Засгийн газрын хуралдаанаар ам.долларын ханшийг тогтоох тун муйхар шийдвэр популист шинжтэйгээр зарлагдсанаас болж, доллар хоногт 100 төгрөгөөр чангарч эхэллээ.
Долларыг хязгаарлах эхний арга хэмжээнүүдийг авах, Элчин сайдын яамдууд төлбөр хураамжаа төгрөгөөр авдаг болгох зэрэг алхмуудыг нэн даруй хийхийг МУ-ын Засгийн газрын тэргүүн үүрэгдэв. Мөн Сангийн сайдад ямар ч үнээр хамаагүй ам.долларыг хязаарлах, шаардлагатай бол зарим тогтоол захирамж гаргах төслийг оруулж ирэхийг тусгайлан заажээ.
Ийнхүү засаг доллартай эвээр биш хүчээр ярих болж мэдсэн тул доллар цаг хожин тултал ханшаа нэмж эхэллээ. Эдийн засгийн урсгалд том нөлөө үзүүлээд байгаа ам.долларын тухай шийдвэрийг мөнгөний бодлого барьдаг газар Монгол банк боловсруулж зарлах ёстой баймаар. Засгийн газар цаг үеийн нөхцөл байдлыг тооцон ийм шийдвэр гаргалаа ч үүнийгээ сүржин зарлаж ханшид нөлөөхуйц эрсдэлтэй мэдэгдлийг хамаагүй хийх учиргүй.
Ханшаар тоглож бэлэн мөнгө хүүлж байгаа хүмүүсийн тоо одоо зөвхөн ченжүүдээр хязгаарлагдахгүй. Мэдээлэл сайтай, гар дээрээ бэлэн мөнгөтэй байгаа бүхэн ханшийн зөрүүнээс мөнгө олохоор ченжийн цүнхэнд мөнгөө нийлүүлж байгаа гэж ярьж байна. 4 хоногийн өмнө 2395 төгрөг байсан гэж бодвол өнөөдөр 2600 гэж ярьж байна. Бэлэн 10 мянгаар ченжтэй нийлсэн сайн дурын ченж дөрөв хоногт 3 сая төгрөгөөр мөнгөө өсгөчихсөн болж таарч байна.
Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар сүртэй зарласан ханшийн эсрэг арга хэмжээ авах мэдэгдэл ханшид нөлөөлөөгүй гэхэд үгүйсгэх аргагүй.
Хэдэн эдийн засачид зурагтаар шоудаж гадаадад хөрөнгө оруулалт , бодлого ярьж цэцэрхэж байх хооронд ам.доллараар ченжүүд дураараа тоглож байна. Ард нь бүлэг хүмүүс, санхүүгийн тоглогчид байна уу гэж хардахаар байна. Ханш ярихаар долларын нийлүүлэлт хөрөнгө оруулалт гэж дежурын яриагаа одоо болимоор. Сууриар нь өөрчлөх хэрэгтэй болсныг Засаг төр хармаар.
Хагас зах зээлийн эдийн засагт шилжиж, сонгуулийн айдсаар суурь үнийг хүчээр хатуу барьж, үнэ тогтворжуулах нэрээр асар их мөнгийг зах зээлд нийлүүлж байгаа гажгаа яаралтай засахгүй бол Б.Чойжилсүрэн сайд байтугай энэ засаг, МАН тэр чигээрээ огцроод ч ам.долларын гараас бид гарахгүй болжээ.
Мэдээж энэ өөрчлөлтөд улс төрийн шийдвэр эв нэгдэл, цаг хугацаа хэрэгтэй. Харин наана нь түр зуурын хатуу арга хэмжээ авах нэрээр шуугиан үүсгэж ханшийн савлагааг хөөргөгдөхгүй байхад төр өөрөө анхаармаар. Одоо нэгэнт ам.долларыг Засаг атгана гээд шуугиан тарчихлаа. Арга хэмжээгээ даруй авцгаана уу. Ам.доллар өдрөөр биш цагаар чангарч байна.
Д.БАЯР