Хэдхэн хоногийн өмнө экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэ Герман улс руу явах гэж байхдаа хуулийнханд саатуулагдсан. Түүнд хилийн хориг тавиад буй.
Тэгвэл Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг мөн л Герман улс руу явах гэж байхдаа хилийн хоригтой гэдгээ мэдэж, АТГ-ынханд саатуулагдсан байна. Н.Наранцэцэг нь Герман улс руу эмчилгээнд явах гэж байсан гэнэ. Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй юм.
Н.Наранцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 буюу Төрийн өндөр албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, 153-т заасан бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэсэн зүйл ангиар буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Н.Наранцэцэгийн өмгөөлөгч О.Чулуунцэцэг энэ талаар “Миний үйлчлүүлэгч нэг ч хоног төрийн албанд ажиллаж үзээгүй хүн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 зүйл ангиар шалгаж байна. Мөн эрүүгийн хуулийн 153-т заасан бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлсэн гэдгийг ч үндэслэлгүй гэж үзэж байна.
А компанийн авсан тендерийн мөнгөөр иргэн Н.Наранцэцэг барилга барихдаа ашигласан байж магадгүй гэсэн үндэслэлээр хорьж байгаа. Гэтэл иргэн Н.Наранцэцэг нь тэр яригдаад баригдаад байгаа барилгын захиалагч нь биш. Захиалагчийн эхнэр нь байгаа. Хаа хамгаагүй А компанийн авсан тендерийн мөнгө иргэн Н.Наранцэцэгийн барилга руу орсон гэж хорьж байгаа нь үндэслэлгүй асуудал юм" гэсэн тайлбарыг өгсөн байна.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхаас нь эхлээд түүний ойр орчмынхон хууль, хяналтын байгууллагын хараанд орсон. Ахлах зөвлөх А.Гансүх нь нүүрсний хэргээр “аав”-ын хаалга татсан бол хүргэн Г.Дэнзэн нь ч 17 тэрбум төгрөгийн тендерийн асуудлаас үүдэж, Н.Алтанхуягийн чихнээс багагүй хонх уясан. Харин одоо Ерөнхий сайдын суудлаас буусан хойно түүний гэр бүлийнхэн хуулийн байгууллагын хаалгыг ээлжлэн татаж байна. Эхнэр нь хилийн хоригтой, Монголоос гарах эрхгүй болсон. Харин төрсөн дүү нь цагдан хориход саатуулагдлаа. Мөн Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг саатуулсан гэх мэдээлэл зарим сайтад гарсан байна. Өрнөж буй үйл явдлыг ах дүүгээрээ хүрээлүүлж, төрийг гэр бүлийн компани мэт ойлгосны гор гэж харах хүмүүс ч байна.
Харин энэ бүхэнд экс Ерөнхий сайд “Монгол Улсын Ерөнхий сайд байх үеэс л намайг огцруулахын тулд хэрэглэсэн тэр ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна” гэсэн тайлбарыг өгөөд буй. Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн “том” дуугарсантай холбоотой байхыг ч үгүйсгэхгүй гэдгээ давхар дуулгасан. Бас Н.Алтанхуяг энэ бүхний ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг байгаа гэж бодож буйгаа ч нуугаагүй.
Нэгэн цагт Монгол төрийн өндөр албан тушаалд байсан хүмүүс хуульд ороогддог үйл явц энэ удаа Н.Алтанхуягийг дайрлаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон түүнийг хүрээлэгчдийг тойрсон асуудалд өнөөдөр ч цэг тавигдаагүй байгаа. Үргэлжлүүлээд Н.Алтанхуягийн асуудал сөхөгдөж, ид өрнөж байна. Нэг өдөр Н.Алтанхуягийн хар эсвэл бор оймстой хөл гозолзож магадгүй нь.
В.Хэрлэн