Улс тунхагласны 92 жилийн ойн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан "Монгол бөхийн өргөө"-нд өнгөрсөн амралтын өдрөөр болсон. Уг барилдаанд зодоглосон нэг дэвжээний нэг багшийн шавь, нэгэн үеийн арслангуудын “арсалдаан” өнөөдөр ч яригдаж, бөхийн хорхойтнуудыг талцуулж байна.
Зургаагийн даваанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Р.Пүрэвдагвыг амлан барилдаж, давснаар улсын наадмын “даагаа нэхээд” авлаа. Харин унасан бөх ууртай гэгчээр Р..Пүрэвдагва арслан тахимаа өгөхгүй хэсэгхэн “гэдийж”, өнөөх нь ч тосож авахгүй гэж тоомжиргүй царайлсан нь олон нийтийг талцуулахад хүргээд буй юм.
Нэг хэсэг нь “Улсын наадмаар Р.Пүрэвдагва унаагүй гэж “гүрийж” байгаад дахин барилдаад давсан. Сайхан барилдаантай ч унаж чаддаггүй бөх”. Өнөө хэсэг нь “Бүрэнтөгс жудаггүй зан гаргаж, монгол бөхийн ёс жаягийг эвдэж, их зан гаргалаа” хэмээх аж. Ерөөс олон нийт ийм л хоёр өгүүлбэрийг хоёр талаас шидэлцэн жалга довоор хуваагдаж байна.
Гэвч цолондоо дүүрэн барилддаг арслангууд шударга сайхан л өрсөлдсөн. Арслан П.Бүрэнтөгс Р.Пүрэвдагва арсланг амласан нь бөхийн барилдааныг үзүүштэй болгосон нь үнэн.
П.Бүрэнтөгс арслан Баянаа аваргын наадамд түрүүлчихээд байны мөнгө болох 5 сая төгрөгөө хавдрын эсрэг аянд хандивлаж байсан. Үүнийх нь төлөө энэ залуу арсланг хүндэтгэдэг юм. Харин Р.Пүрэвдагва арслан угийн “шартай”. Энэ удаад ч итгэл хүлээлгэсэн олныхоо сэтгэлийг чилээчих вүү гэхдээ дотроо шатаж байсан биз. Залуу хүн түрхэн агшинд "дүрэлздэг дээ". Арслан өнөө цагийн бөхчүүдийн өнгийг тодорхойлж, шижигнэсэн барилдаан үзүүлдэг. Шагналын байг үл хамааран заалны барилдаанд зогсож л байдаг бөх. Үүнийх нь төлөө түүнийг ч бас хүндэтгэдэг.
Унасан ч давсан ч угаас нэр муутай хоёр арслан олон жил эн тэнцүү барилдаж, өргөн түмнээ баясгана даа.
Г.Сүрэн