Ажлын хэсгийн анхааруулгууд
2016-11-30

Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүдийн компани авсан. Хэвлэлээр ил болоогүй МАН-ын гишүүдийн компаниуд ч байгаа тэднийг ил болгоход бэлэн байна гэж мэдэгдсэн ба АН энэ асуудлаар долоо хоног завсарлага авч МАН-даа бодох хугацаа өгөв. Энэнээс илүү цайрцан “үзэгдэл” парламентийн түвшинд болж байсан бил үү гэж бодох шахав. Хэрвээ өмнөд Солонгост том намууд нь хуйвалдаж, улсаа хөгжүүлэх банкны мөнгийг хувааж цохисон иймэрхүү сэжигтэй шуугиан гарвал өдийд хэвлэлийнхэн шөнөжингөө хөдөлж, ухаж төнхөөд иргэд нь гарч жагсаад ёстой утгаараа бөөн юм болж байгаа. Харин манай ТВ мэдээнийнхэн үүнийг ердийн нэг завсарлага шиг мэдээлээд өнгөрч байна. 

 

 

АН-ын хувьд МАН-д өгч буй энэ бодох хугацааныхаа оронд МАН-ын зээлтэй компанийн гишүүдийг шууд зарлах хэмжээний сөрөг хүчний дуу хоолой нь сөөчихөөгүй л байгаа. Гэтэл адилхан шүү гэсэн тохирооны ханшаа ил зарлаад цаад үгээ залгичихаж байна.

 

Хоёр том нам хуйвалдаж сурсан ба хэн хэн нь хэлүүлэхээс айж нэг нь завсарлага авч нөгөө нь зөвшөөрсөн болж яриа хөөрөөгөө эхлүүлэв бололтой. Ямар төр нийгэмд амьдраад байна, нөхдүүд.

 

Одоохондоо нууцлагдаад байгаа  Хөгжлийн банкны тэрбумын нууцууд, бондын мөнгөөр өөрсөд дээрээ бороо оруулсан  ноёдоо бид хэзээ ч бүрэн мэдэж чадахгүй ч байж болох тохироо явагдах “завсарлага”-ын тоолуур гүйгээд эхэллээ.

 

Орон нутгийн ээлжит сонгууль тосоод АН-ыг нам дарахаар өрнүүлсэн гар хурууны ажлын том нь Эрдэнэт, бага шиг нь Хөгжлийн бакны асуудал байлаа. Аль алийг нь шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Иймэрхүү цаг үеийн сэдвээр ажлын хэсэг байгуулах, тэр нь тайлангаа тавих болсноо байн байн зарлаж, хэн нэгэнд тохирохыг сануулах нь  Их хуралд  “мода”  болоод байна уу.

 

Л.Эрдэнэчимэг гишүүн Тавантлгойн төсөл дээр ажлын хэсэг ахалснаар яалаа даа. Их хуралдаа нүүрсээр дуугардаг ганц хүн болох дөхөж байсан.  Ажлын хэсэгт багтана гэдэг нь гишүүдэд маань их нэр төртэй ажил гэж харагдаж байгаа. ТОП сэдвээр мэдэгдэл хийж  байнга зурагтаар гарч дорхноо танигддаг тул бараг Байнгын хорооны даргаас дээгүүр орохоор. Саяхандаа мөн л дээд түвшинд МҮОТВ-ийг буюу бараг Ц.Оюундарийг шалгах гэсэн ажлын хэсэг байгуулагдсан дуулдсан.

 

Хамтарсан ажлын хэсгийн тайлан тавих өдөр мөн л сүртэй. Хөгжлийн банкийг шалгаж буй хэсгийнхний зарим нэг дүн тоо урьдчилан зарлагдаж явсаар  нөгөө талдаа бодох хугацаа өгсөн сануулгын “завсарлага”- д орчихлоо. Өчигдрөөс ажлын хэсгийнхэн ар араасаа ажлаа мэдээлэх гээд дугаарлаж буй бололтой. Өчигдөр АН-ын даргын сунгаанд өөрийгөө хөлсөлж яваа Ж.Батзандан гишүүн мөн “ширүүн “мэдэгдэл хийж багынханд нь бүлэглэлийн толгойлогч нар нөлөөлөөд байна гэсэн утгатай дуугарлаа. Тэрбээр ингэж дуугарах боломжтой. Учир мөн л  шалгалтын ажлын хэсэгт багтсан.  Ажлын хэсгийг мөн өмчилсөн бололтой. Өөрийн болсон Эрдэнэтийг “хардах” ажлын хэсгээ төлөөлөн ярьлаа.

 

Ажлын хэсгийнхний  тайлан тавих дараалал оны өмнө амжихааргүй харагдаад байна. Ард нь үнэн тодорч, хариуцлага тооцсон үр дүн гарах уу гэдэг сонин.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
БАТ:
ЭНдээс юу ч гарахгүй. Эрдэнэт ч, Хөгжлийн банк ч, Зоригийн хэрэг ч нэгийгээ нээтэглэх жүжиг төдий юм шүү дээ. Зоригийн хэргийг зөв талаас нь шүүвэл Отгонбилэгэээс гадна гол нь Багабанди гарч ирнэ. Эрдэнэтээс Ми Энхболд гараад ирнэ. Хөгжлийн банкнаас МАН - ын томчуул 100 гараад ирнэ. ЯАХ ЮМ. Хятаадаас зээл аваад бараг буцаан төлөхөөргүй гэж донгодно улсаа мандуулах гэсэн чинь Далай багш саад болчихлоо гэнэ. коммунистуудыг БИ МЭДНЭ ЭЭ
2016-11-30