттой хот гэсэн үг. Таван жилийн хугацаанд зарцуулсан 132.5 тэрбум төгрөг хаачив, үр дүн нь хаана байна?! Утаа болон бөөгнөрч, үнс болон хийссэн хэрэг үү.
Дэлхийн хамгийн их агаарын бохирдолттой орны тоонд багтсан улсын төр засаг юу хийв? Энэ асуултад АН-ын дарга З.Энхболд “АН засаг барьж байхад жилдээ 20 000, дөрвөн жилдээ 80 000 айлын орон сууц ашиглалтад орж, 5, 8 хувийн ипотекийн зээлээр иргэд худалдан авч, яндангийн тоо буурдаг байлаа. Өнөөдөр энэ ажлыг МАН зогсоосон” хэмээн хариулав. Манай төрийнхөн утааг улс төр гэж хардаг байх нь. Дөрвөн жилийн дараа МАН-ын дарга М.Энхболд юу гэж хариулах нь сонин байна. Тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг өгч, эрдэмтдээр шийдэл олуулсан, тэрийг нь АН зогсоосон мэтээр улстөржиж суух нь гарцаагүй.
Улаанбаатарын утаа олон зүйлийн чанарыг шалгадаг. Дөрвөн жилийн мөчлөгтэй шийдвэр гаргагчдын чансааг тогтооно. Монголд шийдэх асуудал олон бий. Гэхдээ монгол хүнийг хордуулж, үхэх өвчний шалтгаан болж буй утааг орхигдуулсан бол эрх баригчид юу ч хийгээгүй гэсэн үг. АН-ынхан дөрвөн жилийн хугацаанд 80 мянган айлын орон сууц “барьж” өгсөн гэнэ. Харин тэр орон сууцны хэд нь эзэндээ хүрсэн бэ. Өнөөдөр ч борлогдоогүй эзэнгүй буй 6600 орон сууцан дунд “АН-ын барилга” байхгүй байгаа. МАН-ынхан мэдээж АН шиг байшин барьж амжихгүй. Тэдэнд байшин барьж, яндангийн тоог багасгах мөнгө байхгүй. Тиймдээ ч “эрдэмтэддээ найдлаа” хэмээн аргацаахаар шийдсэн бололтой.
Мөн эрүүл мэндийн салбарын чадамжийг тодорхойлно. Яг өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбар хэвшмэл хэллэгээр бол элгээрээ хэвтчихээд байна. Ханиад томуу, хатгалаа өвчинд дарлуулж байна. Эмнэлгүүдийн ачаалал нь хэд дахин нэмэгдэж, эмч, эм тариа бараадсан өвчтөнгүүд хонгилоор зулаастай байна. Үүний шалтгаан нь өнөө л агаарын бохирдол. Утаанаас үүдэж ханиад томуу тусч, цаашлаад хатгалгаа, уушгины өвчин болж буйг мэргэжлийн эмч нар ярьж байна. Мэргэжлийн сайд А.Цогцэцэг эмч нартаа найдлаа гээд орхиогүй гэж итгэе.
Манайхан бусадтай барьцахдаа гаргуун. Утаагаараа Бээжинтэй барьцаж болж байна. Дэлхийн үсрэнгүй хөгжилтэй орон Хятад утаагаа арилгаж чадахгүй байхад хөгжиж буй Монгол яах юм бэ гэхчлэнгээр биеэ өмөөрч болох. Гэвч уучил, Хятадын удирдагчид иргэддээ хайртай юм байна. Агаарын бохирдол аюултай түвшинд хүрснийг ний нуугүй зарлаж, өнгөрсөн амралтын өдрөөс улаан гэрлээ асаав. Бээжин хотын бага, дунд сургуулийг хааж, хүүхэд, өндөр настанг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа. Мөн эрүүл мэндийн яамнаас нь иргэддээ амны хаалт тарааж эхэлсэн байна. Томоохон үйлдвэрүүдийн хаалгыг барьж, утаагаа багасгахын тулд, иргэдээ хамгаалахын төлөө ажиллаж эхэллээ. Харин Монголын эрх баригчид эрдэмтдэдээ найдлаа. Иргэд нь хоёр ойтой балчираас эхлээд 80 настай буурал хүртлээ утаагаа уушгилж байна.
В.Бат