Хонхны дуундаа ч сэрэхээ байсан архаг гишүүд, олигархуудаа салах гэсэн эрмэлзлэл АН-ын залууст байгаа нь Их хурлаар мэдрэгдсэн гэж дотор нь суусан жирийн гишүүн хэллээ.
Хэвлэлийнхэн ажил хэрэгч үйл явцын цаадах хаалттай хурлын уур амьсгалыг мэдрэх гэж хичээсэн ч ялгаагүй даруухан болоод өнгөрөв. Үүнийг АН-ынхан эвээ сахиж сурсан гэж дүгнэхэд эртэднэ. Харин халуун тогооныхоо тагыг нээх төдий болж, дөнгөж нэг сэвээд хаачихлаа. Ирэх оны нэгдүгээр сарын 28 хүртэл хэн галыг нь тааруулж чадсан нь итгэл найдвар бас асар их амбиц, эрх ашиг, эрх чөлөө ба шорон орон, шантааж гээд юм, юм хольсон энэ тогооны тагыг авч хутгах эрхийг авах юм.
АН энэ их хурлаараа 180 мянган гишүүнийхээ сум орон, ах дүү, жалга довны хуйвалдааныг задалж цахимжуулан тунгалагжуулах төслийг Их хурлын гишүүд дэмжжээ. Босоо тогтолцоотой болох юм уу даа. Мөн 179 мянгуулаа буюу экс дарга З.Энхболдоос бусад нь намын даргад нэр дэвших эрхтэй болжээ. Ямар ч байсан ҮЗХ булагнаж хуралдаад намын даргын тухай асуудлыг ярихыг шинэчлэлийн залуус хязгаарлаж чадсан байна. Тэдэнд үг заадаг хэн нэгэн байгаа бол их том харж чадсан байна гэж дүгнэж болохоор. Намын даргад өрсөлдөх номинацид 10-аас доошгүй жилд төр засгийн ажил хийсэн, их хуралд суусан зэрэг тусгай болзлууд байсныг авччихжээ. АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн масштабаар нэг “пороб” явуулж үзэхээр шийджээ. Ирэх сонгуулийн өнгийг харахад энэ нь МАН-д тун аятайхан судалгаа болох юм.
Ил тод харж болохоор гишүүдээ нэр устай нь цахимжуулсны дараа намын даргад өрсөлдөгчдийн сонгуулийн ажлын тактик бараг тодорхой болно. Хаана, аль аймаг суманд хэний хүн, ямар бүлгийн нөлөөний хүн их байгаа нь шилэн бүртгэлд тодорхой болоод ирэхээр даргын сунгаанд яаж үзэлцэх нь бас буугаад ирнэ л дээ. Нэр дэвшигчдийн ажлыг нь их хөнгөвчилсөн ийм бүртгэлийг АН бараг ганц сарын дотор мөнгө хаян хийхээр болсонд гайхах зүйлгүй . Нүдээ ширгэтэл 6 жил хүлээсэн Их хурлаасаа АН-ын нийт гишүүд их сунгаагаар шинэ даргаа тодруулах эрхээ олж авсан нь ялалт мэт. Нөгөө талдаа “би энд байна ярилцах уу ?” гэж утсаар ярих хэрэггүйгээр нэр дэвшигчдэд өөрийг нь олж ирээд юу шивнэхийг хүлээх илрүүлэгчтэй болж авлаа.
АН-ын гишүүд итгэл үнэмшлээрээ шинэ даргынхаа төлөө санал өгөхийг үгүйсгэх нь муйхарлал. Урьдын их хурлын жишгээр танхимын уур амьсгалд автах, нэг бол Нүхтийн нэг хоёр шөнийн архидалт тохироогоор намын даргыг сонгодог хорноос энэ удаагийн сунгаа хамаагүй цэвэр, дэвшилттэй явахаар төсөөлөгдөв.
АН-ын гишүүд нэг тойрог болж намын даргаа шууд саналаар сонгож Ерөнхийлөгчийн сонгуулийн бие халаалтыг эхлүүлэхээр боллоо. Явсаар намын даргаа хэрхэх талаар хамгийн гал багатай шийдвэрийг баталгаажуулаад буцсан үр дүнтэй. Үүнээс өөр Их хурлаараа юу үзэглэж, ямар үзэл санаан дээр тогтон ярьсан бэ гэвэл хаалтны гаднаас чагнасан сэтгүүлчдэд тоймтой үг үлдсэнгүй.
“Шинэ дүрэм батална гэсэн яасан бэ ?” гэж төлөөлөгчөөс нь би асуулаа. “Тэр чинь аймаар зузаан ном болсон байна лээ. Гэртээ харьж сайн уншиж ойлгож байгаад нөгөөдүүлдээ үзүүлж санал авна шд ээ. Даргаа л сонгочихмоор байна. Дүрэм яахав болно ....” гэсэн юм.
Унтрах дөхсөн ардчиллын утаа тулгандаа уугисан хэвээр үлдэх шиг боллоо.
Пүрэвжавын Баярхүү / тоймч/