“Мориныхоо эмээлийг авалгүй оройтоод нурууг нь авахуулчихлаа” гэж аав үргэлж биднийг зэмлэдэг байж билээ. Монголчууд морио ингэж л хайрладаг, эрхэмлэдэг ард түмэн. Гэтэл сүүлийн өдрүүдэд БНХАУ-руу экспорлохоор ачааны машины тэвшинд ачсан олон тооны адуу үрэгдсэн мэдээ хөвөрч сэтгэл баахан хямрав. Даахин сэвлэг согсолзуулан цагааширсан дааганд ташуур өгөн давхиулж явахдаа тэр амьтантай салшгүй нандин сэмжээр холбогдсондоо хил дээр хоригдсон хэдэн адууг өрөвдөж, басхүү өмөлзмөөр болов.
Олон нийтийн сүлжээний ач тусаар ил болсон Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод ачааны машины тэвшинд ачуулсан 800 гаруй адууны 50 орчим нь өлдөж үхсэн гэх албан бус мэдээ байна. Манайхан егөө нь ниргэсэн хойно нь “хашгирдаг” улс. Сошиалын ачаар илэрч, энд хүртэл асуудал дагуулсан нь энэ болохоос өмнө нь хичнээн адуу шөнөжингөө машины тэвшийг туурайгаараа цавчилж хэдэн өдөр зовсныг хэн ч мэдэхгүй. Уг нь ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд адууг амьдаар нь экспортлохыг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хориглосон шийдвэр гаргажээ. Харамсалтай нь сайдын шийдвэр хүчгүйдэж, мөнгөнд шунасан ченжүүд хууль зөрчин 800 гаруй адууг хил давуулахыг санаархлаа. Гэхдээ хууль дүрэм зөрчсөн тэдний оролдлого бүтэлгүйтэн талаар болсон нь яамай. Олон нийтийн цахим сүлжээнд хэн нэгэн үүнийг дэлгэж тавиагүй бол П.Сэргэлэнгийн шийдвэр ширээн дээрээ л үлдэж, дамын наймаа даамжирч адуу экспорт нэрээр “тамгалдсаар” л байх байж.
Хэрэгжээгүй шийдвэр араас хяналт, шалгалтаа олигтой явуулаагүй П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт Шадар сайд У.Хүрэлсүх хоёр ч удаа үүрэг өгч, Сайдын үүргийг биелүүлэхгүй бол хатуу хариуцлага тооцно гэдгээ хэллээ. Ажлаа хийж чадаагүй хоёр албат банг хүртэж, адууг амьдаар нь хил давуулахыг бүр мөсөн хориглох даалгавар авав.
Гэсэн ч П.Сэргэлэн “Урд хөрштэйгээ хамтын ажиллагаагаа сайн байлгавал манай малчид орлоготой болох асуудал яригдаж байгаа. Тэгэхээр бид харилцаан дээрээ онцгой анхаарч “зөөлөн” байх чиглэл барьж ажиллана” гэв.
Монголчууд морио дээдэлдэг ард түмэн. Гэхдээ ашиг хонжоонд улайрсан хэдэн ченж, бэлэн мөнгөний хэрэгцээнд дарлуулсан ардууд мөнгө улаан, нүд цагааны үлгэрлэлийг харуулж байна.
Монгол адууг амьдаар нь БНХАУ, Казахстан гэсэн хоёр л улсад экспортолдог. Сүлдэн хиймортой энэ амьтныг экспортод гаргах санамж бичигт ХХААХҮ-ийн яам, БНХАУ-ын чанар хяналт хорио цээрийн байгууллагын төлөөлөгчид 2008 онд гарын үсэг зуржээ. Үүнээс хойш жилд дунджаар 3-6 мянган адуу, хамгийн ихдээ 7 мянган адуу экспортолсоор ирснийг албаны хүн хэлж байна. Тооцоод үзвээс өнгөрсөн найман жилийн хугацаанд 56 мянган адууг амьдаар нь экспортолсон байх юм. Өнгөрсөн хугацаанд ийм зарчмаар хил давсан ихэнхи адууг БНХАУ-руу экспортолжээ. Ингэхдээ нэг машины тэвшинд 30-40 адуу ачдаг байна. Хол замд олноор нь шахаж ачсан адуу дарагддаг, олон хоног өвс тэжээлгүй явснаас өлддөг, замын энхэл донхолд бэртэж үрэгддэг аж. Ийн тамлагдаж харийн газарт хөл тавьж, тогоо тосолдог гэхээр сэтгэлд хүнд. Ер нь ч Монголчууд 1960-1970-аад оны үеэс адуугаа амьдаар нь гадаадад гаргаж эхэлсэн түүх бий. Тухайн онуудад ОХУ-руу вагонд ачин цанатын баазаар жилд 10 мянга орчим адууг амьдаар нь гаргадаг байсан тоо баримттай.
Мал худалдаж авдаг ченжүүд малчнаас нэг адууг 450-500 мянган төгрөгөөр худалдаж авдаг. Харин авсан адуугаа урд хөршид нэг сая орчим төгрөгөөр борлуулдаг тухай албан бус мэдээ бий. Манайд адууг амьдаар нь экспортонд гаргадаг зөвшөөрөл бүхий 8-9 аж ахуй нэгж байдаг. Энэ зөвшөөрлийг зөвхөн Монгол талаас олгодоггүй. БНХАУ-ын адууг нядлан бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, компанитай гэрээ хийдэг. Улмаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны хорио цээрийн байгууллага тухайн компанид адуу экспортлох зөвшөөрөл бүхий гэрчилгээг олгодог байна. Зөвшөөрөлтэй аж ахуй нэгж нэг удаад дунджаар 500-1000 адуу амьдаар нь экспортолдог гэнэ. Ингэхлээр адууны наймаа эрхэлдэг ченжүүд нэг удаад 500 саяын ашиг олдог байх нь. Зарим тохиолдолд малын ченжүүд нэг удаад 2 мянган адууг амьдаар нь хил нэвтрүүлэх хүсэлтийг ч МХЕГ-т тавьдаг байна.
Мөн үржлийн зориулалтаар адууг амьдаар нь хил давуулдаг. Гэтэл монгол адуу харь холоос нутагтаа гүйгээд ирдэг ухаантай. Иймд гадаадынхан адууг алдахгүйн тулд хоёр нүдийг нь сохлон, хашаанд хийдэг гэх гашуун мэдээ сонсогддог. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Үржлийн зориулалтаар гарсан адуутай зүй бус харьцсан тухай мэдээлэл одоогоор ирээгүй байна” гэв. Харин үржлийн чиглэлээр гаргасан адуундаа эргээд хяналт тавьдаг уу гэсэн асуултад хариулт өгсөнгүй.
Үржил, угшил сайжруулах зорилгоор харилцан солилцох байдлаар нэг удаад 6-7 тоогоор адууг гадаадад экспортолдог байна. Ингэхдээ тусгай лицензээр үйл ажиллагааг явуулдаг аж. Үржлийн зориулалтаар хил давуулж буй нэг адуунд хүлээн авагч тал 200 мянган төгрөгийн лицензийн төлбөрийг төлдөг аж. Адуу нэг бүрт гурван жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгодог байна. Тусгай зөвшөөрлийг олж авахад олон байгууллагын босгоор алхах хэрэгтэй учраас экспортод гаргаж буй адууны тоо харьцангуй бага аж. Ийм зориулалтаар хил давж буй адуу “зовлонгүй” хил давдаг бололтой юм. Харин экспортоор буюу хил даваад мах бэлтгэд шилжих адууг бөөнд нь машинд ачсаны улмаас бэртэж, гэмтэх, өлдөж үхэх зэргээр “тамлагддаг” байна. Буянт малыг хаашдаа л мах болохоос хойш гэсэн шиг ийн аяглах нь харамсам юм.
Уг нь Дэлхийн мал амьтны байгууллагаас гаргасан мал амьтныг тээвэрлэхдээ тавлаг байдлыг хангах тухай зөвлөмж бий. Мөн Олон улсын мал амьтныг хуурай газраар тээвэрлэх журам гэж бий. Дээрхи журмуудыг гишүүн орнууд дагаж мөрдөх учиртай. Зөвлөмжид малыг тээвэрлэхдээ бэртээхгүй, гэмтээхгүй, шахаж унахаагүй, даруулахгүй, хүйтний улиралд тээвэрлэхгүй, өлсгөж зовоохгүй байх зэрэг журмыг дагаж мөрдөх ёстойг чухалчилсан байна.
Хоёр ч удаа үүрэгдүүлсэн албатууд цаашдаа Шадар сайдын өгсөн чиглэлийн дагуу адууг амьдаар нь бус мах болгон бэлтгэн, БНХАУ-руу нийлүүлнэ гэнэ. Энэ шийдвэрээ ч цаашид хугацаагүй үргэлжлүүлнэ гэв. “Нэгэнт амьд адууг гаргахгүй гэсэн шийдвэр гарсан бол монголын төр нэг бодлого, нэг зарчимтай ажиллана. Төрийн гаргасан шийдвэрийг агентлаг хэрэгжүүлж ажиллах ёстой. Энэ зарчим хадгалагдана” хэмээн эрс шийдэмгий хариулж байна. Энэ нь ч зөв биз.
Адууг нядалгаанд оруулж буй махны үйлдвэрүүд ариун цэврийн дэглэмээ нарийн баримтлах юм бол адуугаа биш махаа экспортлох боломж бидэнд бий. Манайд мах боловсруулах үйлдвэрүүд хангалттай байдаг. Хэрэв бид махаа экспортолж эхэлвэл дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ. Тэнд ажиллагсдын цалин хөлсийг ч нэмчихнэ. Нөгөө талд нутгаа л гэж харь холоос ч гүйгээд ирдэг аргамаг хүлгүүд хүйтэн төмрөн дээр тарчлахгүй мал, эзэн хоёр хэн хэндээ буян болно. Гол нь малчин малаа шинжилгээнд хамруулах, махыг авсан үйлдвэр олон улсын технологи горимын дагуу бэлтгэн нийлүүлэх нь л чухал юм.
Үгүй бол молор эрдэнээ мянга түмээр нь гаргаад буянаа “барж”, уралдах морь, бахархах соёлгүй хоцров вий дээ. Эдийн засгаа бодсон малын махыг боловсруулж, гадагшаа гаргах нь эрүүл ахуй хийгээд экспортоо нэмэгдүүлэхэд ч нэмэртэй.
Энэ удаад Шадар сайдын өгсөн үүрэг даалгавар ягштал хэрэгжээсэй билээ
Г.Тэгшсүрэн