Оршлоо АНУ-ын сонгуулийн дуулианаас эхлэх боллоо. Дэлхийн нөгөө бөөрөнд байх ард түмний сонголтын ардах гэрэл сүүдэр Монголын эдийн засагт нэгэн нааштай дохио илгээв.
Доналд Трамп ялсантай зэрэгцээд дэлхийн зах зээлд хэлбэлзэл гарсны нэг нь зэсийн ханш өссөн явдал. Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хоёр өдрийн дотор Лондонгийн металын зах дээр зэсийн үнэ тонн тутамдаа 600 ам.доллараар нэмэгдэж, нэг тонн зэсийн үнэ 5635 ам.доллар болчихжээ. Нэг тонноос 600 ам.доллар гэдэг бол “яахав дээ” өсөлт биш.
Манай саалийн үнээ Эрдэнэт жилдээ 130 мянган тонн зэс олборлодог гэдэг. Жирийн нэг өрхийн эзний адил үнэд хүрсэн баялгаасаа хэр юм унагаж болохыг тооцоод үзээрэй. 130 мянган тооныг үржих нь үнийн өсөлтийн 600 ам доллар гээд ... явж өгнө. Энэ удаагийн өсөлт бол энэ жилийн өсөлтийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж зэс олборлогчид баяртай байгаа гэнэ. 2015 оны дөрөвдүгээр улиралд зэсийн ханш Лондонгийн металын зах дээр 4 700 ам.доллар хүрч байхад босч харайн баярлаж байсан компаниуд 5635 хүрэхээр найр хийх биз. Зэсийн үнэ өсөөд байвал хамгийн их баярлах учиртай улс нь бид.
Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд зэсийн 36.3 сая тонн нөөцийг хайгуул хийн тогтоогоод байна. Ганц Эрдэнэт бус нөөц, уурхайн хүчин чадлаараа дэлхийд эхний тавд ордог Оюу толгой орд байна. Тус ордын хүдрийн нөөц 3.380.0 сая тонн. Риогийнхон гүн рүү нь ороод байгаа энэ нөөцөөс 31.1 сая тонн зэс, 1.328 тонн алт, 7.601 тонн мөнгө олборлоно хэмээн тооцсон. Харин бидний ашиг хүртэх жил хойшилсон байгаа. Мөн үүний дараа “МАК” компанийн эзэмшдэг Цагаан суваргын орд бий. Тус орд 141.5 сая тонн хүдрийн нөөцтэй. Мөн 94.7 сая тонн сульфидийн хүдэртэй гэж бичдэг. Энэ ордоос гэхэд 568.6 мянган тонн зэс олборлох боломжтой. Ингээд харахаар миний эх орон үнэхээр ЗЭС эрдэнийн орон юм.
Ийм баялагтай улс орны төр уул уурхайгаа тогтвортой, ирээдүйтэй хөгжүүлэх, ашиг унацыг нь олон жил эдийн засагт хаялгатай байлгах талаар залгамж бодлоготой байх ёстой юм. Оны сүүлийн хагаст шуугиан тарьсан зэс, нүүрс зэрэг түүхий эдийн үнийн өсөж, уруудсан график үүнийг харуулж байна.
Нүүрсний үнэ шалдаа буулаа, Хятад түүхий нүүрс авахаа больчихлоо гэж шуугиад Чалко-д тонн нүүрсээ хаана ч байхгүй хямд үнэ, 30 хүрэхгүй ам.доллараар нийлүүлж өр дарах хатуу гэрээг 2013 онд байгуулсан. Гэтэл өнгөрсөн 10-р сард тонн нүүрс бараг 150 хувь өсчээ. Коксжих нүүрс тонн нь 195.70 ам.доллар болж, 2016 онд хамгийн өсөлттэй байгаа түүхий эдээр тодроод ирсэн. Энэ өсөлтийн ардах бүх ашиг манайхтай доод үнээр хатуу гэрээ хийж авсан Чалкогийн хэтэвчинд үлдсэн.
Түүхий эдийн үнэ буурч, өсч байдаг. Байнга өснө гэж хэзээ ч байхгүй. Гэхдээ буурах цикл дээр нь туйлшран шуугидаг, ашиг сонирхлын зөрчилд автаж алдагдалтай алсаа хараагүй шийдвэр гаргагч нар нь манай улсын хувьд хууль батлагч нар, улстөрчид байдаг нь гайхалтай. Хамгийн их мэдээлэлтэй, эдийн засгийн талаар ядаж зөвлөхтэй, бараг тал нь ямар нэг ордын лицензийг дам барьдаг манай түшээд уул уурхайн түүхий эдээ үнэгүйдэхэд төсвийн дарамтаар тулгаж байгаад харийнханд бэлэглэх шахуу өгчихдөгөө болих хэрэгтэй. Энэ бол зэсийн ба нүүрсний үнийн огцом өсөлтөөс бидэнд үлдэх ээлжит сургамж.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /
Уншиж байна |