Энэ цаасанд дотор их юм бий. Төрийн банк, Хөрөнгийн бирж, Цахилгаан станцууд, Монгол шуудан ... гээд 150 тэрбум хүрэх өмч хөрөнгө үйлдвэр обьектууд байгаа.
Төрийн мэдлийн өмч дээр тогтсон, өөдтэйхэн сэтгэл гаргаад тордвол алдагдалтай байтугай ашигтай ажиллах үл хөдлөх ба эргэлтийн хөрөнгө, харилцагч худалдан авагч нийлүүлэгчийн өргөн сүлжээтэй, бие даасан бүтэцтэй обьектууд энэ жагсаалтад орсон.
Төрийн өмчит компаниудын алдагдал төсвийн дарамт их байгаа талаар болон тэдгээрийн хувьчлахын зөвийг тодруулсан бичлэг, нийтлэл голлох хэвлэл сайтуудаар графикийн дагуу мэт тавигдаж байгаа харагдсан.
“Төр муу менежер” буюу төр өмчгүй байх тухай энэ туйлширсан тархи угаалт сүүлийн жилүүд, АН-ын эрх барих үед их яригдах болсон. Алдагдалтай гэдэг хар титэм зүүсэн төрийн компаниудын удирдлагын томилгоо, тэдний намдаа ач санан удирдсан үйлдвэр компаниа шахааны газар болгодог арга барил, соц –ын үеийн улсын өмчийг хулгайлах хүйтэн хандлагыг өөрчлөх, хариуцлагажуулах талаар Төр ер нь юу хийж ирсэн бэ. Хувьчлах нь нэг гарц мөн боловч энэ нь бараг сул хаях эцсийн арга хэмжээ гэж болно. Хувьд очсоноор тэр хүндээ ашигтай ажиллана. Төр алдагдал үүрч, төсвөөс татаас өгөхөө болино. Гэхдээ төсөвт нэг удаа оруулах мөнгөний ард Төрийн өмч цулгуй болох нь олигархиудын гар уртсахын шинж.
Төрийн өмчит үйлдвэрийн газрууд хулгайн үүр болсон учраас л алдагдалтай ажиллаж байгаа. Өөр арга барилаар удирдлагыг нь сонгон шалгаруулж шинэ багт атгуулж, урамшууллыг нь сайн амлачих юм бол босгоод л ирнэ. Үүнийг яам агентлагийн бодлого барьдаг мэргэжилтэн төдийгүй дотор нь ажилладаг жирийн ажилчид нь хэлдэг. Тэдний нүдэн дээр явагдаж байдаг шахаа, үрэлгэн зардлыг хэмнэхэд л босоод ирнэ. Үйлдвэр компани нь яагаад ашиггүй ажиллаж, тарах хуваагдах, хувьд гарч хэн нэг эзний мэдэлд очих дээрээ тулаад байгаагийн цаад шалтгааныг нэгж дээр байгаа ажилчдаас нь асуухад яаж аварч, ашигтай ажиллуулах арга нь тод харагдаад ирнэ. Ийм алхмыг төрийн өмчит компани, үйлдвэрүүд дээр яам агентлагууд санаачлан хийж байсан талаар би л хувьдаа уншиж байсангүй. Нүдэн дээр нь хулгайлаад идээд завшаад алдагдалд оруулаад байхад хараагүй юм шиг өнгөрүүлж, удирдлагынх нь толгойг илж байгаад оны эцэст сүртэй шалгалт аудит оруулж алдагдалтай ажилласныг гайхан шүүмжилдэг бол бүүр арга барил болсон.
Ер нь бол эрх барьсан намуудын төрийн өмчит компани үйлдвэрт хийсэн томилгоо далд учир сүлжээг хөөхөөр “Хулгайл” гэж хүн томилчихоод дараа нь хулгайч гэж зүхээд байгаатай яг адил.
Энэ тал дээр шинэ парламентад Т.Аюурсайхан гишүүн дэмжмээр, зөв дуугарч байгаа. Ашиг сонирхлын зөрчилгүй бол төрийн түшээ шудрага талд эргэлзэхгүй дуугарч болохыг энэ залуу олон асуудал дээр харуулж байгааг энд хашилтад хэлчихмээр.
... Ер нь төрийн өмчит үйлдвэрийн газрууд 100 хувь ашигтай ажиллах боломжтой. Ашигтай ажиллаж байгаагийнх нь үр өгөөжийг дээшлүүлж, алдагдалтай ажиллаж байгааг нь ашигтай ажиллуулах хэрэгтэй.
Тэгэхийн тулд нэн яаралтай төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудтай ашигтай ажиллах гэрээ байгуулах хэрэгтэй. Хэрэв алдагдал хүлээвэл өмчөөрөө хариуцна, албан тушаалаараа хариуцлага хүлээнэ гэдэг заалт дээр гарын үсэг зуруулбал энэ ажлыг хийе гэсэн хүмүүс маш олон байгаа.
Хамгийн гол нь өмч хөрөнгийг шамшигдуулах, улсын хөрөнгөөр тоглох, үнэгүйдүүлж байгаад хувьчлах зорилготой хүмүүс тэнд ажилладаг болохоор алдагдалтай ажиллах явдал гаргасаар байгаа гэж Т.Аюурсайхан гишүүний хэлсэнтэй гаднаас нь хараад шүүмжлээд байдаггүй, дотор нь буцалдаг төрийн өмчит компанийн халуун тогоонд байдаг олон хүн санал нийлэх байх гэж найдаж байна.
Пүрэвжавын.Баярхүү / тоймч /