Хүн нь цагаачлаад явчихдаг харийн нутаг гэж байхад
Хүлэг нь гүйгээд ирдэг миний нутаг гэж байдаг юм
Машины зам хэрээстэй харь орон гэж байхад
Малын жим дэлгээстэй МОНГОЛ гэж байдаг юм. /Ж.Раднаадаргиа яруу найрагчийн шүлгээс/
Тэртээ 92 жилийн өмнө буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зарлан тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулийг баталсан.
Өдгөө 92 жилийн ойтой золгож буй энэ өдөр Тусгаар улс байна гэдэг ямархан аугаа хувь заяа болохыг бие, сэтгэлээрээ мэдэрч буйдаа олзуурхаж байна. Он цагийн урсгалд эх орныг минь бүтнээр нь, туурга тусгаар хэвээр нь, баларч бүдгэрээгүй түүхтэй нь хамтад бидэнд үлдээсэн өвөг дээдэстээ өнөөдөр талархаж байна. 1911 оны Тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн буухиаг үргэлжлүүлж, түүхийн нугачаа ээдрээтэй замыг туулахдаа ч энэ өдрийг тэмдэглэн үлдээсэн он жилүүдийг бид мартахгүй.
1924 оны 11 сарын 26-нд Монгол улс анх дугаар Үндсэн Хуулиа батлан хаант засаглалаас татгалзаж, бүгд найрамдах засаглалыг сонгож байгаагаа баталгаажуулсан. Тэгэхээр улс тунхагласан өдөр биш бүгд найрамдах засаглалыг сонгосон өдөр хэмээн маргах хүмүүс цөөнгүй байдаг. Хэрэгтээ энэ өдрийг юу гэж ч нэрлэсэн ч эцсийн дүндээ өөрийгөө монгол хэмээн омог бардам хэлэх хүн бүрийн баярын өдөр.
Энэ өдөр Манжийн эрхшээлд ороод байсан Монгол улс тусгаар тогтнолоо дахин сэргээсэн түүхтэй. Манжийн эрхшээлээс гарсан явдал бол бидний хувьд маш чухал үйл явдал гэж би ойлгодог. Тиймдээ ч энэ өдрийг улс байгуулсаны баяр, засаглал сонгосон өдөр биш улс ТУНХАГЛАСНЫ баяр гэж тэмдэглэж ирсэн биз ээ.
Ай даа эх орон минь хичнээн тайван, амар амгалан билээ дээ. Харийг зорьсон хүн тэндээ үлдэх гэж биш “буцна аа” гэж хоолой зангируулдаг тийм л эх орон. Өнөөдөр арын өврийн хангайн алагласан цэцэгс атганд унадаг жимс, жимсгэнэ үгүй ч адуу малын зүс өтгөрсөн өнгө муутайхан өвөл хачин тансаг санагдах нь эх орны минь үнэ цэнэ билээ.
Г.Тэгшсүрэн