УИХ-ын дарга М.Энхболд айлчилж явна. М.Энхболд УИХ-ын дарга болоод анхны айлчлалаа урд хөршид хийсэн. Харин хоёр дахь айлчлалаа хойд хөршид хийв. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга, парламент дахь “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев, Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзжээ. Нүүр тулсан энэ уулзалтаар оросууд Монголд ихэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.
ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга, парламент дахь “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев гэхэд “Хамтын ажиллагааны түвшин чамлалттай байгаа, сайжруулах ёстой” гэдгийг онцолжээ.
Харин Төрийн Думын дарга В.В.Володин “Парламентын болон улс төрийн харилцаанаасаа эдийн засгийн харилцаа хоцронгуй байгааг хаана хаанаа мэдэж байгаа. Бидний гол анхаарах асуудал бол энэ мөн” хэмээн илүү ахиц дэвшлийг хүссэн байх юм.
Дугуй ширээний ард суусан эрхмүүд ийн Монголын талаар таагүй үгсийг унагажээ. Тэр дундаас Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга хатагтай В.Матвиенкогийн үг анхаарал татаж байна. Эрхэм хатагтай “Манай Засгийн газар, яамд, бизнесийнхний түвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт байгаа шүү” хэмээн М.Энхболд даргын чихэнд шивнэжээ.
Өөрөөр хэлбэл Орос ах нар маань бидэндээ туйлын сэтгэл дундуур яваа гэсэн үг. Тэр тусмаа Оросын төрийн хэмжээнд Монголын талаар таагүй сэтгэл, сэтгэгдэлтэй байгаа нь бидэнд сайнаар нөлөөлөхгүй.
Хатагтай В.Матвиенкогийн үгнээс Орос, Монголтой эртний ёсоо бодож л, “хамт” байгаа гэсэн үг цухалзана. Үүнийг түүний хэлсэн “Энэ байдлыг халах ёстой. Тэр тусмаа танай нам Засгийн эрх барьж байгаа үед энэ байдлыг засаж залруулан, уламжлалт нөхөрсөг, сайн хөршийн харилцаагаа сэргээн идэвхжүүлэх ёстой” гэсэн үг батална. Мөн тэрбээр “Бид монгол нөхөдтэйгээ олон удаа уулзаж, олон асуудал хөндөж ярилцсан. Цөөнгүй тохироо хийгдсэн. Харамсалтай нь үр дүн бага байна” хэмээн мөн л монголчуудын хариуцлагагүй байдлыг УИХ-н даргад “ховлоод” амжиж.
Энэ бүхнээс Монгол-Оросын харилцаа зогсонги байдалд орсныг харж болно. Мөн Орос ах нар маань бидний алсран одоход мөдхөн байгааг илтгэнэ. Гэвч бид мөнхийн хөрш. Орос, Монголын аль нэг нь хаа нэг тийшээ нүүгээгүй цагт бид холбоо сүлбээтэй байсаар байна. Харин тэр холбоотондоо муугаа үзүүлж, муухайгаар хэлүүлээд суух нь зохимжгүй.
Хэнэггүй, хариуцлагагүй, хайхрамжгүй, ажлаа хийдэггүй, мэддэггүй буруутныг хайх шаардлагагүй. Монгол-Оросын харилцааг хангалттай муутгасаныг харлаа, сонслоо. Харин яавал бид хөршийнхөө өмнө нүүр бардам байх вэ?! Муу, муухайг чихээрээ сонссон эрх баригч намын дарга, УИХ-ын тэргүүн нэгийг бодож, нөгөөг тунгааж буй биз ээ.
В.Бат