Энэ асуултад 18 жилийн дараа хариулт авч магадгүй өдөр ирлээ.
Хүн бүрийн мэдэх зураглал бол 1998 оны намрын өдрүүд. Улс төрийн байдал ч, тэнгэрийн өнгө ч өөдтэй биш байсан. Тэр өдрүүдэд Монгол Улсын Шадар сайд асан нас барсан байдаг. Энэ ажлын хэсгийг ахалж байсан
С.Зориг талийгаачийн ар гэрээр орж, энэ тэр ажлаа амжуулж байгаад гэртээ ирэхэд нь шийдсэн хоёр алуурчин гэрт нь отож байсан. Амь өрссөн тэмцэл өрнөж, Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн бусдын гарт амиа алдаж, гэм хэрэгтнүүд оргон зайлсан. Угаалгын өрөөнд амьд гэрч үлдсэн. Нэлийсэн цустай хэргийн газарт цагдаа, улстөрчид уралдан ирж, туучиж өгсөн дүр зураг хожим тодорсон.
Энэ хэргийг илрээсэй гэсэн үнэхээрийн эрмэлзэл С.Зоригт хайртай Монголын ард түмэнд байсныг цаг хугацааны олон сонголт харуулна. Мөн энэ хэрэг улс төрийн аллага байсан гэдэгт бараг 100 хувь итгэлтэй болсон байсан. Ингэж харах, итгэх бүх талын мэдээлэл сэжиг таамаг мэдэгдлийг асуудлын эргэн тойронд ойр байсан эрхмүүд байнга өгдөг байв.
Харин одоо ахуйн шинжтэй хэрэг байсан гэсэн яриа таамаг өнгөлөөд байна. 18 жилийн хүлээлтийн дараа анх удаа энэхүү учир битүүлэг хэргийн шүүх хурал хаалттай ч гэлээ явагдаж байгаа нь сайшаалтай.
Шүүх хуралд хохирогчийн талаас оролцож байгаа С.Оюунаас өөрөөр энэ хэргийн шүүх явцын талаар мэдээлэл авах аргагүй байгааг эх сурвалжууд өнөөдрийн нийтлэл бичлэгтээ онцолж байна.
Хэрэгт сэжигтнээр татагдан удаан хугацаанд хоригдсон сэжигтний ар гэр, хэвлэлийн хурал хийлгэж хилс хэрэгт хүнээ холбогдоод байгаа гэж мэдэгдсэн. Төрсөн тэлснийхээ эсрэг мэдээлэл өгөхгүй төдийгүй, өмгөөлөн дуугарах нь хүний эрх, зүй зүй ёсны асуудал. Гэвч мөрдөн байцаалт, нотлох баримтаар шалгагдан тогтоогдож, прокурор хянаж, яллах дүгнэлт үйлдсэн процедурын дагуу болсон тул шүүн таслах хурал болж байгаа гэж ойлгогдоно. Гэмт хэрэгтнүүдийн буруутайг нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэрэг хангалттай байгаа талаар хэргийг хянаж буй байгууллагаас мэдээлж байсан.
Энэ бүхэн бол хэвлэлээр тавигдаж олон нийтэд харагдаж байгаа үнэн. Харин 1998 оны 10 дугаар сарын 02-ны тэр өдөр С. Зоригийн гэрт чухам ямар хэрэг явдал өрнөж, аймшигт аллагаар төгссөн бэ. Олон таамгийн ард нуугдсан гэмт хэрэгтэн хэн байсан бэ гэдгийг яг одоо хэлэлцэж байна.18 жилийн турш цагдаагийнхны хайсан Батаа, Оюунаа хаана байна. Шүүх хурлын танхимд яг одоо сууж байгаа юу. Үгүй бол хэзээ ч ийм эртэй алуурчид байгаагүй юу.
Энэ хэрэг халаасны хулгайн хэрэг биш тул нэг өдөр шүүхээр шийдэгдэж “Бүгд найрамдах” уншигдахгүй гэж зарим нэг нь сошиалд үзэл бодлоо илэрхийлж байна. Нэгэнт 18 жил хүлээсэн тул одоо хугацаа сонин биш. Үнэн мөн тогтоогдож ид үедээ хүрч явсан С.Зориг яагаад алагдсан бэ гэсэн ард түмний хилэнт асуултад өгөх эцсийн үнэн хэрэгтэй байна.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /